“Ultimate cycler” цахим хуудсаар дамжуулан хохирогч болсон иргэд олон байна


“Зогсолтгүй эргэх хүч” ХХК-ийн нэрээр халхавчлан АНУ-ын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сантай хамтарч ажилладаг хэмээн иргэдийг залилдаг байсан сүлжээний толгойлогчдод Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэд иргэдээс бодит байдлыг нууж, доороо төдөн хүн элсүүлснээр ийм хэмжээний шагнал авна гэх мэтээр сүлжээний залилангийн аргаар хууран мэхэлж, төөрөгдүүлэн “Ultimate cycler” цахим хуудсаар дамжуулан 2016, 2017 оноос луйвар хийж байжээ. 

Энэ сүлжээнд нэгдсэн иргэд фэйсбүүк хуудсаар мэдээллээ түгээж, “амар хялбараар мөнгөө өсгөх боломжтой” хэмээн иргэдэд сурталчилж, голдуу Эрдэнэтийнхнийг эгнээндээ нэгтгэжээ. Мөн Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгийнхан ч элссэн аж. Одоогоор хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, аудитын дүгнэлт гараагүй бөгөөд бүх хохирогчийг тогтоосны дараа хохирлын хэмжээг нарийвчлан гаргах гэнэ. 

Тиймээс “Зогсолтгүй эргэх хүч” компани, “Ultimate cycler” цахим хуудсаар дамжуулан хохирсон иргэдийг Мөрдөн байцаах албаны дээрх хэлтэст ирж мөрдөгч, дэд хурандаа Г.Наранбаатартай уулзах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)