"Sky resort" цанын бааз, АСЕМ-ын байшингуудын бохир ус Туул гол руу цутгаж байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл "Sky resort" цанын бааз, АСЕМ-ын байшингуудын бохир ус Туул гол руу цутгасан талаар мэдээлэл хийлээ.

"Анх 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Туул гол руу их хэмжээний бохир ус урсаж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажиллахад АСЕМ-ын барилгын баруун хойд талын бохирын цооногоос бохир ус хальж асгараад хөлдсөн байдалтай байсан. Мөн 86, 87 дугаар бохирын худгуудаас их хэмжээний бохир ус халиад автозам дээр тунаж үлдсэн байдалтай байсан. Түүнчлэн 113 дугаар худгаас бохир ус хальж үеийн далангаар дамжин Туул гол руу цутгаж хөлдсөн байдалтай байсан. Эдгээр газруудад их хэмжээний үнэр байсан. Үүнтэй холбогдуулан бид Нийслэлийн шуурхай удирдлагын төвүүдэд утсаар хэлж арга хэмжээ авсан. 

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр ажиллаж, мөс, хөрснөөс дээш авч шинжилгээ авсан. Гуравдугаар сарын 4-ны өдөр МХЕГ-ын дарга шуурхай хуралдаан зарласан. Хуралдаанд УСУГ-ын ерөнхий инженер, MCS-ын удирдлагууд, "Sky resort" цанын баазын удирдлагууд байсан. УСУГ-аас 2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр төвийн шугамыг нь хаасан байдаг. Хаасан шалтгаан нь гэрээ хийснээс илүү их бохир ус төвийн шугмаар урсаж байна гэж тайлбарласан" гэлээ.

Тухайн газраас МХЕГ-аас шинжилгээний хариу болон улсын байцаагчийн дүгнэлтийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн боловч үл биелүүлжээ.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)