Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хэнээс гаргуулах вэ

-Санаатайгаар арбитрт ялагдсан-

Монгол Улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк” (Standart bank PLC)-нд барьцаалан 2009 оны долдугаар сард анх 36 сая ам.долларын гэрээ байгуулж, улмаар 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл хэмжээгээ нэмсээр нийт 160.1 сая “ногоон” буюу 220.3 тэрбум шахам төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар түүнээс 140 011 171 267 (нэг зуун дөчин тэрбум арван нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр”-т 137.9 тэрбум гаруйг, хоёр тэрбум 13 сая төгрөгийг “Шунхлай групп”-д, “Их Монгол хөлөг”, “Ашид билгүүн”, “Итгэлт эстимэйт”, ПДДБ зэрэг компанид 3-15 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч “Стандарт банк” болон түүнтэй холбоотой олон улсын арбитрын шүүхээр хэрэг шийдвэрлэхэд гаргасан зардлыг хэн төлөх нь тодорхойгүй үлдэв. Өөрөөр хэлбэл, төрд учирсан хохирлыг хэнээс гаргуулах талаар анхан шатны шүүх тодорхой шийдвэр гаргасангүй. Энэ талаар бид 2021 оны нэгдүгээр сарын 4-ний дугаартаа анх хөндөн бичсэн билээ. Түүний үргэлжлэлийг уншигчдадаа хүргэж байна.


“100 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ 40 САЯАР ХААХ УЛС БИШ”

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудтай нийлж, тус үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас их хэмжээний зээл авсан гэдгийг Лондоны арбитрын шүүх тогтоож, төлбөрийг нь Монгол Улсаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг нь манай улсыг Английн хатан хаанд давж заалдах эрх олгосон ч төлөөлөн оролцсон хүмүүс тийм арга хэмжээ аваагүй хэмээн Ш.Батхүү өгүүлдэг юм. Давж заалдсан бол арбитрын шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх магадлалтай байсан гэж тэрбээр үзэж буйгаа мэдүүлэгтээ хэлээд 100 гаруй сая ам.долларын өрийг 40 саяар хаах улс биш гэж мэдэгдэв. Тодруулбал, “Арбитрын шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн эсрэг гарахад нөлөөлсөн нэг шалтгаан нь хавтаст хэргээс нэг гэрээ алга болсонтой холбоотой. 2013 онд уг гэрээнд шинжилгээ хийсэн зураг байдаг хэрнээ эх баримт нь үгүй болсон. “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж өгөөгүй атлаа арбитрын шүүхэд ялагдсан. Английн хатан хаанд давж заалдах эрх олгосон ч “Эрдэнэт үйлдвэр” санаатайгаар арбитрт ялагдсан гэж би бодож байна. “Стандарт банк”-нд 100 сая гаруй ам.долларын хохирол учирсан гэсэн арбитрын шүүхийн шийдвэр гарсан атал “Эрдэнэт үйлдвэр”-ээс 40 сая “ногоон”-ы өр төлүүлсэн. Гадаадын банкныхан тийм их хэмжээгээр өр төлбөрийг хямдруулж хаах улс биш. 2018 онд намайг цагдан хоригдож байхад Монгол Улс энэ өр, төлбөрийг төлөөгүй хоног тутамд нэг сая ам.долларын хүү бодогдож байна гэж байсан шүү дээ” хэмээн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэх үеэр мэдүүлсэн байдаг.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг ч бас уулын баяжуулах үйлдвэр болон Засгийн газрын төлөөлөгч нар Английн хатан хааны дээд шүүхэд давж заалдах боломжоо ашиглаагүй гэдгийг хэлж, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн шүүхэд гаргаж байгаа үйлдэл хэвийн бус, хачирхалтай, гайхмаар байна” гэж байсан. Үйлдвэрээс санхүүгийн нотлох баримтаа гаргаж өгвөл эрхийг чинь сэргээе гэж байхад ямар ч санал хүргүүлээгүй” хэмээн мэдүүлжээ.

Ш.Батхүүгийн хэлсэн “өр төлбөрийг хямдруулж хаах улс биш” гэдэг нь үнэний ортой. Аль ч улсын арилжааны банк ашиг олохын тулд л үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Монгол Улсын стратегийн ач холбогдолтой үйлдвэрийг барьцаанд авч, 100 сая гаруй ам.доллароо алдчихаад 40 сая “ногоон”-оор өр төлбөрийг нь хааж, үлдсэн 60 саяыг төлүүлэхгүй орхино гэхэд хэн ч үнэмшихгүй. Тэгэхээр үлдсэн 60 сая ам.долларын өр төлбөрийг Монгол Улс, “Эрдэнэт үйлдвэр” олборлосон зэс, молебдин зэрэг ашигт малтмалаараа төлж байгаа болов уу. Үлдсэн 60 сая ам.долларын өрийг хэрхэн төлж буйгаа төр, засаг хэзээ нэгэн цагт ил болгох нь дамжиггүй.

Юутай ч арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгүүдийг царцаах, албадан гүйцэтгэх талаар яригдаж байсан бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тус үйлдвэрийн холбогдох албаныхан “Ошиан партнер” гэх компанитай “Стандарт банк”-нд төлөх төлбөр тооцоог тохирох гэрээ байгуулж, 40 сая ам.доллар шилжүүлэн дуусгасан аж.

Энэ талаар хохирогч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Арбитрын шүүхээс хөрөнгө царцаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Стандарт банк”-ны төлөөлөлтэй уулзах, трейдер компанитай холбогдох зэрэг арга хэмжээ авч, 2019 оны гуравдугаар сард төлбөр тооцоог 40 сая ам.долларт тохиролцох гэрээ “Ошиан партнер” гэх хууль зүйн компанитай хийж, маргааш нь уг мөнгийг тус компани руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нь манайд ашиггүй, хор хохирол ихтэй. “Стандарт банк”-наас “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан зээл авсантай холбоотойгоор маш их хэмжээний зардал гарсан. Зөвхөн Лондоны арбитрт гэхэд 34 тэрбум төгрөг төлсөн байна. “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан нийт хохирол 139 261 800 240 төгрөгийг гаргуулж өгнө үү ” хэмээжээ.

Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГҮҮДЭЭР ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ Ч БҮРЭН БАРАГДУУЛЖ ЧАДАХГҮЙ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Б.Амарбат нартай холбоотой үйлдлийг хянаад тэднийг гэм буруутайд тооцсон билээ. Ингэхдээ “Жаст групп” компани нь 2009- 2011 оны хооронд “Стандарт банк”-наас нийт 160.1 сая ам.доллар буюу 220 276 450 000 төгрөгийн зээл авахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Б.Амарбат нар албан тушаалаа урвуулж, урьдчилан тохиролцож бүлэглэн үйлдсэн. Үүний улмаас “Стандарт банк”-наас Лондоны арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т холбогдуулж нэхэмжлэл гарган, 2016 оны есдүгээр сарын 20, 2017 оны тавдугаар сарын 22-ны шийдвэрээр зээлийн үлдэгдэл, хүү, шүүхийн зардалд нийт 92.7 сая шахам ам.доллартой тэнцэх 215.2 тэрбум төгрөг гаргуулахаар болж тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. Эл дүгнэлтийг гаргахдаа шүүгдэгч дээрх гурван хүний гарын үсэг зурсан гэрээний агуулга нь үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Мөн Б.Мөнхжаргалыг гэрээний зорилго, агуулга, үр дагаврыг мэдэж, ерөнхий захиралд зөвлөх боломжтой байсан гэж дүгнэсэн аж. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтнуудын идэвхтэй үйлдэл нь “Жаст групп”- ийн “Стандарт банк”-наас авсан зээлийн хариуцлагыг уулын баяжуулах үйлдвэр хариуцах үндэслэлтэй гэж арбитрын шүүх шийдвэрлэснийг ч дээрх гурван хүнийг буруутгах нотлох баримт гэж анхан шатны шүүх үнэлжээ. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцсон. Уг нь эрүүгийн хариуцлага ногдуулах хурлын үеэр НПГ-ын хяналтын прокурорууд Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Б.Амарбат нарт гурван жил хорих ял оноож, цагдан хоригдсон 30-60 хоногийг ял эдэлсэнд оруулж тооцох санал шүүхэд гаргасан юм билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн 2009 онд эл хэрэг үйлдэгдсэн, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Б.Амарбат нарыг 2018 онд яллагдагчаар татсан. Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1.2-т заасан “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Харин Ш.Батхүүгээс “Стандарт банк”-наас авсан зээлээр Сингапурт авсан хоёр, АНУ-ын Шарлотт, Флорида дахь үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч улсын орлого болгохоор болсон юм. Мөн түүний болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх автомашинууд, үл хөдлөх хөрөнгө, манай улсын олон аймаг, сум, дүүргийн нутаг дахь ШТС, газруудыг хохиролд тооцуулахаар болжээ. Бидний авсан мэдээллээр “Жаст групп” компанийн эзэн Ш.Батхүү эзэмшлийнхээ зарим ШТС, газрыг ОХУ-ын нэгэн арилжааны банканд барьцаалан давхар зээл авсан байж. Улмаар түүнийгээ төлөлгүй, уг хөрөнгүүдийг нь БНХАУ, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдэд дуудлагаар худалдахаар бэлтгэж байсныг манай нэг бизнесмен мэдэж, эх орондоо авч үлдсэн гэдэг. Тэдгээр объектыг нь шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэн авч хохиролд тооцуулахаар болчихоод байгаа нь нэгэн бизнес эрхлэгчээ эрсдэлд оруулж болзошгүй нь. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хураагдсан хөрөнгөөр төр, хувийн хэвшлийнхэнд учирсан хохирлыг гүйцэд барагдуулж чадахгүй байх магадлалтай.

Юутай ч анхан шатны шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хохирол 137.9 тэрбумыг Ш.Батхүүгээс гаргуулахаар болж, гэм хорын хохиролд нэхэмжилсэн хоёр тэрбум гаруй төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Уг нь нэгэнт шүүхээр гэм буруутай хэмээн дүгнэсэн ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Б.Амарбат нарын хууль зөрчсөн үйлдлээс болж ийм хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон учраас тэднээр төлүүлж болохгүй гэж үү.

Бэлтгэсэн: Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.