VIII Богд Жавзандамба хутагтын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухал үзмэрүүдийг олонд толилуулна

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй олон талт арга хэмжээний нэг нь “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэн юм.

Наймдугаар Богд гэгээн бол Их Хүрээний дэг дэглэмийг сайжруулахыг хичээн, жаяг дэглэм зохиож, Шадүвлин хийдийн жаягийг бичсэнээс гадна Өндөр гэгээн, Бурхан багш, Богд Зонхова, Өндөр Жанрайсиг тэргүүтэн бурхан шүтээн бүтээж, Шэйравпэлжэйлин ордон, Идгаачойнзинлин дацан, Дандарлингийн аймаг, Эх дагины аймаг, Чойжон сахиусны сүм тэргүүтнийг бүтээн Хүрээ барын Ганжуур, зэс барын Жадамба судрыг хэвлүүлэн тархааж, Цамын баг, Дүйнхорын лойлон тэргүүтнийг шинээр бүтээлгэж, түвэд хэлээр нэг сүмбүм ном туурвисан шашин номын их хутагтан юм.                        

Иймд Наймдугаар Богд Жавзандамба хутагтын үлдээсэн өв цаглашгүй арвин. “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухал нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавих гэнэ. Үзэсгэлэнгийн нээлт ирэх сарын 01-нд тохионо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)