UFC-гийн хамгийн харгис эмэгтэй тулаанчийн сэтгэл хөдлөм түүх

холимог тулаан

Крис Сайборг бол холимог тулааны спортын түүхэн дэх хамгийн харгис, өршөөлгүй эмэгтэй тамирчдын нэг. Өнгөрсөн өвлөөс өмнө тэрбээр ердөө ганцхан тулаанд ялагдаад байсан бөгөөд UFC-ийн дэвжээнд дөрвөн өрсөлдөгчөө нокаутаар дийлж, дэлхийн аварга асан Х.Холмийг буулгаж авсан юм. Эдгээр тулаан бүртээ К.Сайборг зөвхөн илт давуу ялаад зогсохгүй асар хүчтэй цохилтоор өрсөлдөгчдөө бут ниргэж байлаа. Ингэснээр Крисээс бүгд айх болов. Хагас хөнгөн жингийн дэлхийн аварга асан Ж.де Рандами аймшигт бразил бүсгүйтэй тулалдахаас эмээсэндээ хөнгөн жин рүү шилжиж байсан түүхтэй.

Гэвч амжилт, ялалтаар дүүрэн нэгэнд ч хүнд бэрх цаг байдгийг К.Сайборгийн түүх нотолно. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт UFC-гийн сүүлчийн тулаандаа Фелициа Спенсерийг илт давуу ялахынхаа өмнө доорх сэтгэл хөдлөм түүхийг сэтгүүлчдэд ярьжээ.

2011 онд К.Сайборг найз залуу Евангелиста Сантосоос (мөн холимог тулааны тамирчин) салснаар бараг л гудамжинд гарчээ. Тэр хоёр нэг дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ хийдэг байсан учир К.Сайборг шинэ заал, шинэ дасгалжуулагч хайх ёстой болов. Тэрбээр ретривер үүлдрийн Федор нохойны (тэрбээр нохойндоо ОХУ-ын шилдэг тулаанч Фёдор Емельяненкогийн нэрийг өгчээ) хамтаар Сан-Диегог орхилоо. “Strikeforce” холбооны аваргын бүсээ хамгаалах тулаан нь удахгүй болох учир түүнд цаг хугацаа алтнаас илүү үнэтэй байсан аж. “Хонох газар олж чадахгүй байсан нь маш хэцүү байлаа. Надад мөнгө, Страйкфорс холбооны аварга цол байсан ч зээ лийн түүх минь тийм ч сайн байсангүй. Тийм учраас байр авах боломж олдоогүй. Үүнээс шалтгаалж ихэнхдээ найзуудынхаа гэрээр хоноглож, заримдаа машиндаа унтдаг байлаа. Дараа нь арайхийж байр олсон ч Федортой хамт байхыг байрны эзэн нь зөвшөөрөөгүй. Ингээд би нохойгоо нэг танилдаа өгье гэж шийдсэн юм. Бид хоёр ярилцаж тохироод байсан ч нохойгоо хүнд өгнө гэдэг надад тун хэцүү санагдсан. Санаа дагаад ч тэр үү, нохой минь гуниглаад байх шиг болсон. Эцэст нь би нохойгоо найздаа өгөхөө больсон” хэмээн К.Сайборг дурсжээ.

Эцэст нь өгүүлэхэд, UFC-тэй холбоотой байгуулсан К.Сайборгийн гэрээ дууссан байна. Тус холбооны ерөнхийлөгч Д.Уайт бразил тулаанчид хүйтэн хөндий ханддаг боловч холимог тулааны спортын хамгийн алдартай тамирчныг “Bellator” зэрэг өөр холбоонд алдахыг хүсэхгүй биз ээ.

Хэрэв К.Сайборг UFC-тэй шинэ гэрээ байгуулвал А.Нуньесээс хариугаа авах ширүүн тулаан спорт сонирхогчдыг хүлээж буй нь гарцаагүй.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)