Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Хэрүүга: Цахим сургалтыг хэрэгжүүлэх нь бидний зорилт байсан

Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүн төрөлхтөний ажиллах, амьдрах, суралцах хэв маягийг маш хурдтай өөрчилж, үүнийг дагасан хувьсал, өөрчлөлт, технологийн дэвшил хүмүүсийн амьдралд нэвтэрч эхэллээ. Аливаа шинэ зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгох нь хүн бүрээс дасан зохицох, суралцах цаг хугацааг шаарддаг. Манай орны хувьд ч бусад улсуудын нэгэн адил цахим сургалтын хэлбэрийг сонгон хэрэгжүүлээд нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд ямар үр дүн, ололт, сургамж, туршлагыг үлдээсэн талаар ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгатай ярилцлаа.

-Юуны өмнө ХААИС цахим сургалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яриагаа эхэлье…?

-Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдалтай уялдуулан гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу цахим сургалтыг эхлүүлж, одоо ч үргэлжилж байна. Бид өмнө дэлхийн хөгжилтэй орны боловсролын салбарын сайн туршлагыг сургууль болон эх орныхоо онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, турших зэргээр олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилласаар ирсэн. Түүний нэг нь цахим сургалтыг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломжийг хүссэн хүн бүрд олгох зорилго байсан. Үүний дагуу цахим хичээл бэлтгэх тоног төхөөрөмж, мэргэжлийн студийг хүртэл төсөл хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан. Гэтэл дэлхий нийтийг хамарсан энэ нөхцөл байдал нь цахим технологийг бүх шатанд маш хурдтайгаар нэвтрүүлчихлээ.
ХААИС Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цахим сургалтыг удирдан явуулах заах арга зүйн сургалтуудыг бүх багш нарынхаа дунд үе шаттайгаар зохион байгуулсан. Иймээс багш нар маань ерөнхийдөө бэлтгэлтэй байсан учраас онцгой бэрхшээл гараагүй. Гэхдээ мэдээж шинэ зүйл учраас суралцах, улам хөгжүүлэх, оюутнууддаа ач холбогдлыг нь таниулах зэргээр багш, оюутнуудад өмнөхөөс илүү ачааллыг бий болгосон тал бий. Бүхий л сургалт багш, оюутны хамтын ажиллагааны үр дүн байдаг. Энэ нь цахим сургалт дээр илүү тод илэрч байна. Гэхдээ шинэ нөхцөлд дасан зохицож, суралцсаны дараа илүү их үр дүнг олж харна гэдэгт итгэж байна.

-ХААИС энэ нөхцөл байдлаас өмнө цахим сургалтыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэлээ. Энэ төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Европын холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн цахим сургалт” төслийг Т.Эрдэнэчулуун багш санаачлан хэрэгжүүлж эхлээд удаагүй байтал энэхүү цар тахлын хорио цээрийн дэглэм цаг хугацааны хувьд давхцсан.

Энэ төслийн хүрээнд хосолсон (Blended E-Learning) цахим сургалтыг дэмжих чиглэлээр e-сургалтын материал боловсруулах, сургалтад инноваци, технологи нэвтрүүлэх, цахим сургалтын бичлэгийн танхим, студи болон хүнсний аюулгүй байдлын лаборатори байгуулах, сургалт, судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмж хийхээр төлөвлөгдөн хэрэгжиж байна.
Мөн их сургуулийн дэргэд Карьер Хөгжлийн Төв, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв байгуулах, профессор багш нар туршлага судлах гэсэн зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй томоохон төсөл юм.
Одоогийн байдлаар төсөлд ХААИС-ийн 46 багш, судлаачид оролцсоноос Европын түнш сургуулиудад 20 багш туршлага судалсан. Европоос Монголд 14 багш, 3 удаагийн сургалт зохион байгуулж, сургалт судалгааны биоклиматик /bioclimatic/ хүлэмжийг ашиглалтад оруулсан. Мөн цахим хичээл бэлтгэх студи, танхимийн төхөөрөмж, программ хангамж, ном болон цахим сургалтын танхим, уулзалтын өрөө, бичлэгийн студи байгуулсан. Төслийн үйл ажиллагааг дэмжих оюутны клубийн үйл ажиллагааг идэвхжүүлж, интерактив сургалтын талбар (platform) боловсруулсны зэрэгцээ их сургуулийн дэргэдэх “Career center”-ийг дэмжин, хөгжүүлж байна. Цаашид цахим хичээлүүдийг дуусгаж, сургалтад ашиглах, Карьер Хөгжлийн Төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага судлах уулзалтыг зохион байгуулах, “Хөдөөгийн хөгжил” модуль эхлүүлэх, AdobeFamily, Office365 … программыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Цахим сургалтын үр дүнд шүүмжлэлтэй хандаж байгаа хэсэг байна. Таны бодлоор энэхүү шинэ сургалтын арга барилын давуу болон сул тал нь юу гэж харж байна вэ?

-Аливаа шинэ зүйлд суралцах, дасан зохицно гэдэг цаг хугацаа, хувь хүний мэдлэг, мэдрэмж гээд олон зүйлээс шалтгаалдаг. Тиймээс шинэ зүйл бүхэн хүн бүрд сорилтыг бий болгодог. Тэр сорилтыг амжилттай даван туулсан тохиолдолд үр дүнг нь үзэх боломжтой. Бидний уламжлалт танхимийн сургалтын технологи, арга барилд ч давуу болон сул тал бий. Заавал тодорхой цаг хугацаа, орон зай хэрэгтэй байхаас эхлээд олон зүйлтэй харьцуулах, дүгнэлт хийх гэх мэтэд тодорхой хязгаар, хана босгодог. Гэтэл цахим сургалтын давуу тал нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бий болгож байна. Интернеттэй л бол хаана байгаагаас үл хамааран танхимд үзсэнтэй дүйцэх мэдлэгийг олж авч чадна. Орон нутгийн оюутнуудад интернетийн хурд муу байх, сүлжээгүй байх гэх мэт хүндрэл гарч байгаа. Гэхдээ аливаа хүн сурч мэдэхийн төлөө боломжтой хувилбар, арга замыг өөртөө бий болгох хэрэгтэй. Дээрээс нь цахим сургалт хувь хүний академик чадварыг нэмэгдүүлдэг. Олон мэдлэг, мэдээлэл дундаас хэрэгтэй нь олж авч, нэгтгэн дүгнэх гэх мэтээр бие даан суралцах боломжийг илүү олгодгоороо давуу талтай. Багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалтад шилжих нь бид бүхний хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн зорилтын нэг байсан. Тэр бодитойгоор хэрэгжих боломж бүрдэж байна. Оюутнууд өөрсдөө эрж хайх, хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж, дүгнэлт хийх чадварт илүү суралцах давуу талтай. Зөвхөн багшийн зааснаар өөрийгөө хайрцаглах хэрэггүй. Илүү өөр олон сонголт, боломжийг бий болгож байна гэсэн үг.

Сул тал нь практик туршилт, дадлага, лабораторийн гэх мэт хичээлийг удирдан явуулахад бага зэрэг бэрхшээл учирч байгаа. Гэхдээ шийдэх боломжгүй зүйл гэж үгүй. Манай сургууль үүнийг шийдвэрлэх алхамуудыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Мал эмнэлгийн сургуульд “Алсын зайн сургалтын танхим”, “Анатоми, физиологийн танхим”-аа дээрх шаардлагад нийцүүлэн шинэчилсэн. Тус танхимийг Японы Хоккайдогийн их сургуулийн хамтын ажиллагаа, ЖАЙКА олон улсын байгууллага болон Мал эмнэлгийн сургуулийн санхүүжилтээр тохижуулсан. Энэ хүрээнд хамгийн сүүлийн үеийн 26 микроскоп, 10 компьютер суурилуулагдсан бөгөөд компьютер тус бүрдээ хивдэг болон хивдэггүй амьтан мөн шувуу, нохойны үлэмж бие бүтцийг судлах 3D программтай. Тиймээс оюутнууд энэ программыг ашиглан виртуал орчинд суралцах боломж бүрдсэн. Мөн мал амьтны бие бүтцийг судлуулахын тулд заавал амьд мал дээр туршилт хийх шаардлагагүй болж байна.
“Алсын зайн сургалтын танхим”-ыг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт-Малын Эрүүл Мэнд төслийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулсан. Ингэснээр бакалавар болон магистр, докторын оюутнуудыг цахим сургалтад хамруулах, төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг ч алсын зайнаас удирдан явуулах боломж бүрдсэн. Мөн дээр дурдсан хамтын ажиллагааны хүрээнд малын эмч, малчдад зориулсан сурах бичиг, цахим сургалт удирдан явуулах гарын авлага, дүрэм журам бүгд багтсан байгаа.

-Цахим сургалтын цаашдын чиг хандлагыг та юу гэж харж байна вэ?

-Дэлхий нийтийг хамарсан энэ нөхцөл байдлаас ч өмнө олон улсын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын сургалтын системд аль хэдийн нэвтрэн хэрэгжиж байсан зүйл. Нэг ялгаа нь бид энэ нөхцөл байдалтай уялдан бүгд маш богино хугацаанд хурдтай шилжсэнээрээ л онцлогтой юм. Энэ таамаглахын аргагүй шинэ нөхцөл байдалд дасан зохицож, суралцахаас өөр аргагүй. Бүхий л үйл ажиллагаа цахимаар явагдаж эхэллээ. Албаны хурал, зөвлөгөөнөөс эхлээд олон улсын хурал, төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтууд ч цахим хэлбэрээр явагдаж байна. Тиймээс бэрхшээл тоочих биш суралцах, дасан зохицох, илүү өөр боломжийг эрэлхийлсэн нь сайн үр дүнд хүрнэ. Үүнтэй зэрэгцэн шинэ үйлчилгээ, технологи, амьдралын хэв маяг аль хэдийн бүрэлдэн бий болоод эхэллээ шүү дээ.

8
ТэнэглэлТэнэглэл
4
Хөөрхөн юмХөөрхөн юм
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

0 Сэтгэгдэл