Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулах сургалт болж байна

Авлигатай тэмцэх талаар зарим ажил хийгдэж байгаа ч эрч далайц муутай удаан байгааг анхаарч хурдаа нэмэн үр дүнг нь дээшлүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж  байгаа нь сайн хэрэг. Харин үүнээ хэрэгжүүлж, үр дүнгийнх нь талаар хэлэлцэн ярилцаж арга хэмжээ авч хэвших нь нэн чухал. Төрийн албан хаагчдын хөшүүн хойрго хүнд суртал, ил тод бус байдал нь авлига болон хувирдаг, өөрөөр хэлбэл, авлига өсөж үржих хөрсийг төлжүүлдэг гэсэн ярианд дүгнэлт хийж, хүний төлөө гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа “шилэн хана” босгох хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймгуудын Засаг дарга нарын оролцсон “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарын үеэр онцолж байсан билээ.
Тэрхүү арга хэмжээний үргэлжлэл болох сургалт семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сангаас хамтран Их тэнгэр цогцолборт зохион байгуулж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн арга хэмжээг нээж хэлэхдээ  “Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн идэвхи санаачилга чухлаас гадна хөндлөнгийн хяналт хэрэгтэй. Энэ нь та бүхний үйл ажиллагааны орчин нь тунгалаг, ойлгомжтой болох нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.
Мөн тэрбээр шударга ёсыг бэхжүүлэх, улсын төсвийг бүрдүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд, улмаар байгууллагынхаа нэр хүндийг өсгөх, иргэд, олон нийтийн зүгээс хүлээлгэж буй итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлыг тодорхой болгож, түүнийгээ хэрэгжүүлэхэд энэ сургалт дэмжлэг болохыг онцоллоо
“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт сургалт семинарт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг, МИАТ, “Хөтөлийн цемент шохой”, МЦХ, “Багануур”, “Шивээ овоо” зэрэг ХК,  “Монгол шуудан”, Мэдээлэл холбооны сүлжээ,”Мон атом” зэрэг ХХК-ийн удирдлага оролцож, Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, үнэлэх талаар  мэргэжил арга зүйн туслалцаа авч байна. Сургалтад хамрагдсанаар эдгээр аж ахуйн нэгжийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, тайлан нь нэг загварт орж, биелэлтийн үнэлгээг адил түвшинд хийх механизм бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газраас ийм сургалт семинарыг 2008 онд анх зохион байгуулснаас хойш уламжлал болжээ. Бүх яам, зарим агентлаг буюу 26 байгууллага энэ сургалтад хамрагдсанаар Авлигаас сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Аймаг, орон нутагт ч ийм төлөвлөгөө боловсруулах ажил эхлээд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.