Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүүхдүүдийн минь инээд цангинаж байвал жинхэнэ аз жаргал”

“Хос багана” буландаа Улсын филармонийн уран бүтээлч гэр бүлийг онцоллоо. Гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр, түүний гэргий, хөгжимчин Х.Тунгалагтамир нартай ярилцсанаа хүргэе.

-Уран бүтээлч хүмүүстэй ярилцсаных энэ талаарх асуултаар эхэлье. Яг одоо ямар уран бүтээлүүдэд ажиллаж байгаа вэ?
Б.Д: -Би Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллахын зэрэгцээ хөтлөгч, найруулагч хийдэг. Миний хань найрал хөгжмийн флейт хөгжимчин. Цар тахлын улмаас манай байгууллагын төлөвлөгөөт тоглолтууд хойшлогдож, заримыг нь бүр цуцалсан. Харин хувь уран бүтээлчийн хувьд өнгөрсөн онд олз арвин байлаа. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард “Тэнгэр” хамтлаг байгуулж, уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэлээ базаалаа. ДБЭТ-ын гоцлол дуучин Г.Энхнаран, Б.Жавхлантөгс, бид гурав эл хамтлагийг байгуулсан юм.
-Ханьтайгаа хэчнээн уран бүтээлд хамт ажиллав?
Х.Т: -Бид оюутан ахуй цагаасаа л уран бүтээлд хамтарсан. Одоо ч хамт ажилласаар байна. Тэгэхээр багцаалж хэлж чадахгүй нь.
Б.Д: -Чамгүй тоо гарах байх шүү.
-Гэр бүлийн хүмүүс нэг уран бүтээлд ажиллах амар уу, эсвэл хүндрэлтэй байдаг уу?
-Амар үе ч бий, хүндрэл гарах тохиолдол ч байдаг. Үр хүүхдүүд, ар гэрийн ажил орхигдох нь энүүхэнд. Гэртээ халуун хоол, цай цагт нь идэж, уух боломж, налайж амрах цаг зав энгийн ажилтай хүмүүсийг бодвол бага. Гэхдээ нэг уран бүтээлийн төлөө хамтдаа зүтгэж, ард нь гарахад шөнийн хэдэн цагт тарсан ч хамаагүй, хоосон ходоодтой байсан ч аз жаргал мэдэрдэг.

-Нэг нэгэндээ уран бүтээлийн зөвлөгөө харамгүй өгдөг үү. Эсрэгээрээ уран бүтээлээс болж санал зөрөлдөх үедээ хэрхэн ойлголцдог вэ?
-Уран бүтээлийн зөвлөгөө мэдээж өгнө. Харин санал зөрөлдөх явдал огт гардаггүй. Энэ нь хэн хэн нь ажил, уран бүтээлээ маш хариуцлагатай хийхийг хичээдэгтэй холбоотой байх.
-Уран бүтээлийнхээ хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн амжуулдаг бол?
Х.Т: -Бид сурч, ажиллахынхаа хажуугаар хоёр сайхан хүүхэдтэй болсон. Хүүхдүүд минь Улсын филармонид өсөж байгаа гэхэд бараг болно. Ажлын ачаалалтай үед Хэнтий аймгийн Бэрх тосгоноос өвөө, эмээ нь ирж хардаг. Энэ далимд, аав Л.Хатанбаатар, ээж У.Алтанцаг, А.Цэцэгдэлгэр нартаа туйлын их талархаж явдгаа бид дөрвийн зүгээс хэлье.
-Анх хэрхэн танилцсан тухай дурсамжаасаа хуваалцаач?
Б.Д: -Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-д анх танилцсан. Биднийг оюутан байхад манай сургуулийнхан Швейцарын Элчин сайдыг хүлээн авахаар болж, шилдэг оюутан, сурагчдын тоглолтоо үзүүлэх болсон юм. Тэр тоглолтын үеэр танилцаж, түүнээс хойш мэнд устай явдаг байв. Аль аль нь сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэгж явсаар дотноссон доо.
-Анхны болзоонд хэн нь түрүүлж урьсан бэ. Хаана болзож байв?
Х.Т: -Мэдээж манай хүн урьсан. 2010 оны хоёрдугаар сарын 14-нд буюу Валентины өдрөөр анх болзсоноо тод санаж байна. “Их хуралдай” гэж уушийн газарт зохион байгуулсан хосуудын баярт очиж, нэгэндээ зориулан шүлэг зохиогоод, зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэж, халуун дотно яриа өрнүүлж билээ.
-Адилхан урлагийн хүнтэй гэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бол?
-Аль аль талынхан хүндээр хүлээж аваагүй. Урлагийн мэргэжилтэй гэхээс илүү хувь хүнийг нь илүү харж, хүлээж авсан гэж боддог. Биднийг маш сайн ойлгодог.
-Ханийнхаа ямар онцлог, зан чанарт нь хамгийн их татагдсан бол?
Б.Д: -Би эхнэрийнхээ аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг занд нь хамгийн дуртай.
Х.Т: -Маш тууштай, ямар ч зүйлийг эхэлсэн л бол дуусгаж, эцсийг нь үзэж чаддаг. Энэ занд нь л хамгийн их татагдсан даа.
-Гал голомтоо хэрхэн бадрааж байв. Гэртээ ямар эд хогшил анх авснаа санадаг уу?
Б.Д: -Ханилаад 11 жил болжээ, бид. Гал голомтоо Налайх дүүргийн тавдугаар хороонд, хүмүүсийн сайн мэддэгээр Городокт бадраасан. Гэрийнхээ бүх тавилгыг найзуудынхаа тусламжтайгаар өөрөө хийж байлаа.
-Одоо харцаараа ойлголцоно биз?
Х.Т: -Харц, үйлдэл гээд ер нь л “уншчихна” даа.
-Үнсэлтийн тухай олон баримт бий. “Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг”, “Байнга үнсэлцдэг хүмүүс урт насалдаг” гэх мэт. Та хоёр бие биенээ хэр их үнсдэг вэ?
Б.Д: -Үнсдэг шүү. Өглөө бүр ажилдаа явахдаа болж л өгвөл үнсээд гарахыг боддог. Гэхдээ бодсон чинь эхнэр минь намайг илүү үнсдэг юм байна.

-Нэгнээсээ сонсож байсан хамгийн сайхан үг тань юу бол?
Х.Т: -Хань минь “Чи бол надад өгсөн бурхны бэлэг” гэхийг сонсоод сэтгэл их хөдөлж билээ. Энэ үгийг нь хэзээ ч мартдаггүй.
Б.Д: -“Би чамайгаа хаан мэт хүндэлнэ. Тэгж чадвал би өөрөө хатан байж чадна” гэж хэлсэн. Мартахын аргагүй сайхан үг байгаа биз.
-Хэзээ нэгнээрээ хамгийн их бахархаж байв?
Х.Т: -Тайзан дээр дуулахыг нь харах дуртай. “Миний хань шүү дээ” гээд бодоход
сайхан. Ер нь хийж чаддаг бүх л зүйлээр нь бахархдаг.
Б.Д: -Ханьдаа хоёр сайхан хүүхэд төрүүлж өгсөнд талархдаг. Хүүхдүүдээ төрүүлэх үед нь би хамт байсан. Хайрлах, айх, бахархах мэдрэмж зэрэгцэж байлаа, тэр өдөр. Би сандраад нус, нулимстайгаа холилдсон доо.
-Анх аав, ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
Х.Т: -Манайх хүү, охинтой. Үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Хүн үр хүүхэдтэй болохоороо л амьдралын жинхэнэ утга учрыг мэдэрч, зорилготой, тэмүүлэлтэй болдог юм билээ.
-Эцэг, эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга ондоо. Таны гэр бүл хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Хүүхдүүдийнхээ хүмүүжилд чадахынхаа хэрээр анхаардаг. Хүнлэг хүмүүс болгож өсгөхийг хичээдэг. Ахмад хүнийг хүндлэх, байгаа зүйлээ бусадтай хуваалцах, баярлалаа, уучлаарай гэж хэлж сурах хамгийн чухал. Гол нь “Сайн л хүн байх хэрэгтэй” гэж захидаг даа, хүүхдүүддээ.
-Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ. Хүүхдүүдээсээ нууцаар “булагнаж” чадаж байна уу?
Б.Д: -“Булагнах”-ыг хүсдэггүй. Боломж л гарвал гэр бүлээрээ л хамт байхыг хичээдэг. Хүүхдүүдээ сайхан дурсамжтай болгохыг хүсдэг юм.
-Сүүлийн жилүүдэд гэр бүл салах нь нэмэгдэж байна. Харилцаагаа хэвийн байлгах, гэр бүлийн үнэ цэнээ хадгалахад “жор” байдаг уу?
-Айл бүрийн “жор” өөр байх. Гэхдээ жижиг асуудал байсан ч дор дор нь ярилцаж ойлголцдог байвал даамжрахгүй. Хүндлэлээ хэзээ ч гээж болохгүй гэж боддог. Харилцан буулт хийж чаддаг, болж өгвөл гэр бүлдээ цаг гаргаж, түрүүн хэлсэнчлэн сайхан дурсамж бүтээдэг байхад гэр бүлийн харилцаа хэвийн байх болов уу. Би ингэж л боддог.
-Танай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал юунд оршдог юм бол?
Х.Т: -Гэрт хүүхдүүдийн минь инээд цангинаж байвал жинхэнэ аз жаргал. Байгаадаа сэтгэл хангалуун, амар тайван, элэг бүтэн, эрүүл энх амьдрах шиг жаргал хаана байх вэ.
-Гэр бүл зохиох гэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?
Б.Д: -Учирсан хүнтэйгээ нандин харилцаа үүсгэ, гэр бүл болох гэж битгий яар, нэгнийгээ сайн таньж мэд. Гэхдээ хэт болгоомжилж байж жинхэнэ хань болох хүнээ үргээчих вий. Тэгэхээр зөн совин, зүрх сэтгэлээ бас сайн сонсож байгаарай гэж хэлье.
Х.Т: -Гэр бүл зохионо гэдэг тоглоом биш. Хүүхэд бодлогогүй амьдралын золиос болж хэрхэвч болохгүй. Маш ул суурьтай хандах хэрэгтэй.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Хүүхдүүдийн минь инээд цангинаж байвал жинхэнэ аз жаргал”

  • Avatar Anonymous says:

    дуучин маань гэнэт нэгэн дууг их уяангалаг намуухан, их аятайхан дуулахыг хараад ангайсан шүү. ваааув. орос дуу байвуу. жаахан зориг нэмчвэл. дажгүй шүү. хоёр уран бүтээлчдээ амжилт хүсье.