Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигатай зарласан дайндаа ялагдсаар яваа Монгол

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг өнгөрсөн сарын 28-нд олон нийтэд танилцуулсан. Энэ удаа Монгол Улс өмнөх оныхоос зургаан байраар ухарч, 180 орноос 111 дүгээрт жагсав. 2019 оны авлигын төсөөллийн индексээр бид 106-д бичигдсэн юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллага 1995 оноос хойш авлигын төсөөллийн индексийг тооцон гаргаж буй бөгөөд манай улс энэ жагсаалтад байнга шахам дунджаас хойш, “хомоол хамагч”-дын эгнээнд явж ирсэн билээ.
“КОВИД-19” ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨДИЙГҮЙ АВЛИГЫН ХЯМРАЛ. БИД ТҮҮНД ЯЛАГДАЖ БАЙНА”
Сүүлийн таван жилд гэхэд л байнга ухарсан үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, 2016 онд 87-д жагссан нь сүүлийн таван жилийн хамгийн дөнгүүр үзүүлэлт болж байна. Үүнээс хойш олигтой дүр зураг харагдаагүй гэхэд болно. 2017 онд 16 байраар ухарч 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 13-аар хойшлон 106-д бичигдээд байснаа 2020 онд зургаан байраар арагш шидэгдээд буй нь энэ. Эл үзүүлэлтүүд нь Монгол Улсын үе үеийн удирдагч, төр, засгийн тэргүүнүүд авлигын эсрэг зарласан сүрт “дайн”-даа удаа дараалан ялагдсаар явааг харуулдаг.
Авлигын төсөөллийн индексийг 0-100 оноогоор дүгнэдэг бөгөөд 0 рүү ойртох тусам хээл хахуульдаа идэгдсэн, 100 руу ойртох нь засаглал цэвэр тунгалаг гэсэн үзүүлэлт болдог. 2020 онд манай улс 35 оноо авч, Босни-Херцеговин, Гватемал, Ливан, Малави гэх мэтийн улстай дөрөө харшуулжээ. Монгол сүүлийн таван жилд 35-38 онооны хооронд гацаад байгаа нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улстөрчид, Засгийн газрын зүгээс удаашруулж буйн илрэл гэж “Транспэрэнси интернэшнл” дүгнэлтдээ дурдсан байна билээ.
2020 оны авлигын төсөөллийн индексийн дүгнэлтэд “Авлига нь “Ковид-19”-ийн эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байна. Авлига нь эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй, үр дүнтэй байх чадварыг дордуулж, ардчиллаас ухрахад хүргэдгийг “Ковид-19” цар тахлын үед тод харууллаа” хэмээсэн. Мөн тус байгууллагын ТУЗ-ийн дарга Дэла Фэррэира Рубио “Ковид-19” цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш, бас авлигын хямрал бөгөөд бид түүнд ялагдаж байна. Өнгөрсөн жил урьд өмнө байгаагүй сорилттой тулгарлаа. Авлига өндөртэй орнууд энэхүү сорилтод бүдэрч байна” гэж мэдэгдсэн нь чухам манай улсад зориулсан мэт сонсогдсон шүү.
АВЛИГЫН СУУРЬ ШАЛТГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛ
ДАРГА НАРТ АЛГА

Иргэдийн 70 орчим хувь нь төрд итгэх итгэлээ алдсан гэсэн судалгааны дүн гарсан талаар өнгөрсөн парламентын үед гишүүн байсан, өдгөө төрийн өндөр албанд заларч буй нэр бүхий улстөрч ярьж, тэрхүү алдагдсан итгэлийг буцааж авахын төлөө амь, биеэ үл хайрлан ажиллана гэж андгайлах шахаж асан нь санаанд тодхон байна. Төрийн минь сүлд гэж сүсэлдэг, цайныхаа дээжийг сүлдэндээ өргөдөг монголчууд төрд итгэх итгэлээ ингэтлээ гээсэн нь өнгөрсөн хугацаанд ажилласан увайгүй улстөрчдийн ханаж цаддаггүй шунал, тэдний цэцэглүүлсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гэдэгтэй бүгд санал нийлдэг.
Тийм ч учраас сонгогчдын дэмжлэг горилсон улстөрчид сонгууль бүрийн өмнө
“Авлигатай дайн зарлана, авлигачидтай хайр найргүй тэмцэнэ” хэмээн лоозогнодог жишиг тогтоод олон жилийг үдэж байна. Өнөөгийн эрх баригчид нь ялгаагүй. Олон түмний алдарсан итгэлийг буцааж авахын төлөө ажиллана, авлигачдыг хүний, өөрийн гэж ялгахгүй тохирох шийтгэлийг нь амсуулна хэмээн амлаж, хэзээ мөдгүй ажил хэрэг болгох гэж буй мэт дүр үзүүлж байсан сан. Өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг шударга үнэнийг тогтоохын төлөө гар нийлэн зүтгэх нь гэсэн горьдлогоор сонгосон. Гэвч юу ч өөрчлөгдөөгүйгээр барахгүй улам дордсоныг олон улсын байгууллагын судалгааны дүн хэлэв. Авлига төрийн албаны бүх шатанд нэвт шингэсэн нь бахь байдгаараа оршиж буйг бодит байдал ч харуулсаар.

Эрх баригч намын дарга сонгуулийн өмнө “ЖДҮХС-гаас зээл авсан, албан тушаалын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно, нэр дэвших эрх өгөхгүй” хэмээн мэдэгдэж, алга ташуулсан. Ачир дээрээ хэлсэндээ хүрээгүй. Цөөхөн хүнд шийтгэл ногдуулсан дүр эсгээд, олонхыг нь багтаа үлдээсэн. Шударга үнэнийг хүсэмжилсэн, албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэрэгт эгдүүцсэн иргэдийн хүлээлт, шаардлагад нийцүүлэн сонгуулийн үеэр хэдэн хүнд ял өгч, хариуцлага тооцсон дүр эсгээд, өдгөө тэднийгээ суллаж эхлээд байна.
Сонгуулийн дараа ч МАН-ын дарга У.Хүрэлсүх “Авлигатай холбогдсон хэнийг ч хайрлахгүй, намаасаа хөөнө” гэсэн. Энэ сүржин мэдэгдэл бас л хоосон хийрхэл гэдгийг нотолж ядах зүйл байхгүй. Өнгөрсөн парламентын үед ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авсан МАН-ын 40 гаруй гишүүний олонх нь энэ парламентад улиран ажиллаж, сайд, дарга болсон. Энэ бол шударга ёс ярьдаг дарга нарын ам, ажил хэрхэн зөрдгийг харуулах захын жишээ. Аман дээрээ олон сайхан зүйл ярьдаг ч ачир дээрээ авлигаас салах, хөрс суурийг нь үгүй болгох бодит алхам хийдэггүйн баталгаа. Ийм л учраас Монгол Улсын авлигын индекс тааруу үзүүлэлттэй байгаа хэрэг.

Авлига Монголын нийгэмд нэвт шувт шингэсэн. Авлигаас үүдсэн таагүй явдал иргэдийн амьдралд алхам тутамд нь сүүдрээ тусгасаар байгаа. Кесарево хагалгаагаар төрөх заалттай тулгар эхийн онош, эмчийн бичиг нь байсаар атал хөдлөхгүй суусаар үрийг нь эндүүлэхээс эхлээд төрийн өндөр албан тушаалыг худалдах хүртэл болж бүтэхгүй бүхэн авлигатай холбогдоно. Хийж бүтээе гэсэн хүмүүст хамгийн том саад учруулдаг зүйл нь авлига нэхсэн албан тушаалтнууд болсныг нийтээрээ мэднэ. Ажил хийж, амьдралаа залгуулдаг дундаж давхаргынхан авлигын зардлыг төлж дийлэхгүй өвдөг сөхрөхөд тулж буй. Төсөвт суусан ажлыг гүйцэтгэхээр тендерт орж, ганц нэг ажил олж хийдэг жижиг компаниудын үйлийг үзэж, шат шатандаа авлига нэхсээр, эцэст нь албан тушаалтнууд, тэднийг дагасан долдой нарын халаас түнтийж, ажил хийсэн компани хоосон шахам үлдэх явдал хавтгайрсан.

Хамгийн эмгэнэлтэй нь олон нийт энэ бүхэнд дасаж, ажил, амьдралынхаа нэг хэсэг мэт ойлгож, авлига өгөх л ёстой хэмээн хүлээн зөвшөөрч, хүлцэнгүй дорой болцгоосон. Авлига нэхэж, шантаажилж, боомилдог хүмүүсийг эсэргүүцэх тэнхэл иргэд, компаниудад үлдээгүй. Тэднийг эсэргүүцсэнээс нэхсэн мөнгийг нь өгөөд ажлаа ганц алхам боловч урагшлуулах нь ирээдүйд нь ээлтэй гэх бодол бат суусан учраас авлигачид айж, эмээх зүйлгүй ханхалзсаар, улам томорсоор байна. Шударга ёс амласан том дарга нарын шадар туслахууд өнөөдөр ч “Төсөвт суусан хөрөнгө оруулалтын тендерийг зохицуулж өгнө” гээд аж ахуйн нэгжүүдээс авлига нэхэж яваа. Төсвийн мөнгийг хэрхэн хууль ёсны мэт харагдуулан хулгайлахад манай албан тушаалтнууд суралцаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд улстөрчид, тэднийг дагаж салбаганасан цүнх баригчдын хамгийн сайн хийж сурсан ганц ажил нь энэ. Горьдлого, найдвар дүүрэн энэ жилүүдэд байдал өчүүхэн ч өөрчлөгдөөгүйгээр барахгүй улам дордсоныг авлигын төсөөллийн индекс харууллаа. Монголын нийгмийг муухай болгож байгаа, улс орны урагш алхах замд саад тээг, чөдөр тушаа болж буй, төрд итгэх итгэлийг үгүй хийсэн авлига дээрээс доороо хүртэл нэвт шингэснийг мэдсээр, харсаар байж засаж залруулах, таслан зогсоох бодит оролдлого хийхгүй юм уу, дарга нар аа.

Бэлтгэсэн: А.Амина

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.