Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-аас Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо

Америкийн Нэгдсэн Улс нь өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА)  дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зурав.

Энэхүү өргөтгөл нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой юм.Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

“АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой” гэж Элчин сайд Майкл Клечески хэллээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ юм” гэжээ.

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно. 

ЖДҮ-г санхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно.

Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. 

Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм.

АНУ-ын ОУХА нь өмнөх хөтөлбөрүүдийн амжилтад тулгуурлан авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, захиргааны шинэтгэлийг сайжруулах, боловсрол, иргэний оролцооны соёлыг сурталчлах чиглэлээр явуулж буй Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг  үргэлжлүүлэн дэмжиж, хувийн хэвшлийн өсөн дэвжих орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.