"Ub Comedy"-оор зочилсон нь

Хэсэг нөхдийн хамт үдшийн 21:00 цагийн үед итгэлгүйхэн нэгэн цэнгээний газар руу шинэ зүйл туршиж үзэхээр орлоо. Би тийшээ ууж, идэх гэж биш харин Улаанбаатар хотод оройн цагаар арай өөрөөр найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөж болдог гэдгийг сонссоноос өөрөө мэдрээгүй очсон тул миний хувьд маш харанхуй санагдаж байсан ч ороод гарахаар шийдсэн юм. Үүдээр нь орох гэтэл хажуунаас нэг жижигхэн биетэй залуу билет авч дотогш нэвтрэхийг сануулав. Тийш шагайхаас өмнө дотор байгаа хүмүүсийн хөхрөлдөөн  энэ хананы цаана юу болоод байгааг бушуухан харах гэсэн хүсэл төрүүлж яг л гадаа гарахаар яарч буй хүүхэд шиг догдлуулж байлаа. Хананы цаад тал миний төсөөлснөөс жижиг байсан хэдий ч ширээний хажуугаар дахин сандал нэмэн тойрч суугаад хүн явах зайгүй болгосон үзэгчид тэднийг ямар аятайхан зүйл хийдэг тухай хамгийн эхний сэтгэгдэл төрүүлсэн юм. Булан тохой бүрт чанга хөхрөх дуу хадаж тэрхэн зуур бодогдож байсан бүх хийсвэрлэлийг маань аваад хаячихлаа. Тонгочиж явсаар хамгийн урд талын эгнээний сандал дээр суудал олж тухлав. Тайзан дээр хорин хэдэн настай, нуруулаг залуу өөрийн хэлсэн үг болгоныг хошигнол болгон үзэгчдийг баясгаж байлаа. Түүний ярьж байгаа сэдвийн дийлэнх нь насанд хүрэгчдийнх байсанд эвгүйрхэж таагүй царай гаргахад тэр анзаарсан бололтой “Хүний амьдралд үргэлж л тохиолддог зүйл шүү дээ” гэж хээв нэг хэлсэн нь надад зориулсан мэт санагдав. Тоглолтын дараа түүнтэй хэсэг ярилцах боломж олдсон юм. “Манайхан насанд хүрэгчдийн сэдвийг их сүртэй хүлээж авдаг, тэглээ ч энэ бол хамгийн өргөн мөн, манайхны хувьд тийм ч нээлттэй биш учир үргэлж хүмүүсийн сонирхлыг татаж байдаг сэдэв юм. Энэ бол хүний амьдралын л нэг хэсэг шүү дээ” гэв. Тэр огт худлаа зүйл хэлсэнгүй. Би ч дотроо нээрэн л тийм дээ гэж бодож сууснаа та бүхнээс нуух юун. Энэ бол “Ub Comedy Night” байсан юм. Америк маягийн тайзан дээрх хошигнол. Хамгийн энгийнээр тайлбарлавал тайзан дээр байгаа залуу  үзэгчдийн толгойд төсөөлөл өгөх төдий түүх, эсвэл ямар нэг зүйлийг  дүрслэн шүүмж, хошигнол ярьж ирсэн гийчдээ инээлгэх явдал юм.  

“Ub Comedy“ клубын залуус ам бүл 10-уулаа гэнэ. Энэхүү клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэг гэх залуу 2014 оноос эхлэн эл үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдэнд тоглолтоо хийдэг тогтсон нэг газар байдаггүй. Гэсэн хэдий ч аль болох хотын төвд Сөүлийн гудамж хавьцаа төвлөрөхийг хичээдэг ажээ. Мэргэжлийн жүжигчид биш хэдий ч өөрсдийн авъяас, мэдрэмжээрээ давгүй хошигнож хүнд инээд бэлэглэж чаддаг залуус байна билээ. Өглөөд бүгд л өөрсдийн ажил, мэргэжлээ хийж харин оройн цагаар сонирхлоороо ийн арга хэмжээ зохиодог гэхэд чамлахааргүй авъяас тэдэнд харагдсан шүү. Нэгэн хэвийн бус 7 хоногийн 3 өдөр өөр, өөр хэв маягтай шоу хийх гэж хичээж байгаа гэнэ. Тэд “Open Mic” буюу үзэгчид тайзан дээр чөлөөтэй гарч хошигнож болох өдрийг сэдэн зохиож эхэлжээ. Ингэснээр тэд өөрсдөөсөө илүү шогч хүн хаа нэгэн газар байгаа гэдэгт итгэн эрэл хийдэг байна.

“Монголд л хөгжөөгүй болохоос энэ бол урлаг. Хэдий мэргэжлийн бус хүн ч гэсэн би үүнийг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Бүр илүү хөгжүүлнэ. Яагаад болохгүй гэж, дөнгөж эхэлж байсан үеэ бодвол ингээд өөрсдийн гэсэн тайзтай, хүмүүсийн сэтгэлд нийцэж, бидний тоглолтыг хүлээж суудаг үзэгчидтэй болсон байна. Энэ бол миний насаараа хийх зүйл гэж боддог” хэмээн Б.Батбилэг ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)