Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛХАЖ СУРАХААСАА ӨМНӨ МӨЛХӨЖ СУР

 Пруссийн хаан Фридрих II (1740-1772) өөрийгөө хаан гэхээсээ илүүтэй “Төр улсын нэгдүгээр зарц, боол” хэмээн тодорхойлдог, яг тийм байр сууринаас засагладаг байсан учраас ард түмэндээ хүндлэгдсэн нэгэн байж, Агуу Фрид рих хэмээн алдаршин түүхэнд мөнхөрсөн байдаг. Тэгвэл “Би бол-Төр” хэмээн эрээ цээргүй тунхаглан, ард түмнийхээ хөрөнгө мөнгийг ордны хээнцэр тансаг амьдрал, зугаа цэнгэл, эцэс төгсгөлгүй дайн дажинд үрж барагдуулсан Францын хаан XVI Людовик хамгийн ёс суртахуунгүй нэгний жишээ болон түүхэнд нэрээ үлдээсэн буюу. Улс төрд орж, төр түшилцэхийг тэчъяадан мөрөөдөх хэн боловч эхлээд өөрийгөө төр улс, түмэн олны төлөө зүтгэх зарц, боол гэж ухамсарласан байх ёстойн тухай энд өгүүлэх гэсэн юм. Өөрсдийгөө бараг төр гээд ойлгочихсон яваа манай өнөөгийн эрх баригчдийн аяг лалыг 300 шахам жилийн өмнөх Агуу Фрид рихийн үзэл бодолтой харь цуулах аваас төр жолоодох ойлголтын тухайд ямар том ялгаатай болох нь тов тодорхой харагдана.

Монголд өнөөдөр борви нь гүйцэд тэнийгээгүй бяцхан охид, хөвгүүд хүртэл УИХ-д нэр дэвшихийг мөрөөдөх болж. Төр түшилцэнэ гэдэг тоглоом биш шүү дээ. Эхлээд биеэ, тэгээд гэрээ, эцэст нь төрөө засах ёстой гэдэг. Гэтэл эд хөрөнгө, мөнгө төгрөг хуримтлуулснаа биеэ хийгээд гэрээ засчихлаа гэж ойлгосон “нялх Сэнгүмүүд” олширч, одоо тэгээд улстөрд санаархах болсныг МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо (НАМЗХ), Зүүний хүчний холбооны (ЗХХ) баахан мөнгөнд сагасан бацаануудын “том” мөрөөдлөөс гадна албан тушаалаа баяжих хөлжихөд ашиглаж, авлига, хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн төрийн албаны түшмэд олноороо УИХын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх гэж байгаагаас харж болно. Дур эзнээ голдоггүй хойно, хэн ч нэрээ дэвшүүлж болох хэдий ч УИХ-ын гишүүний сууд лыг төр, түмэн олонд үйлч лэгч, зарц боолын биш эрх ямба, тансаглалынх гэж ойлгоод үүний төлөөнөө л үхэн хатан тэмүүлцгээж байгаа нь харамсалтай.

Төрийг хөөргөн сэтгэл, хэтэвчний зузаанаар биш үлгэр жишээ зан авир, мэдлэг, туршлага, ёс суртахууны нэр хүндээр засагладаг. Өнөөгийн “нялх Сэнгүмүүдэд” хамгийн гол нь энэ бүхнийг ухаарах ядаж л ёс суртахууны эрхэм чанар байдаг болов уу. Сонгуулийн шинэ хуулийн дагуу УИХ-д нэр дэвшихийг хүссэн төрийн алба хаагчид түрүүчээсээ өргөдлөө өгөн албанаасаа чөлөөлөгдөж эхэллээ. Монгол Улс эрчимтэй хөгжлийнхээ гараан дээр гарч ирж буй энэ цаг үед төр, түмний төлөө үнэнч боол лугаа зүтгэх тийм нэгэн үнэхээр үгүйлэгдэж байгааг эл эрхмүүд анзаарсан байгаасай. Өмнөх хийгээд өнөөгийн парламентын гишүүдийн нэр хүнд, ард олонд үнэлэгдэх үнэлэмж тун тааруу явж ирсний учир ямагт ам, ажил нь зөрж, сонгуулийн маргаашаас эхлээд ард түмнийг боол, өөрсдийгөө эзэн суусан мэт эндүүрч төөрөлддөгт оршдог болов уу гэж боддог.

Өнгөрсөн он жилүүдэд ард түмний итгэл сэтгэлийг тэдний олонхи мөн ч хугалсан даа. Хүмүүний сэтгэл зүрхийг эзэмдсэн, бусдыг араасаа дагуулсан лидер, тийм улстөрч Монголд үнэхээр алга. Өнөөгийн улстөрч, төрийн зүтгэлтнүүдэд хамгийн дутагдаж, үгүйлэгдэж байгаа чанар бол жирийн олонд үлгэр болохуйц цэвэр тунгалаг ёс суртахуун. Хууль тогтоогч, төр түшилцэгч эрхмүүдийн ёс сур тахуун бохир болохоор авлига, хээл хахууль улам цэцэглэн бэхжиж, хүнд суртал дэлгэрэн, хууль гууль болж ардчилал, шударга ёсны зарчим алдагдан, улс орон, ард түмний аж амьдрал сайн сайхны гольдрилд үл орох бөлгөө. “Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур” хэмээх хэлц үг бий.

Амны живэр нь ч цухуйгаагүй атлаа их улстөрд санаархагчдад эл үг зохих буюу. Манж Чин улсын сүр хүчийг бадруулсан хүчирхэг хаан Канси насан эцэслэхийнхээ өмнө гаргасан зарлигийн бичиг эл өгүүллийн эхэнд дурдсан Их Фридрихийн “Би бол төр улсын төлөө зүтгэх ёстой зарц, боол” гэдэгтэй утга нэг санагддаг… Канси хааны зарлигийн бичигт “…Би хаан сууснаас хойш улс түмнийхээ сүр хүчийг цогцлоохын төлөөнөө энэ биеэ огоорон тэмцлээ. Бүх хүмүүнийг нийтэд нь сайн сайхан болгож хараахан чадаагүй ч гэсэн миний бие урсан өнгөрч буй он жилүүдэд амарч тарвалзах, алхайж дэмий суухын аль алийг тэвчиж, байнга чармайн нөр их хөдөлмөрлөж иржээ. Он жилийн уртад өдөр хоногийг алгасалгүй цээжний махаа барсаар ирэв.

Цэргийг сайтар засаж дайсан этгээдийг ялан дийлж явлаа. Гэвч би хүний амийг хэзээ ч дэмий хөнөөж байсангүй. Аян дайн хийгээд өлсгөлөн зовлон тохиолдохоос бусад цагт улсын сан хөмрөгөөс мөнгө зоос авч байсан удаагүй. Мөнг ө хөрөнгө бол ард түмний өмч хэмээн мэдэх учир ганц мөнгөн зоос ч дэмий үрж байгаагүй… Миний чин сэтгэлийн өчлийг та бүхэн санан дурсаж байгаасай гэдгийг би хүсч байна…” гэсэн байдаг. Үүн лүгээ адил ард түмний төлөөнөө гэсэн чинхүү сэтгэлтэй төрд зүтгэж чадах монгол хүмүүн энэ сонгуулиар олноор гарч ирээсэй билээ хэмээн хүснэм. Хүн хөл дээрээ тэнцэж алхахын тулд эхлээд мөлхөж сурдаг биш бил үү. Тэр тусмаа их улстөрд хөл тавьж алхахыг хүсэгчид юуны өмн ө мөлхөж сурсан уу гэдгээ эргэцүүлээд нэг тунгаах нь гэмгүй биз ээ.

Ш.ДАВААДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.