Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний үнэргүй төр, хүйтэн сэтгэлтэй түшээ нараас үнэндээ ичиж байна

Итгэлээ өгч өөрсдийг чинь сонгосон ард түмэн хүнлэг нийгэм, хөгжил дэвшлийг хүлээн хүлээсээр туйлдаж гүйцлээ, төрийн түшээд минь. Аргаа барахдаа эхчүүд хахир өвлийн хүйтнээр халат, тавчигтайгаа гудамжинд гарч үгээ хэлж, жагсаж эхэллээ. Төр, засгийн буруу зохион байгуулалт, түүний томилсон нэр хөөсөн, сэтгэлгүй баахан “робот”-уудаас болж эцсийн дүндээ иргэд хохирч үлдэх боллоо, Ерөнхий сайд аа. Иргэд ийм нийгмийг хүсээгүй, мөрөөдөөгүй гэдгээ илэрхийлж сайн дураараа эвлэлдэн нэгдэж, жагсаж байна.

Энэ мэт өр эмтэлсэн үйл явдал, өвчин тооцсон бараан өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ, У.Хүрэлсүх сайд аа. Дөрвөн есийн жавар тачигнасан өдрүүдийг бид өвлийн идэр ес, хүйтний туйл гэж ярьдаг. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэй идэр есийн хүйтэнд нимгэн нүцгэн гадаа гарах байтугай, дулаахан өрөөнд хүн зөрөхөд л даарч сэрвэгнэж суудаг. Албатууд тань удаа дараа алдаа гаргасаар атал У.Хүрэлсүх сайд та амаа үдүүлсэн мэт дүлэгнэж, дуугуй суусаар байх уу. Халдвар өвчин дэгдсэн өдрүүдээс хойш Ерөнхий сайд та индэр дээрээс хаа нэг үг хэлж харагдахаас бус, ард иргэдийнхээ дунд орж, сэтгэлд нь хүрч ажилласангүй. Хааяа нэг мэдэгдэл хийж, энэ улсад урьд өмнө гаргаж байгаагүй түүхэн шийдвэр гаргалаа, ийм тийм халамж олгож байгаа гэхээс өөр хийж хэрэгжүүлж байгаа зүйл алга.

Үнэндээ та сонгуулийн өмнө олонтойгоо байна хэмээн дайлаар мордож,  орж гарч болох бүх газрыг дуусгасан шүү дээ. Одоо тэгээд хэлсэн үгэндээ эзэн сууж, хүн ардынхаа төлөө тэмцээч дээ. Эс бөгөөс таны томилсон долдой, олдой нь ихэдсэн сайд нар чинь сайн ажилласан, өдөр, шөнөгүй зүтгээд ядарлаа гэх ухааны зүйл яриад, яхирлаж, хэдэрлээд ард олныг загнахаас өөрийг хийхгүй байна шүү дээ.

Яг бодит байдал дээр  халдварт цар тахал Монголд дэгдсэнээс хойш харьд суугаа монголчууд эх орондоо ирж чадахгүй гацаж, хот тойрсон постын гадна хүний амь эрсдэж, сүүлдээ хүйгээ таслуулаад удаагүй нялх үр, нярай биетэй эхийг халдвартай хэмээн гадуурхаж, хөхөө өвөл шөнө дүлээр сүр дуулиан бадруулан эмнэлгийн байрнаас нүцгэн шахуу авч гарах боллоо. Хөөрхий ээжийг айлгаж, сандаргаад хөхөө өвлийн хүйтнээр хөөж туугаад, хүчээр шахам аваад явна гэдэг ардчилсан, энэрэнгүй нийгэм бүтээнэ гэсэнтэй тань нийцэхгүй байна, Ерөнхий сайд аа. Энэ бүхний дараа Улсын онцгой комиссын дарга нь “Уучлаарай” гэж хэлээд өнгөрөх юм гэнэ. “Уучлаарай”-г ууж, идэх биш. Хүний эрүүл мэнд, амт насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Гэхдээ төр эхний ээлжид тэр ээжид нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний зардал олгох ёстой. Удаан хугацааны, өртөг өндөртэй эмчилгээгээр л тэр ээж, нялх үртэйгээ эрүүл саруул үлдэх зам нь ядахнаа нээгдэнэ. Нярай биетэй эх өчүүхэн төдий салхи авахад л үүрдийн хүн өвчтэй үлддэгийг эрх биш эмэгтэй гишүүд мэдэж байлтай. Ард иргэд гудамжинд гараад үгээ хэлж буй энэ үед эмэгтэй гишүүд тэднийг дэмжиж, төр засагт нөхцөл байдлыг танилцуулах ёстой биш гэж үү. Төрд гарсан түшээдийг хамтын хүчээр хүн ардаа хамгаална гэж итгэсэн чинь хүний нялх үрсийг өвчний үүр болгох үйлдлийг түмний өмнө гаргасан гаргалаа. Хүний үнэргүй төр, хүйтэн сэтгэлтэй түшээ нараас үнэндээ  ичиж, урам хугарч байна.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хүний үнэргүй төр, хүйтэн сэтгэлтэй түшээ нараас үнэндээ ичиж байна

  • Avatar Зочин says:

    Хүрэлсүхийн тавиулууд дэндүү алдаж байна. Хүрэлсүх ѳѳрѳѳ огцрох ёстой!