“Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш 18 жилийнхээ доод түвшинд хүрлээ

Оюутолгой

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш доошилсоор байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өмнө нь тооцсоноос 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй, цахилгаан станцын санхүүжилтийг шийдэх шаардлагатай байгааг “Оюутолгой” компани өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. 

Үүний дараа буюу баасан гарагт “Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш 2000 оны арванхоёрдугаар сараас хойших доод түвшиндээ хүрсэн тухай “Australian financial review” уламжлав. Ер нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тус компанийн хувьцааны үнэлгээ 81.5 хувиар буурсан аж. Тэгвэл makdaily.com цахим хуудсанд дээрх хувьцааны ханшийг түүхэн доод түвшиндээ хүрлээ хэмээн бичжээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Turquoise hill resources”- ийн хувьцааны ханш долоон хувиар багасаж, нэгж нь 0.46 ам.доллартой тэнцээд байгаа юм.

Сонирхуулахад, “Turquoise hill resources”-ийн 50.8 хувийг эзэмшдэг, “Оюутолгой” төслийн менежментийг хариуцаж буй “Rio tinto” нь BHP компанитай хамтран АНУ-ын Аризонад Оюутолгойтой ойролцоо хэмжээтэй, зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулна хэмээн найдаж байгаа гэнэ. Хэрэв уг төслийг хэрэгжүүлбэл 40 гаруй жилийн хугацаанд 40 тэрбум паунд зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж таамаглаж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)