Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Барьцаа хөрөнгийг байгальд “шингээнэ”

Архангай аймгийн Цэнхэр сумд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч сүйдсэн 40.6 га газрын 10-д нь 84 сая төгрөгөөр өнгөрсөн зун техникийн нөхөн сэргээлт хийжээ. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дансан дахь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөөс анх удаа гаргасан юм. Тодруулбал, “Эм жи эйч” компанийн ашиглаж байсан талбайг “тордох”-доо дээрх дансанд хуримтлуулсан мөнгөнөөс нь зарцуулсан байна. Үлдсэн талбайг нь нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүжилтийг тус компаниас ахин гаргуулж энэ онд хийхээр төлөвлөсөн аж. “Монгол газар” компанийн Цэнхэр сумын нутагт сүйтгэсэн газрыг тусгай дансанд байршуулсан хөрөнгөөр нь мөн энэ онд сэргээхээр төлөвлөжээ. Ийнхүү БОАЖЯ-ны тусгай дансанд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болгон аж ахуйн нэгжүүдээс хуримтлуулсан хөрөнгийг зарцуулах шийдвэрийг хэрэгжүүлж эхлүүлсэнтэй холбоотойгоор зарим зүйлийг тодруулсан юм.
2006-2020 онд 1135 аж ахуйн нэгжээс 17.9 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтийн барьцаа хэлбэрээр төвлөрүүлжээ. Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах болон химийн үйлдвэрийнхэн, төсөл хэрэгжүүлэгчид нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан, хянуулж батлуулаад тухайн жилдээ нөхөн сэргээхэд төлөвлөсөн зардлынхаа 50 хувийг барьцаа болгон байршуулсан нь энэ. Эл мөнгөнөөс аж ахуйн нэгж, байгууллагуудад огт буцаан олгоогүй бөгөөд дараа жилийнх нь нөхөн сэргээлтийн барьцаанд улираан тооцож ирсэн юм. Харин энэ оноос улираан тооцохгүйгээр, жил бүр нэмж мөнгө төвлөрүүлэх бодлого баримталж эхэлснээ холбогдох яамнаас нь мэдээллээ. Эрдэс бүтээгдэхүүний хайгуул, олборлолтын улмаас эвдрэлд орсон газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг шаардлагатай түвшинд, чанартай хийж, орон нутгуудад нь актаар бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс эвдэрсэн газрын хэмжээ жил ирэх бүр нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 30 790
га талбай сүйдсэнийг тогтоожээ. Үүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28 940 га нь эвдэрч, орхигдсон талбайн хэмжээ 8000 га болсон байна.
Түүнчлэн ашигт малтмалын олборлолт, ашиглалтаас үүссэн хууль бус байдалтай холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авч эхэлсэн юм. Ингэснээр сүүлийн нэг жилд 181 гомдлын 39.2 хувьд хэрэг бүртгэл нээхээс татгалзсан хариу авч. Харин 10 зөрчлийг харьяаллынх нь дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, 100-д нь хэрэг бүртгэл нээн өдгөө шалгуулж буй. Хэрэг бүртгэл хийсэн 11 тохиолдлын улмаас 437 га талбай эвдэрсний 340 га-д нь холбогдох аж ахуйн нэгжээр нь нөхөн сэргээлт хийлгүүлснийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч Б.Буяннэмэх хэлэв. Мөн 1973.96 га талбайд техникийн, 634.83 га-д биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн гэлээ. Дээр дурдсан хөрөнгөөр улсын хэмжээнд сүйдсэн газрыг “тордож” болох, эсэх, түүнчлэн нэг га-г хэдэн төгрөгөөр нөхөн сэргээх боломжтой талаар Б.Буяннэмэх “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор хуримтлуулсан барьцаа хөрөнгийн талаар нийгэмд ташаа ойлголт байгааг залруулах учиртай. Төрийн сангийн тусгай дансан дахь, цаашид төвлөрүүлэх мөнгийг нөхөн сэргээх шаардлагатай бүх газарт ашиглах боломжгүй, хүрэх ч үгүй.

Тухайлбал, аль нэг аймгийн нутагт хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн талбайг эл барьцаа хөрөнгөөс нөхөн сэргээхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь өөрсдийн тал
байдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлаа хангалтгүй хийсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр нь ажил хийлгэнэ. Хэрэв хөрөнгө дутвал үл маргах журмаар зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулна. Мөн тухайн газрын сүйдсэн нөхцөл, газрын гүн зэргээс шалтгаалж зарцуулах хөрөнгө харилцан адилгүй бөгөөд нийт талбайд хэдэн төгрөг шаардлагатайг хараахан хэлэх боломжгүй” гэв.
Тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг ийм урт хугацаанд яагаад захиран зарцуулахгүй байсан, ингэснээр байгаль орчин улам бүр сүйдэх, зарим аж ахуйн нэгж нэмж хөрөнгө гаргах чадамжгүй болж дампуурах нөхцөл үүссэн байх магадлалтай, эсэхэд БОАЖЯ тодорхой хариулт өгсөнгүй. Түүнчлэн 14 жил хуримтлуулсан, бага биш дүнтэй эл мөнгийг аль банканд хадгалсан болон хүү тооцуулан арвижуулах боломжтой, үгүйг лавлахад төрийн санд буй мөнгөнд хүү тооцуулах журам байхгүй гэлээ. Цаашид ирэх дөрвөн жилд дээр дурдсан 8000 талбайг эхний ээлжид нөхөн сэргээхээр төлөвлөсөн бөгөөд эл ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, компанийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулах юм байна. Мөн эвдэрч сүйдэн, олон жил орхигдсон талбайн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлуулж, орхигдсон талбайг анх ямар компани, хэдэн онд ашиглаж эхэлснийг нэгбүрчлэн олж, нөхөн сэргээлтийн зардлыг бүрэн гаргуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.