"UB Food Festival"-аар мастер тогоочид үзүүлбэр үзүүлнэ

“UB Food Festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах болсон. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв.

““UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. Гурван өдрийн турш урлаг соёлын маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Жишээлбэл Цирк, Монголын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулгын үзүүлэбүүд, хамтлаг дуучдын тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна. Мөн мастер тогооч нарын холбооны сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлнэ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд олон сохирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн “Гэрэл плас мэдиа” группын төслийн менежер Б.Энхжаргал ярилаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Монгол хоолны талаар бид тодорхой хэмжээний судалгаа хийсэн байгаа. Үүний үндсэн дээр Монгол хоолоо гадаад төдийгүй Монгол иргэддээ таниулах зорилготой. Цаашдаа олон улсад Монгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргахаар зорьж байна. Үүний эхлэл болгож “UB Food Festival”-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулаад явна” гэв.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивалд оролцохоор бүртгүүлээд байгаа аж. “UB Food Festival” өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1000-5000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)