Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нүд хуурсан ажил буюу халдвар хамгааллын дэглэм

Нийслэлчүүд нийтийн тээвэртээ чихэлдэн, түгжирч, коронавирусгүй үеийнх шиг амьдрал “буцалж” байна. Иргэд хэдийгээр амны хаалт зүүсэн ч худалдаа, үйлчилгээний газруудад дараалал үүсгэж, ямар нэгэн “саадгүй” нэвтэрсээр. Улс, нийслэлийн Онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагынхан худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөхийг сануулж буй ч бодит байдалд төдийлөн хэрэгжүүлэхгүй байна. Өнгөрсөн даваа гаргаас түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ), цахилгаан бараа болон тавилгын дэлгүүр, гар утасны худалдаа, цанын баазыг нээсэн. Цар тахлаас сэргийлэх нэрээр иргэдийн амьжиргааг туйлдуулж орхисон тул ийм шийдвэр гаргахаас өөр сонголт эрх мэдэлтнүүдэд байгаагүй.
Ялангуяа хүнсний худалдааг хэвийн явуулж, сүлжээ дэлгүүрүүдийг ажиллуулж буй хэрнээ ТҮЦ-үүдийн үүдийг барьсанд иргэд бухимдаж байсан юм. Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг тэдэнд шударга бус хандаж, ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан гэж үзэх хүн цөөнгүй. Оройтсон ч гэсэн ТҮЦ болон үйлчилгээний бусад газрыг нэмж ажиллууллаа. Харамсалтай нь, цар тахлаас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахих, сахиулах явдал хэлбэр төдий болсон нь үйлчилгээний газруудаар ороход л илэрхий.

“Монгол кино” үйлдвэр болон “Жуков” худалдааны төвийн автобусны буудлын хэд хэдэн ТҮЦ-ээр орлоо. Үйл ажиллагааг нь нээхийг зөвшөөрсөн эхний өдөр байсан болоод ч тэр үү, ихэнх нь хаалттай харагдсан. Ахимаг насны нэг хүн “Тоёота приус” маркийн автомашинаас ус, ундаа ТҮЦ рүү зөөж байв. Хоёр сар гаруйн хугацаанд үүдээ барьсан тул ус, ундаа зэрэг хөлдөх бүтээгдэхүүнээ өөр газарт хадгалсан гэнэ. ТҮЦ-ийнхээ тавиур, цонхыг гялалзтал арчиж зогссон эмэгтэй “Үйлчилгээгээ эхэлсэндээ баярлаж байна. Гэр бүлийн хүнтэйгээ хамт энэ ТҮЦ-ийг сард 500 000 төгрөгөөр түрээсэлж, ажиллуулдаг. Өдөрт 100 орчим мянган төгрөгийн орлого олдог. Олон хоног ямар ч орлогогүй хэцүү байлаа” хэмээлээ. Тэрбээр хүүхдүүд голдуу худалдан авдаг чипс, жигнэмэг, иштэй чихэр тус бүрийн гадна талын сав, баглаа боодлын тоосыг арчин, өрж тавив. ТҮЦ-үүдийг хаалгаараа бус, цонхоор үйлчлэх ёстой гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн. Гэвч ихэнх нь цонхныхоо гадна талд төмөр тор татсан байв. Өөр нэг ТҮЦ мөн хаалгаараа иргэдэд үйлчилж байлаа. Бараа, бүтээгдэхүүн өрсөн лангуугаа тойруулан гялгар уут татаж, хамгаалалтад авчээ. Худалдагч нь малгай, бээлий, амны хаалт зүүж, бүх төрлийн карт уншигч төхөөрөмж тавьсан байв. Тэрбээр “07.00 цагт ТҮЦ-ээ нээсэн. Одоогоор (17.00 цаг) 50 000 төгрөг хүрэхгүй орлоготой байна.

Иргэдийн худалдан авах чадвар эрс буурчээ. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн олонх нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд зээлээ төлж чадсангүй. Томоохон дэлгүүрүүдийг ажиллуулсан хэрнээ өдрийн орлогоороо амьдардаг иргэдийг хэлмэгдүүллээ. Бид ч ялгаагүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж чадна. Бусад дэлгүүр ч бэлэн мөнгө болон картаар үйлчилж байгаа. Гэтэл эрх баригчид бидний талаар өрөөсгөл зүйл ярьсан. Харин ч ТҮЦ хүний бөөгнөрөл үүсгэдэггүй, үйлчлүүлэгчид ганц хоёроороо л ирдэг шүү дээ” гэв. ТҮЦ-үүдийг нэгдсэн байдлаар ариутгаж, халдваргүйжүүлээгүй бөгөөд ажиллуулж буй хүмүүс нь өөрсдөө цэвэрлэгээ хийж байлаа. Зөвхөн цонхоор үйлчилнэ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгааг худалдагчид хэлсэн. Учир нь “Цонхныхоо хамгаалалтын төмөр торыг авчихвал эд зүйлээ хулгайд алдахгүй гэх баталгаа алга” гэцгээсэн юм.
Үүнтэй адил амьдралд нийцээгүй шийдвэрээс болж асуудал үүссэн газар нь цахилгаан барааны дэлгүүр. “Дүнжингарав”, “Алтжин бөмбөгөр”, “Содон бөмбөгөр” зэрэг худалдааны төвд цахилгаан бараа худалддаг төрөлжсөн лангуу тун цөөн. Ихэнх нь гэр ахуйн бараатай хамт байрладаг. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд гэр ахуйн бараа зардаг иргэн Б “Манайх бусад томоохон дэлгүүр шиг хөргөгч, зурагт, угаалгын машин зардаггүй. Будаа агшаагч, ус буцалгагч зэрэг жижиг хэмжээний цахилгаан болон болон гэр ахуйн бараа худалддаг. Гэтэл манай лангууг холимог бараа зардаг гээд нээхийг зөвшөөрсөнгүй. “Бөмбөгөр” худалдааны төвд ихэнх цахилгаан барааны лангуу нь бэлэн хувцасныхтай хамт байрладаг учир үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хэдий болтол ингэж амь зогоох вэ” хэмээн ярьсан юм. Түүний хэлснээр үнэхээр томоохон аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрийн эзэд л ажиллаж, бусад нь ядуурлын ангал руу улам ойртсоор байна. Зөвхөн цахилгаан бараа, тавилга зардаг дэлгүүр Улаанбаатар хотод хэд байдаг билээ.

“Мишээл”, BSB зэрэг тавилгын төрөлжсөн дэлгүүр үүдээ нээв. Тэдгээр дэлгүүрт үйлчлүүлэгчдийн халууныг хэмжин оруулж буй ч QR код уншуулах, бүртгэл, мэдээлэл цуглуулахад хайнга хандаж байв. Цахилгаан бараа борлуулдаг “Номин” супермаркетаар ороход үүдний хэсэгт байрлуулсан ширээн дээр бичгийн цаас, бал тавьжээ. Гэвч иргэдийн нэр, гар утасны дугаарыг авах ажилтан байсангүй. QR код ч уншуулахыг шаардсан хүн ч алга. Автобусны цонх, ТҮЦ, дэлгүүр, үйлчилгээний газруудад QR код бүхий цаас олныг наасан ч шаардлага тавих хүнгүй тул иргэд бүртгүүлэхгүй, хойрго хандаж байна.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавьж буй. Уржигдрын байдлаар 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлчилгээний газрыг шалгаж, 331 зөрчил илрүүлэв. Үүнд иргэдийн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код байршуулаагүй, ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил түлхүү байжээ. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шинээр нээсэн дөрвөн чиглэлийн байгууллага болон өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийг 500 гаруй байцаагч хянаж байгаа. Улаанбаатар хотод 1000 гаруй ТҮЦ бий. ТҮЦ-үүд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсний дараа зөвхөн цонхоороо үйлчилнэ. Мөн QR код уншуулсан иргэнд үйлчлэх ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 26 зах, томоохон худалдааны төвийг шалгасан. Үйлчлүүлж буй иргэдийн кодыг уншуулахгүй, гар ариутгагч байршуулаагүй, ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл шаардлага хангахгүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг зөрчил цөөнгүй илэрсэн.

Ийм зөрчил гаргасан байгууллагуудыг эхний ээлжид торгоно, цаашид үйл ажиллагааг нь зогсооно” хэмээн ярилаа.
“Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан үсчин, гоо сайхан, барааны зах, дэлгүүрийн үйл ажиллагааг шат дараатай нээнэ гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос мэдэгдсэн. Одоогоор 14 салбарын байгууллагаас бусад газар хэвийн ажиллаж байна. Эхнээсээ үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөхгүй, нүд хуурч байгааг мэргэжлийн байгууллагынхан ч хүлээн зөвшөөрч буй. Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч иргэдийн хөл хөдөлгөөн их, халдвараас сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, нэрэн дээрээ үсчин, гоо сайханчдыг ажиллуулахгүй гэх ч дуудлагаар үйлчилдэг явдал газар авсан. Ингэж байхаар бүх аж ахуйн нэгж, үйлчилгээний газрыг нээсэн нь шулуухан санагдана. Гэвч эрүүл мэндийн байгууллага болон бүх л салбарын аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэм ягштал мөрдөж, өвчин тархаахгүйд онцгойлон анхаарч буй гэдэгт итгэхэд тун бэрх гэдэг нь улам бүр илэрхий боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.