Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Айлд архидсан найзууд нэгнийхээ аминд хүрэв

Нийслэлийн Баянгол дүүргийн VII хорооны 30 дугаар байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр тус байрны сантехникийн өрөөнд уг хэрэг гарсан бөгөөд түрээслэгч Б бусдын гарт амиа алдсан байна. Хэрэг энэ сарын 28-ны 10.50 цагийн орчимд гарчээ. Талийгаачийн цогцост хийсэн үзлэгээр хүн танихын аргагүй болтол зодсон, гар, нуруу, цээжинд нь олон тооны шарх байсан аж. Хэргийн газрын үзлэгээр гэрээс нь архины шил, талийгаачийг хөнөөсөн болов уу гэмээр төмөр багаж олджээ.

Бид энэ мэдээллийн дагуу хэрцгий аллага гарсан 30 дугаар байранд очсон юм. Тус байрны III орцонд энэ хэрэг гарсан бөгөөд орцоор ормогц хаалганы өөдөөс харсан шар хаалгатай өрөө байв. Өрөө цоожтой, цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийгээд явснаас хойш энд амьдарч байсан хүн өөр тийшээ нүүсэн гэж хажуугийн хаалганы хүмүүс хэллээ. Орцны жижүүр эмэгтэйтэй уулзахад “Энэ өрөөг хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн нэг өвгөн түрээсэлж суудаг юм. Түүн дээр хүү нь ч юм уу, дүү нь ч юм уу маш хэрцгий зантай, 30 гаруй насны залуу үе үе ирдэг. Талийгаач манай байрны хүн биш, би харж байгаагүй юм билээ.

Цагдаагийнханд дуудлага өгөөд байхад ирэхгүй нэлээд удсан” гээд өөр зүйл ярихыг хүссэнгүй. Уг орцны өөр нэгэн иргэн “Энэ сарын 28-ны үүрийн 04.45 цагийн үед сантехникийн өрөө рүү түрээс лэгчийн садан төрөл болов уу гэмээр залуу орохыг харсан. Түүнээс хойш удалгүй хүмүүс чанга чанга дуугарч маргалдаж байсан. Тэгснээ удалгүй ямар нэг зүйл шидэж байгаа бололтой дуу чимээ гарч эхэлсэн.

Энэ үед бид цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирэхгүй маш удсан. Тэгсхийгээд чимээ намдаж хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиад л хэрүүл шуугиан болж байгаа чимээ гарсан. 06.00 цагийн үед уг залуу гараад явсан. Тухайн үед л хэрэг бишдэж байсан юм шиг байна лээ. Тэр залуу их ширүүн зантай, нэг удаа архи ууж, өвгөнийг зодоод байхаар нь орцны жижүүр эмэгтэй цагдаа дуудсан юм билээ. Тухайн үед цагдаа нар ирж түүнийг эрүүлжүүлэхэд аваачсан.

Дараа нь гарч ирээд орцны жижүүр эмэгтэйг “Чамайг алаад шоронд суухад би амархан гараад ирнэ. Дахиад цаг даа дуудах юм бол ална шүү” гэж дарамталсан байсан. Түүнээс хойш орцны жижүүр эмэгтэй тэр залуугаас их айдаг болсон гэсэн. Дуудлага өгсөн даруйд цагдаа нар ирсэн бол хүний амь үрэгдэхгүй байсан болов уу” гэж- ярилаа.. Талийгаач хэрэг үйлдсэн Бтай найз байжээ. Тэр шөнө хоёр найз өвгөнийд ирж архи уужээ. Сэжигтэн Б өвгөнд агсам тавьж, сандал авч чулуудаад байсан гэнэ.

Тэгэхэд нь талийгаач өвгөнийг өмөөрч, найзтайгаа маргалдан улмаар зодолдсоноор уг хэрэг гарсан аж. Гэмт хэрэгтэн Б нь барилгын туслах ажил хийдэг, саяхан гэр бүлтэй болж Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошуунд амьдрах болсон нэгэн гэнэ. Тэрбээр гэмт хэрэг үйлдчихээд хэргийн газраас зугтан Баянхошуунд нуугдаж байхад нь цагдаагийнхан баривчилсан аж. Сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэллээ.



0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.