“Rio tinto” дараагийн Оюутолгойг хайж эхэлжээ

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio tinto” Монголын говьд шинээр хайгуул хийж буй талаар “Reu­ters” уламжлав. Энэ нь хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож эхэлсний дохио хэмээн мөн тэмдэглэжээ.

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компанийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер “Оюутолгойн лицензтэй талбайнуудаас өөр хэсэгт хайгуулын өрөмдлөг хийж эхэлсэн” гэж өгүүлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Оюутолгойн ордтой ойролцоо өрөмдлөг хийж байгаа бололтой. Дашрамд дурдахад, “Turquoise hill resources”-ийн 51 хувийг “Rio tinto” эзэмшдэг билээ.

Түүнчлэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, манайд зэс, алтны “Хармагтай” төсөл хэрэгжүүлдэг “Xanadu mines” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхааралд эргэн орлоо” хэмээн ярьсныг эш татжээ. Бас зэсийн баяжмалын үнэ, борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Оюутолгой” компанийн орлого энэ оны нэгдүгээр улиралд өмнөх жилийнхээс 5.7 хувиар өссөн гэж тэмдэглэсэн байв. Тэгвэл mining.com цахим хуудас “Rio tinto” дараагийн Оюутолгойг хайж эхэллээ хэмээн мэдээлсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)