Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АИ-92 шатахууны үнийг онилсон тактик

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард WTI маркийн нефтийн ханш түүхэндээ анх удаа хасах руу орж байв. Тэгвэл энэ он гарснаас хойш “Brent” болон WTI маркийн нефтийн ханш 20 гаруй хувиар өслөө. Газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-д эдийн засгаа дэмжих 1.9 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг ирэх баасан гарагт гаргах магадлалтай, улс орнууд иргэдээ вакцинжуулж эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засаг нь сэргэх төлөвтэй, үйлдвэрлэгчид олборлолтоо бууруулахаа мэдэгдсэн зэрэг нь “хар алт”-ны ханшид эергээр нөлөөлж буйг шинжээчид тодотгож байна. Мөн АНУ-ын зарим мужийг хүчтэй цасан шуурга дайрснаас шалтгаалж газрын тосны үйлдвэрлэл нь ихээхэн багассан тул WTI маркийн баррель нефтийн үнэ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анх удаа 60 ам.доллар давсан билээ. Түүнчлэн “Brent” төрлийн нефтийн ханш 63 “ногоон”-д хүрсэн юм. Тус улс олборлолтынх нь 40 хувь ногддог Техас муж улс дахь үйлдвэрлэлээ сэргээхээр ажиллаж эхэлсэн ч хэдэн долоо хоног үргэлжилж магадгүйг “Reuters” дамжуулав. “Хар алт”-ны үнэ үргэлжлэн өсвөл уг бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн нэгдүгээр сард “Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг нэмэхгүй, тогтвортой байлгахаар импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай ярилцаж байгаа. Үнийг тодорхой хугацаанд тогтвортой байлгана” хэмээн мэдэгдэж байв. Монгол Улсад борлуулах шатахууны үнэд дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны болон ам.долларын ханш, хилийн үнэ шууд нөлөөлдөг. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хилийн үнэ өмнөх сард тонн тутамдаа 59 ам.доллароор нэмэгдэн, 475-д хүрсэн. Тэгвэл энэ сард дээрх тоо 531 “ногоон” болжээ. Өмнөх жилийн арванхоёрдугаар сард 416 ам.доллар байсантай харьцуулахад ийн өсжээ. Тухайн сард хилийн үнэ хэд байхыг өмнөх сарынх нь 25-наас хойш мэдэгддэг. Сингапурын биржид арилжиж байгаа “Brent” маркийн баррель нефтийн ханшийн сарын дунджийг тооцон, “Роснефть” компани манайд нийлүүлэх шатахууныхаа хилийн үнийг гаргадаг аж. Тэгэхээр гуравдугаар сард шатахууны хилийн үнэ хэдэн ам.доллар байхыг одоогоор хэлэх боломжгүй. Дэлхийн зах зээлийн ойрын төлөвийг тандвал дээрх тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Цаашид газрын тосны ханш хэрхэн өөрчлөгдөх талаар АМГТГ-ын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад “ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн зарим гишүүн орон олборлолтын хэмжээг тохирох асуудлаар хоорондоо маргаантай байгаа. Удахгүй болох тус байгууллагын хурлын үеэр шийдвэр гаргах болов уу. БНХАУ газрын тосны нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн.

Нөгөөтээгүүр, улс орнууд вакцинжуулалт хийж байгаатай холбоотойгоор хэвийн амьдралд эргэн орж, газрын тосны ханш өсөх магадлалтай. Ер нь газрын тосны үнэ цаашид хэрхэх нь гуравдугаар сарын дундуур тодорхой болох байх. Дотоодын зах зээлд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад бид анхаарч байна. Импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж байгаа” хэмээн ярилаа. Тэд эхний хоёр улиралд дотоодын зах зээлд АИ-92 шатахууны үнийг нэмэхгүй байхыг зорин ажиллаж буй юм байна. Манай улс өмнөх сарын 26-ны байдлаар АИ-92 автобензиний 38 хоногийн нөөцтэй байжээ. Энэ нь өнгөрсөн 11, 12 дугаар сард хилийн үнэ 400 гаруй ам.доллар байхад авсан бүтээгдэхүүн гэсэн үг. Уг нөөц болон сүүлд нэмэгдсэн үнээр импортолсон бүтээгдэхүүний ханшийг дунджаар тооцон хэрэглэгчдэд борлуулж байгаа юм. Цар тахлаас шалтгаалж иргэдийн орлого буурсныг харгалзан стратегийн гэх тодотголтой газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, тэр дундаа өргөн хэрэглээний дээрх шатахууны ханшийг аль болох нэмэхгүйн тулд одоогийнхоос арай хямд үнэтэй байхад нь авсан нөөцөө “гаргаж ирж” буй хэрэг.

АМГТГ-ынхан сүүлийн дөрвөн жилийн шатахууны үнийн судалгааг өмнөх онд хийжээ. Тэгэхдээ цар тахал дэгдсэнээс шалтгаалж ханш нь ихээхэн хэлбэлзсэн 2020 оныг “орхисон” аж. 2016-2019 оны шатахууны үнийг судлахад Монгол Улсад АИ-92 автобензиний тонн тутмынх нь хилийн үнэ дунджаар 620 ам.доллар байжээ. Тэгвэл зах зээлд “Brent” төрлийн нефтийн ханш 61.8 “ногоон”-той дүйж байсан гэнэ. АНУ, Австралийн биржид газрын тосны үнэ өсөж, буурахад хэрэглэгчдэд худалдах ханш нь дагаад шууд нэмэгдэж, хямдардаг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч дээшилж, доошилдог. Гэтэл манайд ийм биш гэдгийг дээрх судалгаагаар дүгнэжээ. Дотоодын зах зээлд газрын тосны үнэ өмнөх онд 30 гаруй хувиар буурсан ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ханш дагаж хямдраагүй учраас ийн хэлсэн хэрэг. 2020 оны нэгдүгээр сарын 30-нд АИ-92 автобензин нэг литр нь 1830 төгрөгийн үнэтэй байжээ. Тэгвэл тавдугаар сард аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахдаа дээрх дүнг 1320-1420 төгрөгөөр тогтоож байв.

Тухайн үед зарим компани АИ-92 шатахууныг литрийг нь 1400 төгрөгөөр зарж, 50 төгрөг буцаан олгож байсан гэхээр 1350-иар борлуулсан гэсэн үг. Литрийг нь 1830 төгрөгөөр худалдаж байсантай харьцуулахад ийнхүү 35 хувиар буюу 480 төгрөгөөр хямдарсан юм. Тэгвэл шатахууны үнийг дагаад нэмэгдчихдэг мах, гурил, будаа, талх зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, тэр байтугай таксины үйлчилгээний үнэ ч хямдраагүй. Иймээс л АИ-92 шатахууны үнийг төрөөс урт хугацаанд тогтвортой байлгахыг зорьж байгаа гэнэ. Импортлогч аж ахуйн нэгжүүд нэгдүгээр сард импортолсон АИ-92 шатахууны литр тутамдаа 90 орчим төгрөгийн алдагдал хүлээсэн бол энэ сард уг дүн 170 гаруйд хүрчээ. Гэхдээ бусад төрлийн шатахууны борлуулалтаас ашиг олж буй тул хэдий хүнд байгаа ч одоогийн алдагдлыг нуруундаа үүрээч ээ гэж тэднээс хүсэж буй аж. Тухайлбал, А-80, АИ-95, дизель түлшний үнийг зах зээлийнх нь зарчмаар “явуулж” байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд үнэ нь өсвөл дотоодод ч ханш нь нэмэгдэнэ гэсэн үг. Манай улс өнгөрсөн жил анх удаа АИ-92 шатахуун дээр хэдж (hedge) хийн, үнэ нь харьцангуй тогтвортой байхад худалдан авах гэрээ байгуулсан. Тодруулбал, найман сарын хугацаанд буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хэдж хийж, тонн шатахууны хилийн үнийг 400 ам.долларт “барьсан” юм. Ханш нь өссөн энэ үед фьючерс гэрээ (урьдчилж тогтсон үнээр худалдах, эсвэл худалдан авахаар тохирох) байгуулах боломжгүй аж.

Монгол Улс 2019 онд хоёр сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж байв. Тэгвэл өмнөх жил дээрх дүн 1.94 сая гаруй тоннд хүрчээ. Өмнө нь төсөөлснөөс багаар буюу ийнхүү 60-70 мянган тонноор буурсан нь дизель түлшний импорт багасаагүй, харин ч нэг хувиар өссөнтэй холбоотой. Мөн газар тариалангийн салбарын эрэлт, дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн нь ч нөлөөлжээ. Түүнчлэн манайд 2020 оны арваннэгдүгээр сард дотоодод коронавирус тархсанаас өмнө хөл хорио тогтоогоогүй билээ. Энэ жил ч уг таваарын хэрэглээ төдийлөн багасахгүй байх талтай. Дээр дурдсанчлан эхний хоёр улиралд АИ-92 шатахууны үнийг дотоодод өсгөхгүйг зорьж буй бол хоёрдугаар хагасаас дэлхийн зах зээлд газрын тосны ханш бага зэрэг хямдарч магадгүй гэсэн таамаг бий. Зарим эдийн засагч уг таваарын ханш дунд хугацаанд одоогийнхоос хамгийн ихдээ 5-10 “ногоон”-оор нэмэгдэнэ гэж тооцжээ.

Гэхдээ зарим шинжээч баррель газрын тосны ханш 100 ам.долларт хүрч өсөхийг үгүйсгэхгүй хэмээн тэмдэглэж буй. “Goldman sachs”, “JPMorgan chase” банк газрын тосны ханшийн супер мөчлөг ирнэ, урт хугацаанд өсөж, баррель нь 80, бүр 100 ам.доллартой тэнцэж магадгүй хэмээн таамагласан байна. Цар тахал намжиж, аялал жуулчлалын салбар сэргэх зэргээс үүдэн “хар алт”-ны эрэлт өдөрт 1.4 сая баррелиар нэмэгдэхэд газрын тосны үнийн супер мөчлөг тохионо гэж тэд тооцоолсон аж. Мөн Ираны нийлүүлэлт, ОПЕК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ ханшид нь нөлөөлөхөөр байгаа гэв. ОПЕК-ийн гишүүн болон бусад үйлдвэрлэгч орны Сайд нарын уулзалтыг ирэх сарын 4-нд цахимаар зохион байгуулж, дөрөвдүгээр сард нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг тохиролцох юм. Уг таваарын томоохон нийлүүлэгч Саудын Араб өдөрт нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ нэг сая баррелиар багасгах магадлалтай хэмээн зарим шинжээч үзсэнийг “Bloomberg” дамжуулав. Харин тус улс гарцаа үргэлжлүүлэн танахгүй байх магадлалтай, зах зээл тогтворжсон хэмээн ОХУ үзэж байгаа гэж “Wall street journal” мэдээллээ. Саудын Арабын томоохон үйлдвэрлэгч нэгэн эх сурвалж “ОПЕК-ийн дараагийн шийдвэрийг төсөөлөх гэж оролдож буй хүмүүст хандан хэлэхэд таамаглах боломжгүй зүйлийг тооцох гэж бүү хичээ” хэмээн ярьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.