Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛДАЖ БОЛОМГҮЙ ГОЁ АГШИН, ХАЙР ТАТАМ ХҮҮХДИЙН ТӨРХ

Будаггүй, худал хуурмаг баггүй хамгийн үнэн, хамгийн цэвэр тунгалаг ертөнц зөвхөн хүүхдийнх л байдаг. Тиймдээ ч эгэл, үнэн, бас өхөөрдөм энхрий ийм дүр зураг сэтгэлд тодоос тод хоногшин үлддэг биз ээ. Хайр татам бяцхан нөхөд түүний зургийн гол баатрууд. Зураачийн бийрийн үзүүрт торж үлдэх шалтгаан, магадгүй уран бүтээлийнх нь гол амин судас нь энэ гэгээн ертөнцийн толь байдагтай ч холбоотой байж мэднэ. Зураач Б.Хонгорзулын урланд зочилсон юм. “Бор шувуунууд”-аа гүйцээж амжилгүй шинэ онтой золгоод байна гэсээр тэр угтсан.

Урт модон сандал дээр эгнэн суугаад шулганалдаж буй жаалуудыг дүрсэлсэн тэрхүү бүтээлээ эхлүүлэх гэж их удаан бодсон гэнэ. Харахад өхөөрдмөөр юм, бас их том зураг. Харин хараахан дуусгаж амжаагүй болохоор сонинд тэр зургаа тавихыг хүссэнгүй. Ер нь зураач нарын урлан хамгийн сонирхолтой ажлын өрөө санагддаг. Хананд өлгөөтэй, эгнүүлэн хураасан зураг болгон өөрийн түүхтэй. Бийр янтай, будаг шунх, ширээн дээр өрсөн ном, цуглуулсан хадгалсан бүхэн нь өвөрмөц. Бас үүдээр нь ороход л анзаарагдам өөрийн гэсэн онцлог харагдах нь бий.

Хүүхдийн зургуудаас гадна хөрөг түүний бүтээлд нэлээд томоохон байр эзэлнэ. Байгалийн сэдэвт, мөн хийсвэр сэт гэлгээний зураг ч цөөнгүй. Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Хонгорзул 1990 онд ДУДС, 1995 онд Бээжинд уран зургийн академи төгсжээ. Дүрслэх урлагийн гал тогоонд бараг хориод жил “чанагдсан” түүний бүтээлийг “Хонгорзулынх” гэж хараад л төвөггүй таньдаг хүн уран зураг сонирхогчид дунд цөөнгүй бий. Таны харж буй “Талын жаалууд” хэмээх зураг өдгөө Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Түүнтэй уран бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

-Таны бүтээлийн гол баатар нь ихэвчлэн хүүхэд байдаг. Яагаад хүүхэд зурах дуртай вэ?

-Өөрт хамгийн ойр байдаг зүйлээ л хүн зурдаг. Цэцгэнд жигтэйхэн дуртай хүн цэцэг харж таашаал авдаг. Тэгвэл тэр хүн цэцгээ л зурна биз дээ. Хүүхдүүд нь хурдан том болчихдогийг хүмүүс төдийлэн анзаардаггүй юм шиг ээ. Бага байхад нь өхөөрдөж байгаад том болохоор нь мартчихдаг. Бүүр сүүлд эргээд дурсахаар их гоё. Уг нь болж өгвөл тийм үед нь зурвал. Хараад л хайр татмаар гоё агшин зөндөө бий.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурав. Хоёр хүү, нэг охинтой. Одоо том нь 16-тай, бага нь наймтай болчихож байна уу даа.

-Танай хүүхдүүдийн царай төрх бүтээлээс чинь харагдаад байна гэж хүмүүс хэлдэг үү?

-Хүний хараанд тогтсон нэг төрх байдаг. Түүнийгээ л төсөөлдөг шиг байгаа юм. Адилхан болдог байж магадгүй. Өөрийнхөө хүүхдүүдийг зурсан нь ч бий. Ах нь дүүгээ үүрээд зогсож байгаа зураг манай хоёр бага.

-Таны бүтээлүүд яг реалист гэхэд биш, яг ямар урсгал чиглэлийнх вэ?

-Би бол ер нь бодитой дүрслэлтэй хийсвэр зураг зурах дуртай. Тэгэхээр яг ямар чиглэл рүү орох юм. Яг реалист бол биш. Гэхдээ дүрсэлсэн зүйл нь бодитой, царай төрх, хуруу гар, хумс нь бөнжий гөөд л. Реалист гэдэг бол тухайн хүн, эд юмс төдийгүй орчин тойрны бүх зүйлс бодитой тусгагдсан байдаг. Миний бүтээл яг тийм биш. Гэхдээ зураач хүний ур чадвар хүнд харагдах ёстой. Мэдээж хэрэг аль болох гоё нарийн дүрслэл хийхийг хичээдэг.

-Зураач хүнд сайн бүтээл төрүүлэхэд авьяасаас гадна өөр юу чухал вэ? Таны зургуудыг ази хандлагатай гэх хүмүүс бий?

-Ер нь бол нэгдүгээрт авьяас. Авьяасгүй бол жигтэйхэн мундаг сургууль төгсөөд яах юм бэ. Нэг их айхавтар зурж шальдаггүй атлаа төгссөн сургуулийнхаа нэрээр бамбай бариад явдаг хүмүүс бий. Монголдоо сургууль төгссөн, эсвэл номын дуу огт сонсоогүй, хөдөөнөөс ирсэн “тасарчихсан” авьяастай хүн өчнөөн бий. Сургууль багш нарын нөлөө мэдээж байлгүй яах вэ. Бээжингийн Дүрслэх урла гийн төв академи Хятаддаа төдийгүй Азид хамгийн томд ордог. Түүнийг төгссөн болохоор мэдээж нөлөө байж таарна. Тэгээд ч таван жил бага биш хугацаа. Үзэж харах юм өөр. Хүмүүс хэлж л байдаг юм. Ерөнхийд өө жаахан ази хандлага байна гэж. Гэхдээ би Хятадын зураач нарыг дуурайгаад зурах юмсан, тэд нар мундаг шүү гэж боддоггүй. Цаанаасаа л сурсан дассан юм байдаг байх.

-Зураач хүний хамгийн том мөрөөдөл юу бол?

-Мэдээж хэрэг хэний ч хийгээгүйг хийчихье гэж бодохгүй. Гэхдээ давтахгүй, өөрийнхөө санаанд тултал хийсэн сайн уран бүтээл гаргах бодол зураач болгонд байдаг байх. Түүнээс биш Чингис хааныг зурах юмсан ч гэдэг юм уу, миний зураг Луврт тавигдаасай гэж мөрөөдөхг үй. Жижиг том нь ялгаагүй, тэр нь үнэхээр сайн болбол тэр чинь л кайф авчирна. Тийм учраас санаандаа 100 хувь хүрсэн, өөрөө өөрийгөө үнэлэх хэмжээнд хүртлээ тэгж зурж үзэх юмсан гэж боддог. Тэр болгон зураг бүхэн гоё болохгүй. Эхлээд төсөөлдөг л дөө. Нүдэндээ ийм зураг болох нь гэж зурагладаг. Зурсаар байтал заримдаа чадал хүрэхг үй. Цагт хавчигддаг ч юм уу, төсөөлж байсанд хүрдэггүй. Тэгэхээр жаахан гонсгор л доо.

-Тэгвэл таны санаанд хүрсэн ямар бүтээл байна?

-Цөөхөн хэдэн зураг бий. “Асрагч” гэдэг зургандаа би дуртай. Миний хүүхдүүдийг өсгөж өгсөн эгчийн хөрөг байгаа юм. Бас эрвээхэйтэй нэг зураг бий. Хүмүүс энэ зургийг янз бүрээр л тайлбарладаг юм. Зарим нь “Эрвээхэй ч гэсэн хүн шүү, хайрлах ёстой. Байгаль орчны яаманд аваачиж тавья” ч гэж байх шиг. Үнэндээ бол эмэгтэй хүний нас богино, ахархан. Юм хийе бүтээе гэж хэчнээн хүсээд ч чадахгүй болчих үе байдаг. Түүнийг харуулж байгаа гэх үү дээ.

-Хүмүүс таны бүтээлийг хэрхэн хү лээж авч байгааг та анхаардаг уу?

-Тэр чинь зураг болгон дээр өөр. Тухайн үед зураач янз бүрийн сэтгэл хөдлөлтэй, өөр цаг орчинд бодож боловсруулж байж зурна. Тэр нь л бууж байгаа юм. Түүнээс биш ерөнхийдөө миний бүтээлээс тийм зүйл олж анзаараасай гэдэг бол өөр асуудал. Заавал юм олж авахгүй байж болно, таалаг дах ч албагүй. Хамгийн гол нь тэр зураг хүнд хүрэх л ёстой. Зүгээр нэг гүйлгэж хараад “Сайхан зургууд байна” гээд гарч байвал нэг талаар гунигтай. Сайн муу ч ямарваа нэг бүтээл дээр хүний анхаарал төвлөрөөд тэр хүнд нэгийг бодогдуулж байгаа бол зорилго биеллээ гэсэн үг. Зарим хүн зураг үзчихээд маргааш нь ирээд “Шөнө унтдаггүй, нөгөө зураг чинь нүдэнд харагдаад болдоггүй ээ” гэдэг. Тэр бол хүнд хүрсний шинж.

-Та хөрөг зураг нэлээн зурдаг. Хараад хөргийг нь зурмаар санагдаад санал тавьж байсан хүн бий юү?

-Байгаа шүү. Батчимэг гээд балетчин охиныг бүр гуйж хөөцөлдөж байгаад зурж байсан. Нөхрөөрөө хүртэл хэлүүлсэн шүү. Өөрөө хүсэж зурна гэдэг гоё. Дараа нь тэр зургийг Батчимэгийн нөхөр аваад явсан. Их хөөрхөн, “Миний эхнэрийг өөр хүн хараад сууна гэхээр би тэвчиж чадахгүй байна. Та надад өгчих” гэсээр авсан.

-Дээр үеийн хувцастай энэ дөрвөн хүүхдийн зураг содон харагдаад байна?

-Нэлээн хэдэн жилийн өмнө манай нэг холын хамаатан, таньдаг эгч хар цагаан фото зургаа өгчихөөд юу ч хэлэлгүй зур гэсэн юм. Багынх нь зураг юм билээ. Нэг айлын хүүхдүүд. 1962 оны зураг гэсэн. Үүнийг зураад өгөөч гэж хүмүүс фото зураг авчирч өгдөг л дөө. Зурж амжилгүй тэр нь байгаад л байдаг. Харин үүнийг яагаад ч юм зурчихмаар санагдаад. Тэгээд нэлээн хэдэн үзэсгэлэнд тавьсан.

-Бямбасүрэн гуай, Гунгаасүх гуай хоёрын их сайхан хөрөг зуржээ?

– Хоёр аавыгаа 2007 онд Цагаан сараар дээлээ өмсөөд сууж байхад нь зурсан. Үүнийг худалдаж авъя гэж хүмүүс их санал тавьдаг. Ерөнхийлөгч Элбэгдорж хүртэл авъя гэж байсан. Үүнийг би хүүдээ зориулж зурсан, зарахгүй гэдэг. Хүүгээ тусдаа гарахад нь өгөх гэж байгаа юм. Ер нь зураг хүнээс урт настай. Хувцас хунар, эд хөрөнгө байхгүй болно. Бид мөнх биш. Юу үлдэх вэ, даавуун дээр зурсан халтар зураг л үлдэнэ.

Г.ОЮУНГЭРЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.