Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алдыг нь аваад, дэлэм дээр нь гэгч болох вий

Хөл хорионы улмаас түр хугацаанд хаагдсан урлагийн тоглолтууд эхлэх гэж байна. Түрүүчийнх нь энэ сарын 4-нд болно. УДЭТ-т Л.Толстойн зохиол “Анна Каренина” сонгодог жүжгийг 4-8-нд тоглох нь. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 7, 8-нд өдөрт хоёр удаа, хооронд нь таван цагийн зайтай үзүүлэх аж. Жүжиг хоёр цаг орчим үргэлжилдэг тул дараагийн үзэгчдийг, түрүүчийн хүмүүс гарснаас үндсэндээ хоёр цаг хагасын дараа оруулна. Энэ хугацаанд танхимын агаарыг сэлгэж амжих уу.

Хошин урлагийн “Эмоци” продакшн уран бүтээлээсээ дээжилсэн хөтөлбөрөө Соёлын төв өргөөнд мөн энэ сарын 4-нөөс 28 хүртэл өдөр бүр толилуулах гэнэ. “Альфа” театр И.В.Гётегийн зохиол “Фауст” жүжгийг “Корпорейт” зочид буудлын концертын танхимд энэ сарын 5-8-нд тоглоно хэмээн зар түгээв. Тэд үзэгчдээ “Ковид-19”-ийн үеийн ертөнцөд тавтай морил” хэмээн урин дуудаж байна. VIP суудалтай, ширээ захиалах ч боломжтой.

Ардын дууч Д.Бурмаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Уянгалаг” хэмээн нэрийдсэн концертоо Соёлын төв өргөөнд 7, 8-нд хийнэ. Эстрадын ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо МҮЭСТО-д мөн дээрх өдрүүдэд хийх ажээ. Одоогоор нийслэлд ийм таван зар байна. Танхимын 50 хувийг үзэгчээр дүүргэнэ гэсэн тооцоотойгоор тасалбарыг худалдаж эхэлжээ. Энэ нь үзэгчдийг суудал алгасуулж суулгана гэсэн үг бөгөөд хүн хооронд нэг метр хүрэхтэй, үгүйтэй зайтай байх юм.

УДЭТ-аас үзэгчдэдээ хандаж “Үзвэр үзэхээр ирэхдээ амны хаалт зүүсэн байна. Ханиалгасан, эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш бол үзвэрийн танхим руу нэвтрүүлэхгүй. Театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирнэ үү. Үзвэр эхлэхээс нэг цагийн өмнө ирж, гадуур хувцсаа өлгүүлэн, хоорондын зай баримтлан, зөвшөөрсөн сандал дээр сууна уу” гэсэн санамж илгээжээ. Ёслолын хувцас гэдэг нь тухайн арга хэмжээнд тохируулсан байхыг хэлж байгаа болов уу. Сонгодог жүжиг үзэхээр ирэхдээ уур амьсгалд зохицсон байдлаар хувцаслахыг сануулснаар бол амны хаалттай гоё хослолтой залуус, дэгжин даашинзтай эмэгтэйчүүд үзэгчдийн танхимд морилох бололтой юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр нийслэлд тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуйн нэгж, байгууллагуудын 95 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Үүний дагуу театр, соёлын орднууд зохих байгууллагын хяналт, шалгалтын дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ юм. Нэгэнт “дээд газар” зөвшөөрсөн болохоор урлагийнханд буруу өгөх юм алга. Харин УОК, Засгийн газар бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлүүлээгүй, зөвшөөрөхгүй байгаа хэрнээ концертын танхимд олноор цуглуулж болно гэсэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. Жишээ нь, “UB palace”-ын үзэгчдийн танхимын 50 хувийг дүүргэхээр 1500 хүн оруулах нь бүрэн хүчин чадлын 3000-аас хэр их ялгаатай бол. Агаар нь адилхан л олон хүний амьсгалаар бохирдож, бичил биет тархах, үржих таатай орчин бүрдэх бус уу. Шийдвэр гаргагсад энэ тухайд ямар стандартыг баримталж, туршлагад тулгуурласан юм бол. Уншиж, судалснаар бол концертын танхимын суудлын дөрөвний нэг орчмыг, арга ядвал гуравны нэгийг үзэгчтэй байлгах нь аюул багатай гэсэн дүгнэлтийг Барууны орнууд баримталж буй юм билээ. Тухайлбал, ХБНГУ-д Фраунгофер, Генрих Герцийн институтийн гаргасан зөвлөмжийг мөрдөж буй. Эрдэм шинжилгээний тус хүрээлэн Холбооны байгаль орчны агентлагтайгаа хамтран Дортмунд хотын “Концерт хаус”-т нүүрсхүчлийн болон даралтын хүчээр цацруулах хийн орон зайн тархалтыг, эдгээрээр хиймэл хүнийг амьсгалуулах замаар судалсны үндсэн дээр зөвлөмж гаргажээ. Театр, хөгжмийн танхим, соёлын ордны танхимын дөрөвний нэгийг үзэгчтэй байлгана. Үзэгчдийг шатрын хөлгийн морины нүүдлийн дагуу суулгана. Тэгвэл нэг эгнээн дэх хоёр хүний хооронд гурван суудал эзгүй байх юм. Мөн эгнээ хооронд хоёр хүний зай 1.5-2 метр болно. Гэтэл манайд хааш хаашаа нэг метр хүрэхгүй зайд суух нь.

…Төр, засаг арга хэмжээ сайн авсан. Шийдвэртэй алхмууд хийж байсан. Үүн шигээ төгсгөл хэсгийг сайтар зохион байгуулж, багахан хугацаанд хашихын оронд ийнхүү зөнд нь хаях мэт энд тэндгүй хүний бөөгнөрөл үүсгэх гэж байгаа нь ардын цэцэн үгэнд байдаг алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр амаа барихад багадах аюулыг даллахтай агаар нэг бус уу…

Дээр дурдсанчлан бүх шатны сургуулийн хичээлийг эхлүүлээгүй байж концертын танхимуудыг нээх болсон нь Засгийн газар, УОК-ын өнөөг хүртэл баримталж ирсэн зарчим, мөрдөж ажилласан журамтай нь зөрчилдөж байна бус уу. Төрийн эдгээр байгууллага ядаж хичээл эхлүүлтлээ, мөн хийж эхэлсэн вакцин үр дүнгээ өгч эхлэх хүртэл тэвчиж болоогүй юм байх даа. Юунд яарав. Олон нийтийн хүслийг биелүүлж, эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж, бужигнахыг зөвшөөрч байгаа хэрэг үү. Ард түмэнд таалагдах, санаа бодлыг нь өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэсэн оролдлого уу, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгаануудын нэг нь үү гэж хардахаар байгаа юм.

Ингэж хэлж буйг эсэргүүцэх хүн гарах байх. Итали, Францыг хар, урлагийн тоглолтууд болоод л байна гэх болов уу. Эдгээр улсад дуурь, балет хүртэл тоглож байна. Гэхдээ халдвар илэрсэн даруйд хаалгаа барьж, уран бүтээлчдийг тусгаарлаж байгаа. Иргэдийг, өөрөөр хэлбэл, үзэгчдийн асуудал театрт хамаагүй. Тэднийг ерөөс эмнэлэгт хэвтүүлэх нь ч ховор болсон. Гэрт нь тусгаарлаад утсаар зөвлөгөө өгч байна. Манай улс ч гэсэн ийм зарчим баримталъя гэж шийдсэн байж болох юм. Гэхдээ ялгаатай нь бид цөөхүүл. Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн. Өдөр бүр шинэ тохиолдол 30-40, заримдаа 50 гаруй бүртгэгдэж буй энэ үед урлагийн тоглолтуудыг тэвчиж болохоор санагдах юм. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллагууд үүдээ дангинатал түгжээд, уран бүтээлчдээ оруулахгүй бай гэсэн үг биш юм. Хөгжмийн театр, чуулгууд, филармони бол хөгжимчин, дуучин, бүжигчдийн хувийн бэлтгэлийн чанарт тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс уран бүтээлчид ээлжилж ирж, сургуулилалт хийж болно шүү дээ. Тэр ч бүү хэл, хоорондын зай бариад жүжиг, тоглолтын нэгдсэн бэлтгэл ч хийж болно. Дэлхийн театрууд ингэж л ажиллаж байна. Үүний сацуу тоглолтоо цахимаар хийх болсон. Гэтэл манайд л нэг бол таг хаалттай. Үгүй бол бүрмөсөн нээчихээд, амны хаалтаа зүүж ирээд тоглолт үз гэх юм.

Магадгүй зарим нь хойд хөршийг хар, Кремлийн ордондоо бүгд зэрэгцэж суугаад Г.Ариунбаатарын дуулахыг сонсож, алга ташиж сууна гэх байх. Тус улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс үндсэндээ онц байдалд буй. Вирусийн халдвараас илүүтэй олон нийтийн замбараагүй байдал аюул тарих нь хэмээн үзээд, соёл, урлагийн бүхий л байгууллага, музей, галерейгаа нээсэн. Цар тахлын халдвар авах, гэр бүлээ “баллах”, эсэхийг хувь хүн өөрөө шийд гэх лүгээ адил зөнд нь орхисон. Энэ нь улс, үндэстний аюулгүй байдлын үүднээс, үймээн, самуун зүг чиггүй дэгдэхээс сэргийлж, төрийн хар хайрцгийн бодлогын хүрээнд авсан арга хэмжээ. Оросын болон гадаадын мэдээллийн агентлагуудын тоймчдын дүгнэлт ийм байна. Харин манайх бол цар тахал үгүй юм шигээр арван сар налайсан, хоёр л сар хөлөө “тушуулсан”. Төр, засаг арга хэмжээ сайн авсан. Шийдвэртэй алхмууд хийж байсан. Үүн шигээ төгсгөл хэсгийг сайтар зохион байгуулж, багахан хугацаанд хашихын оронд ийнхүү зөнд нь хаях мэт энд тэндгүй хүний бөөгнөрөл үүсгэх гэж байгаа нь ардын цэцэн үгэнд байдаг алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр амаа барихад багадах аюулыг даллахтай агаар нэг бус уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.