Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлд хоёр дахь удаагаа хэсэгчилсэн хязгаарлалт тогтоов

Баянзүрх дүүргийн XVII хорооны оршин суугчдын дунд халдвар голомтлон гарч, нэг гэр бүлийн хүмүүс олноор өвчилж буй. Үүнтэй холбогдуулан халдварын тархалтыг хумих зорилгоор тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд өчигдөр 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоов. Одоогоор XVII хорооны 4-5 гэр бүлийн 20 орчим хүнээс “Ковид-19” илрээд байгаа. Мөн тус хорооны 14 ажилтан халдвар авчээ. Тиймээс сүүлийн долоо хоногт хорооны байранд очсон хүмүүсийг шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхааруулсан. Хөл хорио тогтоосон дээрх хугацаанд явуулын шинжилгээний зургаа, түр дөрвөн цэг ажиллуулж, иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулна. Мөн өчигдрийн 06.00 цагаас эхлэн Баянгол дүүргийн IV хорооны орон сууцын 1-17, 21, 43, 47 дугаар байрыг хамруулан, 48 цагийн хөл хорио тогтоолоо. Тус дүүргийн V, VI хорооны иргэдийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулах үеэр IV хорооны зарим оршин суугчийн дундаас зургаан хүнээс халдвар илэрсэн тул ийнхүү хөл хорио тогтоож, тандалт, судалгаа явуулах болжээ. Хэсэгчилсэн чанд дэглэм тогтоосон эдгээр байршилд зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхээс бусад шалтгаанаар гэрээс гарахгүй. Баянзүрх, Баянгол дүүргийн дээрх хоёр хорооны 10 000 орчим иргэнийг заасан хугацаанд илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа, онцгой байдлын 300 албан хаагч зохион байгуулж буйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарсны дараа хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах гэнэ. Тиймээс тус хоёр хорооны оршин суугчдыг иргэний үүргээ биелүүлж, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг албаныхан зөвлөлөө. Шинжилгээний цагийг www.eruul.gerege.mn цахим хуудсаар өгөх бөгөөд иргэд регистрийн дугаараа бичин, зааврын дагуу бүртгүүлэх юм байна. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг Баянзүрх дүүргийн Шуурхай штабын 8053-5063, 1900-1063 дугаарын утсаар лавлаарай.

“Халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудын 90 гаруй хувиас нь өвчин илэрсэн”

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын 10 гаруй голомт бүртгэгдсэний гурав нь идэвхтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. Тухайлбал, “Ачтан” болон хуучнаар Баянзүрхийн Нэгдсэн эмнэлэг, түүнээс улбаатай тус дүүргийн XVII хороог нэрлэсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 15 899 сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс “Ковид-19” илэрснийг ХӨСҮТ-өөс танилцуулав. Тэдний долоо нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр нь “Ачтан” эмнэлгийн голомтоос илэрчээ. Харин үлдсэн нэг нь Афганистанаас эх орондоо ирсэн энхийг сахиулагч юм байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн халдварын тоо 410, нийслэл бүртгэгдсэн нь 652 боллоо. ЭМЯ-ны өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр манай сонины сурвалжлагч холбогдож, “Алтанжолоо импекс” болон харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн бэрх”, “Цаст” компанийн ажилчид халдварт өртөхөөсөө өмнө ажлаа хийж байсан, эсэхийг тодруулахад хариулт, тайлбар хэлсэнгүй. Түүнчлэн Баянгол дүүргийн V, VI хорооноос хэчнээн хүнийг шинжилгээнд хамруулж, хэдийнх нь хариуг гаргасныг тодруулсан юм. Мөн тус хорооны иргэдийг PCR шинжилгээнд нэг удаа хамруулсан. Эхний шинжилгээгээр “Ковид-19” илрээгүй ч цаана нь халдвартай хүн үлдсэн байх вий, хэрхэн хяналт тавьж байгаа зэргийг нэмж асуухад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянгол дүүргийн V, VI хороонд халдвар голомтлон гарсан тул 20 176 хүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор найман хүнээс “Ковид-19” илэрсэн. Бид өвчтэй хүмүүсийн хавьтлуудыг тусгаарлахдаа ойрын болон дам гэж ангилдаг. Ойрын хавьтлуудыг ихэнхдээ тусгаарлах байранд 14 хоног хөл хорьж, хяналт, шинжилгээнд хамруулж байгаа. Учир нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудын 90 гаруй хувиас нь өвчин илэрч байна. Харин дам харилцсан хүмүүсийн дунд эл үзүүлэлт 3-4 хувьтай, тэднийг ихэвчлэн гэрт нь тусгаарлан, ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хяналтад авсан тул эмээх шаардлагагүй” гэв.

624 ариутгагч бэлджээ

Коронавирусийн халдварын үед ажиллах ариутгагч бэлдэх сургалтыг 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын болон өрхийн Эрүүл мэндийн төв, хувийн эмнэлгүүдэд энэ сарын 7-13-нд зохион байгуулжээ. Тус сургалтад эдгээр эрүүл мэндийн байгууллагын 624 мэргэжилтэн хамрагдаж, ариутгалын чиглэлээр ажиллахад бэлтгэгдэв. Сургалтыг ХӨСҮТ-ийн мэргэшсэн сургагч багш нар удирдаж, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгчээ. Мөн эмнэлгийн орчинд болон автомашин, түгээмэл хэрэглэдэг юмсын гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх, ариутгалын бодисыг зөв найруулж, зохистой ашиглах талаар хичээл заасан байна. Үүний дүнд ариутгагч нар хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц, үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт, хяналтын талаар нэгдсэн ойлголттой болж, шуурхай багт ямар үүрэг гүйцэтгэх талаар ур чадвар эзэмшжээ. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед төрийн болон хувийн бүх шатны байгууллагад ариутган, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж буй учраас ариутгагч бэлдэх сургалтыг цаашид үе шаттай явуулах гэнэ.

Алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ шинжилгээ өгөх шаардлагагүй

Баянзүрх дүүргийн XI, XX, Сонгинохайрханы XXI, XXXII, Хан-Уулын XIII, XIV, Чингэлтэйн XIX хороо нь нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын цаана буюу хотын төвөөс алслагдсан газарт байрладаг. Тэдгээр хороонд оршин суудаг иргэд, тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгч байжээ. Тэгвэл дээр дурдсан шалтгаантай хүмүүс өчигдрөөс шинжилгээ өгөх шаардлагагүй болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Иргэд зорчих хөдөлгөөний qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхийн кодыг уншуулснаар товчоогоор нэвтрэх аж. “Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны Шуурхай штабт бүртгүүлснээр товчоодоор орж, гарах эрх нь нээгдэх юм. Ингэхдээ хувийн автомашиныхаа дугаарыг бүртгүүлж, QR код үүсгэж болно. Тэгвэл заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүй, автомашины QR кодоо бүртгүүлэн зорчих эрхтэй. Харин нийтийн тээврээр зорчигчид иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагынхан иргэдийн үнэмлэхийн QR кодыг гар утсаараа уншуулж, хяналт тавина. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсанд хадгалагдан үлдэх боломжгүй” гэж нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ.

Уул уурхайн компанийн ажилчид ээлж сольж эхлэв

Уул уурхайн компаниудын ээлжийг солилцуулахаар өчигдөр Өмнөговь аймаг руу нислэг үйлдлээ. Сонины дугаар шилжих мөчид авсан мэдээллээр эхний онгоц 20.00 цагт нийслэлээс хөөрч, 22.50 цагт буцан ирэх хуваарьтай байв. Харин дараагийн нислэгүүдийн хуваарь хараахан гараагүй байлаа. Тухайн бүс нутагт ээлжээ өгөх 1000 шахам ажилчин бий гэнэ. Зарим нь ээлжээ солилгүйгээр 76 хоног сунаж ажилласан байна. Ээлж солих ажилчдыг уржигдар коронавирусийн PCR шинжилгээнд хамруулсан гэнэ. Ээлжээс бууж, орон нутаг руу явах ажилчдыг халдварын голомт болсон Улаанбаатарт нэвтрүүлэхгүйгээр очих газар луу нь шууд хүргэх арга хэмжээг тухайн аж ахуйн нэгжүүд нь зохион байгуулах аж. Түүнчлэн Өмнөговьд очиж ээлж авах ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хамтран маргаашаас эхлүүлэхээр болжээ.

Могойн хор ашиглан коронавирусээс хамгаалах
туршилт хийжээ

ОХУ-ын биологичид гурвалжин толгойт болон бусад могойн хор орсон ферментийн тусламжтайгаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүний эсийг хамгаалсныг “bioRx¬iv” цахим хуудсанд мэдээлжээ. “SARS-CoV-2” вирусийн бүрхүүл тослог молекулуудыг могойн хор бүхий бодис устгаснаас гадна үржлийг дарангуйлж чадсан аж. Энэ нь могойн хорыг “Ковид-19”-ийн эм бүтээхэд ашиглаж болохыг харуулжээ.
Оросын нийслэлийн дунд сургуулиудыг нэгдүгээр сарын 18-наас танхимаар хичээллүүлэх захирамж гарчээ. “Хүүхдүүд гэртээ суухаас залхаж байна. Гэхдээ сурагчдын дунд өвчлөл нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын журмыг чанд мөрдөх ёстой” гэж Москва хотын дарга С.Собянин мэдэгдэв. Тус хот халдварын тохиолдлын тоогоор улсдаа нэгдүгээрт ордог. Тодруулбал, 871 535 хүн халдвар авснаас 715 438 нь эдгэрч, 12 173 нь нас баржээ.
Ромын пап Франциск Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакцин хийлгэжээ. Өдгөө 84 настай тэрбээр “Бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь хүн бүрийн үүрэг тул вакцинжуулалтад хамрагдана” хэмээн урьд нь ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм. Ватиканы захиргаа уг вакцинаас 10 мянган хүн/тунг захиалсан аж.
Литва иргэдээ дархлаажуулах ажлаа түр зогсоожээ. Учир нь Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг тээвэрлэх явцад 75 градусын хүйтэнд хадгалах горим алдагдсан гэнэ. Тус улс вакцинжуулалтаа өнгөрсөн сарын 27-нд эхлүүлж, үүнд өнөөг хүртэл 22.5 мянган хүнийг хамруулаад байна.
Германы Хаген хотын өндөр настны асрамжийн газарт “Pfizer/BioNTech” компанийн вакцин хийлгэсэн хэд хэдэн хүн коронавирусийн халдвар авчээ. Эхний тунг хийснээс хойш 7-10 хоногийн дараа дархлаа тогтдог учир энэ хугацаанд халдвар авах магадлалтай гэж мэргэжилтнүүд тайлбарласан гэнэ.
АНУ-д коронавирусийн хоёр өөр хэлбэр илэрсэн тухай Охайо муж улсын их сургуулийн анагаах ухааны төвөөс мэдээлсэн байна. Тус улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн эдгээр вирус нь Британид илэрсэнтэй төстэй гэнэ. Мөн ген гурван хувиралтай өөр нэг хэлбэр үүссэн бөгөөд одоогоор хэр хурдан халдварладгийг нь тогтоох боломжгүй байгаа тухай Охайо муж улсын их сургуулийн анагаах ухааны төвийн ахлах судлаач Питер Молер мэдэгдэв.
Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн нийслэл Шижяжуанд “Ковид-19” голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэн тул эмнэлгийн хяналтын төв барьж эхэлжээ. 33 га газарт байгуулах төв нь тус бүр 18 ам метр талбайтай 3000 тасагтай байх аж. Лхагва гаргийн байдлаар дотоодод халдварласан 463, зөөвөрлөгдөн хоёр тохиолдол илэрчээ. Мөн тус улсад сүүлийн найман сарын хугацаанд коронавирусээр халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол лхагва гарагт бүртгэгдсэн байна.
Японы Засгийн газар ирэх сарын 7 хүртэл хоёр талын гэрээ байгуулсан Хятад, БНСУ, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз зэрэг 11 улс болон бүс нутгийн бизнес эрхлэгчдийг хил нэвтрүүлэхээ түр зогсоов.

ЗӨВЛӨГӨӨ

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100 дугаарын утсанд хандаарай

Нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулан, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр цөөнгүй байгууллага үйл ажиллагаагаа сэргээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, ялангуяа хүнсний зах, худалдааны төвүүд цөөнгүй үйлчлүүлэгчтэй, хөл гишгэх зайгүй шахам байна. Хэдийгээр дэглэмийг сулруулсан ч коронавируст халдварын эрсдэл буураагүй тул аль ч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдөх шаардлагатайг ЭМЯ-наас сануулсаар байна. Хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өгөх зөвлөмжийг тус яамнаас өчигдөр танилцуулсныг хүргэе.
Байгууллага:
-Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж, тэмдэглэх
-Хүн хооронд зай барих тэмдэглэгээ байршуулах
-Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчийн бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргуутай эд зүйлсийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
-Төлбөрийн карт уншигч төхөөрөмжийг спиртэн суурьтай уусмалаар арчих
-Жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай газарт тавихгүй байх
-Иргэдэд үйлчлэхдээ бээлий, эсвэл хүнсний хавчаар хэрэглэх
-Бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Агаар тогтмол сэлгэх
-Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка тавих
-Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
Ажилтнууд:
-Амны, эсвэл нүүрний хаалт зүүх
-Бээлий өмсөх
-“Ковид-19”-ийн талаар мэдээлэлтэй байх
-Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100 дугаарын утсанд хандах
Үйлчлүүлэгчид:
-Амны хаалт зүүх
-Нүдний шил зүүх
-Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
-Бусдаас 1.5-2 метрийн зай барих
-Хүнсний бүтээгдэхүүнд гараар хүрэхгүй, хавчаар ашиглах
-Бүтээгдэхүүнээс амсахгүй
-Олон бараанд хүрэхгүй
-Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй
-Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй
-Худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа, боодлыг арчиж, ариутгасны дараа хэрэглэх
-Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг
сайтар угаах

Бэлтгэсэн: О.Бат-Ундрах, М.Оч, З.Амгалан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.