“Petro Matad”-ын өрөмдсөн “Цэн тогоруу” цооногоос газрын тос өөрийнхөө даралтаар ундран гарч ирэв

- Монголын геологичид 79 жилийн дараа тос илрүүллээ –

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай “Petro Matad” компани “Матад-ХХ” талбайд (Монголын зүүн хэсэгт Тамсагийн сав газрын урд хэсгийг бүрхсэн 10 340 ам км газрыг хамардаг) өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаараа газрын гадаргад гарч ирсэн талаар дээрх бирж мэдээллээ. Тус компанийнхан Дорнод аймгийн Матад сумын нутагт хоёр цооног өрөмдсөн юм. Энэ талаар “Petro Matad” компанийн хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжихаас тодруулахад “Газрын тосны хуримтлал үүсгэсэн байх магадлалтай геологийн бүтцийг таамаглаж, тос агуулж болох үндэслэлийг нь тодорхойлж, эдийн засгийн тооцоо хийсний үндсэн дээр цооног өрөмдөх байрлалаа тогтоосон. “Цэн тогоруу” цооногийг өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс өрөмдөж эхэлсэн юм. Цооногийг өрөмдөх явцад 2650 орчим метрийн гүнээс эхлэн өрмийн хошуугаар бутлагдаж, угаалгын шингэнээр тээвэрлэгдэн газрын гадаргууд гарч ирсэн үйрмэг чулуулгийн дотор тосны ул мөрүүд үзэгдэж эхэлсэн. Энэ нь 2803 метрийн гүнээс эхлэн эрс олширч, 2880 метрийн гүн хүртэл ажиглагдсан. Өрөмдлөгийг дуусгасны дараа цооногийн хананд геофизикийн хэмжилт, өгөгдлүүд дээр тайлал, тооцооллын ажил гүйцэтгэж, тос нь хөдөлгөөн хийж, цооног руу урсаж орж ирэх чадвартай гурван үеийг олж тогтоосон. 2834-2846 метрийн гүнд орших 12 метр “бохир”, 10.2 метр “цэвэр” зузаантай элсэн чулууны үеийг цооногтой холбоход газрын тос, байгалийн хий өөрийн даралтаараа газрын гадаргуу дээр гарч ирсэн” гэв.

Тус компанийнхны анхны тооцооллоор цооногийн гарц өдөрт 200 торхоос илүү байх боломжтой гэнэ. Цооног өрөмдөхөөс өмнөх тооцооллоор уг ордоос 25 сая торх тос олборлож болно гэж үзжээ. Гэхдээ дээрх цооногоос ус гарч ирээгүй, дан тос ундарсан учраас энэ тоо нэмэгдэх боломжтой аж. Тэднийг туршилтын олборлолт, нөөц үнэлэх, ордыг ашиглах төлөвлөгөө боловсруулах, талбайг ашиглалтад шилжүүлэх зэрэг олон ажил хүлээж буй.

Манай улсын эрс тэс, сэрүүн уур амьсгалаас шалтгаалж өрөмдлөг, туршилтын ажлыг идэвхтэй хийх хугацаа богино байдаг. Тус компанийнхны ажилд төрийн албаны хүн саад учруулснаас болж Хятадын өрөмдлөгийн компанид сул зогсолтын мөнгө төлж, цаг хугацаа ч алджээ. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан бол “Цагаан зээр” цооногт туршилт хийж болох байсан аж. Сонирхуулахад, “Цэн тогоруу”-гаас зүүн тийш тав орчим км зайд өрөмдсөн “Цагаан зээр” цооногт тос үзэгдсэн байна. Тэнд 3.2 метр зузаан, цооног руу урсаж орж ирэх боломжтой тос агуулж болох үе тогтоосон гэнэ. Гүдгэр бүтцийнх нь орой руу өрөмдвөл илүү зузаан тостой үе олдох магадлал өндөртэй юм байна.

“Petro Matad” нь “Богд-IV”, “Онги-V” талбайд мөн газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг билээ. Монгол Улсад удлаа гэхэд 2024 оны эхээр ашиглалтад оруулахаар зорьж буй газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд хэрэгтэй нь ойлгомжтой.

Түүх сөхвөл, 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Жебуловский нар Зүүнбаянгийн ордыг илрүүлж байв. Манай улсад байгаа ордуудыг хуучнаар ЗХУ, АНУ, БНХАУ-ын гээд дандаа гадаадын геологичид илрүүлсэн түүхтэй. Тэгвэл “Матад-ХХ” талбайд өрөмдөж буй цооногуудын тос агуулж байх магадлалтай бүтцийг монгол мэргэжилтнүүд тодорхойлсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэд тайлал, эрсдэл, эдийн засгийн тооцоогоо өөрсдөө хийж буй. Ийнхүү нээлт хийснээр “Petro Matad” компанийнхан орд тогтоосон монгол мэргэжилтнүүдийн анхдагч боллоо. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт мягмар гаргийнхаас даруй 80 гаруй хувиар өсөж, нэгж нь 5.23 пенстэй тэнцэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)