Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аймаг бүрт 230 сая төгрөг хуваарилахаар боллоо

Зудыг даван туулахад зориулж улсын төсвөөс 3.7 тэрбум төгрөг гаргах асуудлыг шийдэхээр Засгийн газраас Зөвшөөрөл олгох тухай тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийг өчигдөр УИХ эхний хэлэлцүүлгээр нь баталлаа. Энэ мөнгийг аймаг бүрт 230 сая төгрөгөөр тэгшигтгэн хуваарилах аж. Тогтоол батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Өлдсөн малд өвс, тэжээл авахад дээрх мөнгийг зориулах учиртай.
Байгалийн энэ гамшигт үзэгдлийг даван туулахад зориулж байгууллага, хувь хүмүүс хандив өгч буй. “Эрдэнэт” үйлдвэрээс өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүрт нь 50 сая төгрөг нутгийн зөвлөлөөр нь дамжуулан илгээсэн. Уг асуудлыг Н.Батбаяр гишүүн хөндөв. “Эрдэнэт бол улсын үйлдвэрийн газар. Ийм газар хандив өгөхийг хуулиар хориглодог. Гэтэл яагаад улсын үйлдвэрийн газраас хандив өгч, тэр тусмаа түүнийгээ нутгийн зөвлөл хэмээх төрийн бус байгууллагаар дамжуулдаг юм” хэмээн тэрбээр лавлалаа. Зуд далимдуулж дундаас нь луйвар хийж, хөрөнгө завшиж буй юм биш үү гэдэгт тэрбээр санаа зовжээ. Төрийн бус байгууллага төрийн мөнгийг хэрэгтэй газарт нь хүргэсэн эсэхэд хэн хяналт тавихыг ч лавлаж байсан юм.
Шадар сайд, Улсын онцгой комиссын тэргүүн М.Энхболд Нутгийн зөвлөлийнхөн зудаар далимдуулахгүй гэдэгт  итгэж буй аж. “Эрдэнэт”-ээс өгсөн 50 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг хянахаа ч тэр мэдэгдлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “1997 онд зуд болоход “Эрдэнэт”-ээс хандив авч байсан. Анх удаа биш шүү дээ. Хэрэв зуд далимдуулж хөрөнгө завшсан асуудал байвал хуулийн байгууллага шалгана” гэлээ. Улсын үйлдвэрийн газар хандив өгөхийг хориглосон тухайд тэрбээр ердөө л гараа савчаад хариулахаас бултав.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид зудад нэрвэгдсэн аймгуудын иргэдэд зориулж нэг өдрийн цалин болох 150 сая төгрөг хандивласан юм байна. Үүнийг Улсын онцгой комиссын хандивын санд оруулсан аж.  Харин үйлдвэрээс нь 650 сая төгрөг гаргасныг Нутгийн зөвлөлд шилжүүлжээ.
Өвөлжилт аймаг бүрт харилцан адилгүй байхад 230 сая төгрөг тэгшигтгэн хуваарилах нь буруу, тэгээд ч өвсний оронд мөнгө тарааснаар гол зарчмаасаа гажиж байна. Энэ чинь харин ч өвс, тэжээлийн үнийг улам хөөрөгдөнө  хэмээн Х.Наранхүү шүүмжиллээ. Н.Батбаяр дээрх мөнгийг аймгаар нь биш сумдаар дамжуулж малчдад хүргэх зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороон дээр гаргажээ. Тэрбээр “Архангай аймаг 19 сумтай. Үүний есөд нь АН ялсан. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө хуваарилахдаа АН ялсан сумдыг ялгаж, гурван сая, бусдад нь  30 сая төгрөг өгсөн байсан. Ингэж ялгаж болохгүй. Хэрэв дээрх мөнгийг аймгаар нь дамжуулж хуваарилбал ийм л юм болно. Тиймээс сумдаар нь дамжуулах санал гаргасан юм. Гэвч МАХН дэмжихгүй юм байна. Саналаа татлаа” гэлээ. Өөрөөр хэлбэл, мөнгийг аймаг бүрээр хуваарилах санал хэвээр батлагдлаа.

С.ТУУЛ ("Өнөөдөр" сонин)
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.