Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.БЯМБАЖАРГАЛ: Албан тушаалтны хувьд Үндсэн хуульд зөвшөөрөөгүй л бол хориглоно гэж ойлгох учиртай

Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.

-Танд Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгч Х.Баттулга Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж та үзэж байгаа. Нэн ойрын энэ сэдвээс ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө одоогоос 29 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсныг тэмдэглэе. Үүнээс хойш нийгэм, улс төрийн олон сорилт, бэрхшээлийг туулж, тэдгээрийг амжилттай шийдвэрлэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Үндсэн хуулийн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий нийтэд тулгамдаад буй цар тахлаас үүдэн улс орон, иргэнээ хамгаалах талаар ямагт санал, санаачилга гаргаж буйд би иргэний хувьд талархаж байгаа. Гэхдээ бид хэсэг хугацааны дараа өвчин, тахлын ард гарах байх. Харин энэ асуудлыг шийдэх гээд Үндсэн хуулийн буруу жишиг, эрх мэдлийн хуваарилалтын бас нэг гажуудал бий болгосон нөхцөл бүү үүсгээсэй. Ерөнхийлөгч төслөө УИХ-ын даргад өргөн барьж буй үйл явц, МҮОНТ-д өгсөн ярилцлагыг нь харахад өөрөө ч “Би хууль л өргөн барьсан” гэж хэлж байсан. Энэ бүхнийг хариуцдаг Тамгын газар нь Ерөнхийлөгчөөрөө арай туг тахих гэж байгаа юм биш биз гэсэн бодол төрж байна. Яагаад гэвэл, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид зөвхөн хууль санаачлах эрх олгосон. Түүнээс биш УИХ-ын тогтоол буюу парламентын бусад шийдвэрийн төсөл өргөн барих эрх олгоогүй. Үндсэн хууль гэх баримт бичигт албан тушаалтны хувьд юуг зөвшөөрөх вэ гэдгийг л бичдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зөвшөөрөөгүй л бол хориглоно гэж ойлгох учиртай. Үндсэн хуулиа дээдлэн сахихаар тангараг өргөсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг магадгүй Цэц хянан хэлэлцэж, улмаар түүнийг албан тушаалаас нь огцруулах, эсэх талаарх маргаан үүсгэх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй.

ӨРХӨД НЭГ САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ШИЙДВЭРИЙГ САНААЧЛАХ ЭРХ ЗАСГИЙН ГАЗАРТ Л ХАМААРНА

-Хууль, УИХ-ын тогтоол хоёрт ямар ялгаа байна вэ?

-Мэдээж зарчмын ялгаа бий. Гэхдээ нэгдмэл утгаараа хууль тогтоомж болдог. Нэг ёсондоо хамтдаа хэрэглэгдэх ч тохиолдол бий. Мөн тус тусад нь ч хэрэглэнэ. Гол нь ямар харилцааг зохицуулж байна, цаашид эрх зүйн ямар үр дагавар үүсгэх вэ гэдэгт л гол асуудал нь оршино.

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан нь яагаад Үндсэн хуулийн хэмжээний зөрчил гаргах болов гэхээр нэгдүгээрт, тэрбээр хуулийн төсөл өргөн барилгүй, дангаар нь тогтоол мэдүүлсэн. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тухай хуульд түүнийг зөвхөн хууль санаачлах эрхтэй байхаар заасан. Харин Үндсэн хуульд заасан энэ бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачлан, түүнийг хэрэгжүүлэх буюу дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан бол өөр хэрэг. Хоёрдугаарт, санаачилсан тогтоолын төсөл нь эрх зүйн үр дагаврын хувьд шууд хэрэгжихээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, тогтоол нь батлагдвал Засгийн газар хэрэгжүүлэх үр дагавар үүсгэнэ. Ийм ч учраас Хууль, тогтоомжийн тухай хуулиар хуулийн төслийг өргөн барихдаа Засгийн газраас хэрэгжүүлэх боломжтой, эсэх буюу санхүү, хүний нөөц, бусад асуудлын талаарх саналыг нь заавал авах учиртай. Тэгээгүй тохиолдолд Засгийн газрыг уг хууль тогтоомжийг хэрэгжүүл гэж хэлж чадахгүй шүү дээ.

Гуравдугаарт, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч нар Засгийн газарт чиглэл өгөх, хамтарсан шийдвэр гаргаж, түүнд хамтдаа гарын үсэг зурах хэлбэрээр энэ эрхээ хэрэгжүүлж ирсэн. Та санаж байгаа бол тэтгэврийн зээлийг тэглэх үйл явц яг үүнтэй ижил маягаар хэрэгжсэн шүү дээ. Дөрөвдүгээрт, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу УИХ-ын тухай хуульд хууль санаачлах эрх бүхий 78 субъект болох УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийг тус бүрт нь хүрээ, хязгаар тогтоосон. Ерөнхийлөгчийн санаачилсан эл төслийн дагуу цаашид үүсэх эдийн засгийн үр дагавар нь хэрэг дээрээ Засгийн газрын бүрэн эрх, нөгөө талдаа Ерөнхийлөгчийн санаачлах эрхгүй хууль тогтоомж болж буйд гол асуудал нь байгаа юм.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарын талаар тодруулахгүй юу? бий юү. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ямар сэдэв, агуулгыг хөндөж хууль санаачилж болохгүй вэ?

-Өнөөдөр хөндөгдөөд буй, өрхөд нэг сая төгрөг өгөх шийдвэрийг санаачлах эрх Засгийн газарт л хамаарч буй. Энэ талаар УИХ-ын тухай хуулийн 38.3-т төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар зэрэг улсын санхүүгийн талаарх бодлогын асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлахаар заасан. Энэ нь Ерөнхийлөгчийг эл асуудлаар хууль тогтоомж санаачлах эрхгүй болгож буй юм. Шалтгаан нь маш энгийн.
Гүйцэтгэх эрх мэдлийг салаалахгүй гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа энд явж байгаа юм. Бид эрх мэдлийн хяналт, тэнцлийг зохистой болгох зорилгоор Ерөнхийлөгчийг гүйцэтгэх болон шүүх эрх мэдэлд оролцох хүрээг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарласан. Улмаар Ерөнхийлөгч Монголын бүх ард түмний эв нэгдлийг хангах баталгаа болгон ажиллах институц байх чиглэлд зохих өөрчлөлт оруулсан юм шүү дээ. Тийм ч учраас 2019 оноос хойших Ерөнхийлөгч нар өмнөх Төрийн тэргүүнүүдээс зарчмын томоохон ялгаатай гэж ойлгох учиртай. Дор хаяж гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газартай булаацалдахгүй гэсэн үг.

ШҮҮГЧИЙГ ШИЛЖ ОЛОХ, ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ИНСТИТУЦИЙГ УЛСТӨРЧДӨӨС АЛЬ БОЛОХ БАГА ХАМААРАЛТАЙ БАЙХААР БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ ТУСГАЛАА ОЛСОН

-Одоогийн гэлтгүй ер нь манай үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиар бус, өөр бусад хуулиар хэтийдсэн эрх хэрэгжүүлж ирснийг шүүмжилдэг. Тиймээс ч өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ талаар нэлээд хөндөж, тодорхой өөрчлөлт хийсэн хэмээн ярьж буй. Яг энэ чиглэлд чухам ямар өөрчлөлт оруулсан талаар та тайлбарлахгүй юу?

-Маш товчхондоо бол Ерөнхийлөгчийн институц 1992 оны хувилбараас хойш (Тэр үед Ерөнхий сайдыг олонх заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилдог байсан) 2000, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дараа зарчмын томоохон ялгаатай болсон. Үүний нэг гол ялгаа нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар л олгогдсон бүрэн эрхийг хуульд дэлгэрүүлж зохицуулж болох хязгаарлалт юм. Өнгөрсөн хугацаанд үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуульд олгогдоогүй олон бүрэн эрхийг заримыг нь өөрөө ч санаачилж, хуульд оруулан, эрх мэдлийнхээ хүрээг тэлсэн байдаг. Ёстой л уулнаас өнхөрсөн цас шиг цаг явах тусам гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн олон эрхийг өөртөө хэт төвлөрүүлсэн нь нууц биш. Өнгөрсөн оны судалгаагаар 40 орчимд хуульд Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг нэмж оруулсан байгаа юм.

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Анхдагч шалтгаан бол намын лидерүүд Ерөнхийлөгч болж, улмаар хуулийн дагуу бүрэн эрх олж авах замаар улс төрийн эрх мэдлээ хадгалах оролдлого. Хоёр дахь нь Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүн буюу нэг талаасаа бүхний дээд дарга гэж үзэх хандлага. Үүнийг нь улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрч, “номер 1” гэж нэрлэх жишээтэй. Гэтэл ардчилсан, Үндсэн хуульт ёсонд хэн нэгэн бүхнийг мэдэх боломжгүй. Хэрэв хэн нэгэн ганцаар мэдээд эхэлбэл тэнд ардчилсан, Үндсэн хуульт ёс төгссөн буюу байхгүй гэсэн үг. Мөн эдгээр эрх мэдлээ хадгалах гол хөзөр нь шүүх засаглал болж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэлд өөрийн нөлөөг тогтоох замаар явж ирсэн байдаг. Дахин хэлье, энэ нь зөвхөн одоогийн ч биш, үе үеийн Ерөнхийлөгч нар энэ замаар замнасан. Тийм ч учраас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахын тулд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Үндсэн хуулийн хүрээнд л хязгаарлах бодит алхмыг хийсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүхийн хараат бус байдлыг хангаж, шударга ёс тогтооно гэсэн нь нэлээд хүлээлт үүсгээд байна. Манай шүүх засаглал дахь Ерөнхийлөгчийн нөлөө, оролцоо үлэмж их гэдгийг ч та сая цухас дурдлаа. Анхны хэлэлцүүлгээ даваад буй Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүх хараат бус ажиллах, тэр дундаа Ерөнхийлөгчийн нөлөөллөөс ангид байх ямар ямар хөшүүрэг, зохицуулалт тусгалаа олоод байна вэ?

-Одоо ямар байгааг сануулах үүднээс ганц жишээ хэлье. Шүүгчийн сахилга, хариуцлагыг бид нийгмээрээ шаардаж байгаа нь зүй ёсны хэрэг. Одоо Шүүхийн ёс зүйн хороо гэж байгууллага бий. Одоогийн хуульд зааснаар энэ байгууллагын бүх гишүүн, даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Гэтэл сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд энэ байгууллага хуралдаж чадаагүй. Учир нь бүрэлдэхүүнгүй буюу Ерөнхийлөгч гишүүд, даргыг нь томилоогүй. Түүнчлэн шүүгчийг шилж олох ажлыг хийх Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил гаруй болж байна. Бас л Ерөнхийлөгч томилоогүй. Санал болгосон хүнийг нь томилдоггүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч нэг жилийн дотор хоёр удаа солигдлоо. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч томилдог. Энэ мэтээр олон зүйл хэлж болно. Одоогийн хуулиар шүүх эрх мэдлийн бие даасан байдал нь зүгээр л цаасан дээр үлдэж, Ерөнхийлөгчийн институцээс хэт хамааралтай болсон. Цаашлаад нэр бүхий шүүгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх асуудлыг шийдэхээс эхэлсэн ажил төгсөхдөө прокурор, бүр даамжраад АТГ-ыг бүхэлд нь Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдаас хараат болгосон. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ гэх Үндсэн хуулийн бус байгууллагад шууд эрх олгох замаар улс төрийн хэрэгсэл болгон, эрх мэдлийн ноцтой зөрчил үүсгэж, Үндсэн хуулийн суурь зарчмаа уландаа гишгэснийг бид бэлхнээ харсан шүү дээ.
Тэгвэл энэ удаа Шүүхийн тухай хуулийг шинэчилж, Үндсэн хууль зөрчсөн эдгээр асуудалд цэг тавьж, шүүх эрх мэдэл бие даан ажиллах хууль зүйн боломж бүрдэх болов уу гэсэн найдвар төрүүлж байна. Хамгийн түрүүнд шүүгчийг шилж олох, тэдэнд хариуцлага хүлээлгэх институцийг шүүх, олон нийтийн тэнцүү төлөөлөлтэйгөөр, улстөрчдөөс аль болох бага хамааралтай байхаар бүрдүүлэх зохицуулалт тусгалаа олсон харагдаж байгаа. Дээр нь шүүхийн дотоод хараат бус байдлыг хангах зорилгоор бодитой зохицуулалтууд тусгасан байна лээ.

-Энэ онд бид Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох гэж байна. Ингэснээр зарчмын ямар өөрчлөлт, нааштай үр дүн гарах бол?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 1.8 жил орчим байж ирсэн. Хоёр л Засгийн газар буюу П.Жасрай, Н.Энхбаяр нар Ерөнхий сайдаар дөрвөн жил ажилласан байдаг. Үүнийг нэг том, механик шалтгаан нь УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн олонхын Засгийн газар, түүний мөрийн хөтөлбөрийг хоёр жилийн дараа сонгогдох Ерөнхийлөгчийн амласныг хэрэгжүүлэх танхимаар сольж байсанд оршдог. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч нар гүйцэтгэх эрх мэдлийг таллаж, улмаар Засгийн газрыг цөөнхтэй, эсвэл олонхын доторх бүлэглэлтэй нэгдэж, огцруулж ирсэн нь нууц биш.
Одоо энэ хугацаа холдох боломж үүгээр бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тогтвортой ажиллах бас нэг улс төрийн нөхцөл бий болно. Энэ тооцоогоор 12 жилийн дараа буюу УИХ-ын сонгууль 2032, Ерөнхийлөгчийнх 2033 онд болж өнөөгийнх шиг давтамж үүсэж болно. Түүнээс хойш зай нь аажмаар холдох юм. Энэ нь алсдаа гүйцэтгэх эрх мэдлийг сонгуулийн үр дүнд олонх болсон нам хэрэгжүүлж, бодлогоо тодорхойлон ажиллах боломж бүрдэх, цаашлаад парламентын бүгд найрамдах засаглалтай бусад улсын жишгээр хөгжих эрх зүйн бодит хөшүүрэг болно гэж харж байгаа.
Түүнчлэн Ерөнхийлөгч бол УИХ-аас томилогддог албан тушаал байхаар 1992 оны Үндсэн хуульд заасныг санах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай. Зөвхөн анхан шатны сонгуульд иргэд сонгож оролцон, улмаар УИХ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хууль гарч байж томилогддог. Энэ утгаараа Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжүүлэх ажлыг шаардах нь буруу. 2019 оны нэмэлт, өөрчлөлт энэ л үзэл санааны хүрээнд хийгдсэн.

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХОЛБООТОЙ НЭГ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОН. ТЭР НЬ УЛИРАН СОНГОГДОЖ БОЛНО ГЭХ ЗААЛТ

-Айсуй сонгуультай холбоотойгоор өнөөгийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхтэй, эсэх талаар янз бүрийн л байр суурь хөвөрч байна. Таны хувьд Х.Баттулга гэдэг хүн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй юү?

-Энэ талаар олон зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ хариулт болох зүйл нь Үндсэн хууль, түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Та бүхэн санаж байгаа бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалт хүчингүй болсон. Тэр нь улиран сонгогдож болно гэх заалт. Үндсэн хуульд заагаагүй бол хориглоно гэх зарчмыг би дээр дурдсан даа. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалт байсан. Түүнийг 2025 оноос дагаж мөрдөхөөр заасан байсан ч тэр нь одоо байхгүй шүү дээ.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас авхуулаад батлах, өдгөө түүнд нийцүүлэн шинэчилж буй зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд оролцож буй судлаач. Энэхүү нэмэлт, өөрчлөлт, үүний дагуу өрнөж буй, зарим хүний тодорхойлсончлон “эрх зүйн хувьсгал” гэгдэж байгаа үйл явцад хэр сэтгэл хангалуун байна вэ. Сүүлийн хоёр, гурван жилийг дамнан хэрэгжүүлж буй энэ үйл явцыг товч дүгнэхгүй юү?

-Судлаачийн хувьд “хувьсгал” гэдэг нэр томьёоноос зайлсхиймээр байдаг. Үүний оронд “шинэтгэл” гэх нэр томьёо илүү оновчтой. Яагаад гэвэл, “хувьсгал”, “шинэтгэл” хоёр хоорондоо олон зүйл, шинжээрээ төстэй. Ганц том ялгаа нь “хувьсгал” бол одоо байгаа төр, засгийн суурь бүтэц, үнэт зүйлсээ нурааж, эрс шинэчлэл, шинэ засгийн хэлбэрийг бий болгох гэдэг. Харин “шинэтгэл” бол одоо байгаа засгийн хэлбэр, улс төрийн дэглэм, үнэт зүйлсээ өөрчлөхгүйгээр эрс шинэчлэл хийж болдог эд.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шууд нэр заан жагсааж, шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөх 40 орчим хууль бий. Энэ бол нүсэр ажил. Жишээ нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг саяхан баталлаа. Тэгвэл энэ хуульд нийцүүлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 300 орчим хуульд их, бага хэмжээгээр нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл үүсэж байна. Магадгүй одоогийн битгий хэл, дараагийн Засгийн газар ч хийж дуусах уу гэмээр ажил л даа. УИХ хурал ёстой л амрах эрхгүй ажиллах шаардлага тавигдаж байгаа. Нийгмийн суурь шинжтэй хуулиудаа бид шинэчилж эхэллээ. Нэг талаараа энэ эрх зүйн шинэтгэл наанадаж ирэх 30 орчим жилийн амьдрал, цаанадаж Монгол Улсын хувь заяаг шийдэх ажил.
Гэхдээ хууль батлахаас гадна түүнийг цааш зөв хандлага, арга зүйгээр хэрэгжүүлэх нь магадгүй түүнээс ч хүнд ажил байх талтай. Энэ ч үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөрийг боловсруулж байгаа болов уу. Асуудлыг бүрэн шийдэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн утга санааны дагуу эрх зүйн шинэтгэл хийе гэвэл бид багагүй цаг хугацаа зарцуулах шаардлагатай.

-Төгсгөлд нь “Бага Үндсэн хууль” гэгддэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар тодруулъя. Уг хуулийг шинэчлэн батлахад оролцсон ажлын хэсгийн гишүүний хувьд та бид энэ хуулиас ямар шинэчлэл хүлээх ёстой гэж хэлэх вэ?

-Олон зүйл хэлж болох ч тоймлоод дараах зүйлсийг дурдъя. Юуны түрүүнд энэ хууль Монгол Улсад цаашид засаг захиргааны шинэтгэл хийх эхлэлийг тавих учиртай. Гэхдээ засаг захиргааны шинэтгэл хэмээх энэ үг алга урвуулахын завсарт хийгддэг хялбар ажил огт биш. Хоёрт, энэ хууль орон нутаг бие даан хөгжих бус, харин орон нутаг бие дааж асуудлаа шийдвэрлэх бодит эрх мэдлийг олгож байгаа. Орон нутгийн чиг үүргийг төрийнхөөс салгах байдлаар энэ нь илрэн гарч буй. Гуравт, орон нутаг хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь, хэмжээ тогтоох замаар хөгжих боломжийг нээж байна. Гэхдээ энэ нь манайх холбооны улс болж байна гэсэг үг огт биш. Хууль бүхэлдээ Монгол нэгдмэл улс байх зарчмыг хангах байдлаар бичигдсэн.

Гэхдээ хуулийг батлах нэг хэрэг. Одоо энэ хуулиа зөв хэрэгжүүлэх нь хамгийн хүндрэл, бэрхшээлтэй. Хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заасан. Хамгийн түрүүнд энэ хуулийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар санаачилга, идэвх зүтгэлтэйгээр хийх шаардлагатай. Юуны түрүүнд хуулийг хэрэгжүүлэхдээ өнөөгийн уламжлалт хандлагаа эрс өөрчлөх шаардлага тулгарна. Хуулийг шинэчилчихээд хуучин хандлагаар хэрэгжүүлэх гээд алдаж, эцэстээ буруутан нь хууль өөрөө болж хувирсан тохиолдол цөөнгүй. Иймд Засгийн газар, яамд өнөөгийн удирдлагын төвлөрсөн байдлаас ангижирч, Үндсэн хууль, түүнд нийцүүлэн баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ шинэ хандлага, арга барилыг баримтлах шаардлагатай.

1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.