Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Айлчлалаар явсан Ерөнхий сайд арай дэндүү удлаа

“Аргалд явсан ижий минь та Арай дэндүү удлаа шүү дээ…” гэдэг шиг л юм болж байна. Айлчлалаар мордсон Ерөнхий сайд та Арай дэндүү удаж байна шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ээлжлэн, жил бүрийн есдүгээр сарын энэ өдрүүдэд НьюЙоркийг зорьдог уламжлал тогтсоор 10-аад оныг үджээ. Өнөө жил НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганд Ерөнхий сайд С.Батболд оролцов. Тэрбээр эх орноосоо хөлгийн жолоо залснаас хойш даруй 13 хонож буй ч далайн чанадаас эргэж ирэхийг нь хүлээвэл ахиад дөрөв, нийтдээ 17 хоног эзгүй байна.

С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр албан ёсны айлчлал хийхээр АНУ-аас Канадыг зорьсон бөгөөд аравдугаар сарын 2-нд Японы сүмогийн их аварга Асашёорюү Дагвадоржийн зодог тайлах ёслолд оролцох ажлаар Токио тийш мордоно. Дагваа хүү 3-нд “даахиа” үргээнэ. Ерөнхий сайд найранд нь оччихоод сая нэг эх орондоо хөл тавих юм. Засгийн газрын тэргүүн 17 хоног гадаад томилолтоор эзгүй байгаа тохиолдлыг С.Батболд анх удаа гүйцэтгэх засаглалын түүхэнд бичиж үлдээлээ. Буурай орны төр засгийн томчууд нэгэнт хилийн дээс алхсаных, аль болох олон ажил нугалахыг хичээдэг нь ойлгомжтой.

Манай Ерөнхий сайд энэ удаа “нэг сумаар” гурван “туулай” буудах гэсэндээ хагас сараас илүү хугацааг гадаадад өнгөрөөхөөр төлөвлөсөн бололтой. Гэвч айлчлалын сунжирсан хугацаа хийгээд уулзаж учирч яваа хүмүүсийнх нь байр байдлыг ажихад С.Батболд богино хугацаанд үр ашигтай ажиллах урьдчилсан төлөвлөгөө гаргаж чадаагүй нь илт. Ерөнхий сайд С.Батболд Нью-Йоркт энэ сарын 18-нд хүрэлцэн очсон бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы ажиллагаанд 20-ны даваа гаригаас эхлэн оролцжээ.

Ингэхдээ Бутаны вант улсын Ерөнхий сайд Жигмэ Ёсэр Тинлэний хүсэлтээр эртлэн очсон бололтой. Тийнхүү яаран уулзах хойшлуулшгүй, чухал шаардлагатай уулзалт ч байсангүй. Бутаны талтай дипломат шугамаар захидал солилцон байр сууриа нотлоход хангалттай энгийн асуудал хэлэлцэх гэж НҮБ-ын байрнаа хэдэн өдрийн өмнө гозойх хэрэг Монголын Ерөнхий сайдад гарсан нь гайхалтай. НҮБ-ын чуулганы хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын хичээнгүйлсэн нь сайшаалтай хоёр үйл явдал байсныг үгүйсгэх аргагүй.

Эхнийх нь энэ сарын 22-нд С.Батболд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд үг хэлсэн, хоёр дахь нь НҮБ-ын шийдвэрт хамгийн их нөлөөтэй Ерөнхий Ассамблейн Ерөнхий шүүмжлэлд 27- нд оролцож, санал бодлоо илэрхийлсэн явдал. Үүнээс харахад 22-27-ны хооронд НҮБ-ын чуулганы хүрээнд амжуулбал зохих ажлаа урьдчилан төлөвлөж болох байсан мэт. Дээр дурдсан Бутаны Ерөнхий сайдаас гадна Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, АНУын Ерөнхийлөгч асан Билл Клинтон нартай уулзах нь Нью-Йоркийн тансаг буудалд дөрөв хоногийн өмнө очиж буух шалтгаан болжээ. Билл одоо Америкийн улс төрд хэн ч билээ.

Эксүүдтэй уулзлаа гээд Монголд ямар ашигтай ч юм. Энэ долоо хоногийн ажлын таван өдрийн турш Ерөнхий сайд С.Батболдын Канад улсад хийх албан ёсны айлчлал үргэлжлэх бөгөөд нэг улсад төлөвлөсөн гэхэд баахан сунжирсан хөтөлбөр аж. Арай энэ сарын 3-нд уригдсан үсний найрынхаа товыг тааруулж Канад гэдэг айлд тав хоног “гүрийгээгүй” биз? Канадад хийх айлчлалын хүрээнд хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг ажил хэрэгч хөтөлбөр олон хэдий ч тэнд тав хононо гэхэд урьсан хийгээд уригдсан талд хүндрэлтэй л болов уу.

Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа албаны хүмүүсийнхээ хамт Асашёорюүгийн зодог тайлах ёслолд очихоор 2-нд Японыг зорино. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн С.Батболдыг 17 хоног дагасны хэрэг тэнд л гарах байх. Ахмад уяачийн хувьд шинэхэн уяач дүүгийн “даахинд” гар хүрэх учиртай байж мэднэ.

Айлчлалаар мордсон Ерөнхий сайд та арай дэндүү удаж байна шүү. Ард хоцорсон ажил хэрэг тань 17 хоног хүлээж цалгардлаа.

Б.Энхцэцэг

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.