“Rio Tinto” компани “Оюутолгой” дахь эзэмшлийн хувиа нэмэх сонирхолтой байна

“Оюутолгой” дахь эзэмшлээ нэмэгдүүлэхийн тулд “Turquoise Hill Resources”-ийн хувиа өсгөхөөр “Rio Tinto” сонирхож байгаа гэж “The Australian” сонин мэдээлжээ. Энэ ажилд “Goldman Sachs” зөвлөх үйлчилгээ үзүүлж буй агаад одоогоор хөрөнгө оруулагчидтай санал солилцож байгаа аж. Энэ талаар “Rio Tinto” болон “Goldman Sachs” тайлбар өгөхөөс татгалзсан байна. Одоогоор “Rio Tinto” нь “Turquoise Hill Resourc­es” компанийн 51 хувийг эзэмшиж буй юм. Тэгвэл “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг нь “Rio Tinto”-д “Оюутолгой”-н 33.66 хувь ногддог гэсэн үг аж. “Turquoise Hill Resources”-ийн үлдэх хувийг худалдан авахад гурав тэрбум гаруй ам.доллар шаардлагатай болж магадгүй талаар дээрх сонины цахим хуудсанд дурджээ. “Deutsche” банкны шинжээч Пол Янг “Оюутолгой” нь дэлхийн зэсийн хамгийн сайн төсөл юм” хэмээн онцолсон байна. Ирэх долдугаар сарын 1-нээс “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах нь тодорхой болсон Жан Себастьян Жак өмнө нь “Таваарын үнэ хямд байгаа үед зэсийн орд эзэмших нь нээлттэй” гэж өгүүлж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)