Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аавын захиас

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа зургаа дахийг хүргэж байна.

Дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн гэр бүлийн хувьд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдөр ихээхэн утга учиртай. Учир нь есөн жилийн өмнөх энэ өдөр тэдний гэр бүл бяцхан ханхүүгээ өлгийдөн авч байв. Тулгын гурван чулуу шиг М.Анхцэцэг, М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ гэсэн гурван сайхан эгчийнхээ араас айлын отгон хүү болон мэндэлсэн М.Эрдэнэбат энэ жил анх удаа аавынхаа эзгүйд төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа юм.

Ээж нь “Энэ жил аав нь хол, Номио эгч нь өвчтэй байгаа учраас хүүгийнхээ төрсөн өдрийг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэнэ” гэсэн боловч өдгөө есөн нас хүрч буй жаалхүүд бэлэг сэлтээс эхлээд догдлох шалтгаан бишгүй байх нь мэдээж. Афганистанд энхийг сахиулж буй Ч.Мөнхжанцан дэд хурандаа өглөө эрт хүүдээ фэйсбүүк мессенжэрээр баярын мэнд хүргэжээ.

20.15 цагт биднийг гэрт нь очиход Д.Мөнхчимэг эгч баярын ширээний хоол, салад тэргүүтэн зэхээд бараг дуусаж байв. М.Эрдэнэбат аавтайгаа чатаар холбогдоод завгүй байгаа бололтой, “Сэтгүүлч эгч ирчихсэн шүү, аав аа” хэмээн дундуур нь мэдээ дамжуулахаа мартсангүй. “Манай ангийнхан сая Манзуширын хийд рүү аяллаар явахдаа Төв аймгийн музейг үзсэн. Гэтэл хүүхдүүд их бууг нэрлэж чадсан хэрнээ пулемётыг мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би “Энэ чинь пулемёт байхгүй юу” гэж хэлсэн” хэмээн аргагүй л цэргийн хүний хүү шиг хэвлүүхнээр аавтайгаа энэ тэрийг хуучлах аж.

Том эгч М.Анхцэцэг нь бэлтгэлээ тараад ирж яваа бөгөөд замаараа төрсөн өдрийн эзний захисан бэлгийг авах ёстой гэнэ. Өдөр хичээлээ тарж ирэнгүүтээ “Надад бэлэг аваагүй юм уу” хэмээн энд тэндхийг онгичиж үзээд урамгүйхэн суусан гэх хүү аавтайгаа холбогдоод ёстой л нар нь гарч байх шиг.

Гурван эгчтэйгээ өссөн айлын ганц хүү тэрбээр манай зурагчныг очих тоолонд хань татан, “Агаа, хоёулаа хөзөр тоглох уу”, “Агаа хоёулаа тэгэх үү, ингэх үү” гээд хоргоодог юм. Заримдаа хэл нь хальтраад, агаа нь “аниа” болчихно. Анхаа эгчийг нь хүлээх зуур энэ удаа ч мөн тэр хоёр хөзөр тоглож гарлаа. Ч.Мөнхжанцан ах харин энэ хооронд ээжийнх нь хийсэн ажлыг “шалгаж”, үүрэг даалгавар хүртэл өгөөд амжив.

-Хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж ямар хоол, унд бэлтгэв. Миний хүүгийн дуртай будаатай хуургыг нь хийсэн биз дээ?

-Өнөөдөр будаатай хуурга хийгээгүй ээ. Энд өчнөөн идэх юм байхад дэмий байх гэж бодлоо.

-Маргааш тэгвэл баярынх нь шинийн 2-нд будаатай хуурга хийж өгөөрэй.

-Шинийн 2 гэнэ шүү. За мэдлээ, “дарга аа”.

-Төрсөн өдрийн малгай авсан юм уу?

-Аваагүй ээ. Өдий том болсон хүүхэд малгайгаар яах юм бэ.

-Зүгээр шүү дээ. Малгай аваагүй юм бол миний бүрх малгайг өмсүүлчих.

-Төрсөн өдрийн лаа үлээх гэж байж бүрх өмсөөд байхдаа яах вэ дээ. За, тэгье ээ.

-Төрсөн өдрөөр нь миний хүүг гэрийн даалгавар энэ тэр хийлгэж ядраагаад хэрэггүй шүү.

-Чи тэндээс гэрийн даалгаварт нь хүртэл санаа зовоод яах вэ. Өнөөдөр хүүгээ хичээлтэй зууралдуулахгүй.

Гурван цаг гаруй цагийн зөрүүтэй хоёр улсын хилийн дээсний наана цаанаас аав, ээж нь ийн хүүгийнхээ талаар ярилцлаа. Хүүгээ баярлуулахын тулд аав нь төрсөн өдрийн бэлгийг нь Монголд байхдаа урьдчилан авч өгөөд явжээ. Тавантолгойд нэгдсэн бэлтгэлд гараад байхдаа ээжийг нь “Гэрээсээ гарч болохгүй шүү. Өнөөдөр хүн юм аваачиж өгнө” гэсэн нь М.Эрдэнэбат хүүгийн бэлэг буюу “Волтрон” сансраас “заларсан” хэрэг байж. Алс хол энхийг сахиулж буй аав нь хүүгийнхээ төрсөн өдрийг баяртай, дурсамжтай өнгөрөөсэй гэж ихэд хүссэн бололтой “Дүүгээ сайн баярлуулна шүү. Дүүгийнхээ фэйсбүүк рүү мэнд хүргэж, мессэж бичээрэй, та нар” гэж эгч нарыг нь мундагдсан гэнэ.

Аавын захисны дагуу эгч нар нь “Хайрт дүүдээ нарт хорвоод мэндэлсэн өдрийн мэнд хүргэе. Наргиан хөгжөөнтэй байдал чинь нандин дурсамжуудыг минь сэргээдэг шүү. Аниагийн эрх дүү минь, хайртай шүү. Уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай”, “Жижигхэн, хөөрхөн бурхандаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Зөндөө их хайртай шүү” гэх мэтчилэн чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ дэвшүүлжээ.

Гэвч М.Эрдэнэбат ухаалаг утасгүй учраас өнөөхийг нь орж хараагүй тул эгч нар нь “Чи ээжийн утсаар фэйсбүүк рүүгээ орж, бидний мэндчилгээг харахгүй юм уу. Нэг ч сэтгэгдэлгүй, нэг ч зүрхгүй байгаад байна шүү дээ” хэмээн дүүгээ цаашлуулах аж. Саяхан эмнэлгээс гарсан М.Номин-Эрдэнэ алиа хошин байдлаараа гэрийнхнээ хамгийн их хөгжөөдөг нь гэлтэй. Хаа байгаа газартаа инээд цацруулдаг охины гэрэлтсэн дотоод ертөнцийг гүн түлэгдлийн шарх сорви, өвдөлт хүртэл ялан дийлээгүй мэт…

Төрсөн өдрийн эзэн маань сүүлдээ Анхаа эгчийгээ хүлээж тэсэлгүй бялуугаа хөндөж, лаагаа үлээхээр болов. Аавынхаа хэлснээр тэр бүрх малгайг нь өмсөн, хүслээ шивнээд лаагаа үлээсэн. Дараа нь ээжээсээ улаан хүрэн өнгийн цэмцгэр “Ламборжино” бэлгэнд аваад, хөөрч орхив. Тэр машинд үнэхээр хообийтой гэнэ.

Тэгсэн 22.10 цагт том эгч нь ирж, дүүдээ зорьж авсан бэлгээ өгтөл М.Эрдэнэбат дуу алдан баярлаж, ээжийн түрүүний “рейтинг”-ийг унагаж орхилоо. Эрэгтэй хүүхэд л болсон хойно машин, дээрээс нь буу хараад магнай хагартал баярласанд нь гайхах зүйлгүй биз. Үнэндээ энэ үдшийн бэлэгнүүдийг хараад хүүгээсээ дутахгүй баярласан хүн бол аав нь. Биднийг гарахын алдад гэрийнхэнтэйгээ чатаар дахин холбогдсон Ч.Мөнхжанцан дэд хурандаа хүүгийнхээ бэлгүүдийг харангуутаа өөрөө тоглох гэж байгаа юм шиг л баярлана лээ. Ингээд энэ өдөр алс хол суугаа аав, хүү хоёрыг хоёуланг нь баярлуулсан өдөр болов оо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.