PC тоглоомын газрынхан хорио цээрийн дэглэм зөрчсөөр

“Ковид-19” цар тахал дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас кинотеатр, хүүхдийн тоглоомын төв, баар, цэнгээний, нийтийн хоолны зэрэг үзвэр, үйлчилгээний бүх газрын үйл ажиллагааг зогсоосон. Харин өнгөрсөн зургадугаар сарын 30-наас дээрх газруудыг үе шаттайгаар нээж эхэлсэн билээ. Гэхдээ PC тоглоомоос бусад үзвэр, үйлчилгээний газрууд үүдээ нээх эрхтэй болсон. Мөн хүүхдийн тоглоомын бусад төв ч ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу ажиллаж буй. УОК-оос үйл ажиллагааг нь эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад PC тоглоомын зарим газрыг ажиллуулж байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүний дагуу энэ сарын 24-ний 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансрын тунель орчмын тоглоомын газруудыг тандлаа.

Тус газрын орон сууцуудын дундах тоглоомын талбайд хүүхдүүд бужигнаж байв. Багачууд сагсан бөмбөг тоглож байхад ахлах ангийн бололтой хүүхдүүд бөөгнөрч суугаад гар утасныхаа хөгжмийг чангалж, дагаж дуулах аж. Тэднээс тэр хавьд ажиллаж байгаа PC тоглоомын газар бий, эсэхийг лавлахад бусдаасаа өндөр, нас нь ч ах бололтой нэг хүү “Энэ хавьд байхгүй ээ. Би тоглох гээд хайгаад олохгүй юм. “Цайз” орчимд нэг газар ажилладаг” хэмээв. Өөр нэг хүү “Шөнө л ажиллана шүү дээ. Одоо хаалттай” гэлээ. Нүдний шилтэй, 10 орчим насны хүү “Би ажиллаж байгаа газар мэднэ. Заагаад өгье” гэсээр урд гараад гүйлээ. Тэрбээр орон сууцуудын дунд байрлах “Wel-come to v playstation center 2” гэсэн хаягтай газрыг заав. Чи энд тоглодог юм уу гэхэд “Тийм. Нэг цаг тоглоход 2000 төгрөг” гэж хариулав.

Тус тоглоомын газрыг ажиллуулж буй бололтой нэг эмэгтэй дэлгэц ширтэж сууна. Ихэнх суудал нь эзэнгүй, 4-5 хүүхэд л тоглож байгаа харагдав. Нэг ширээний буланд гар ариутгагч байрлуулжээ. Тоглоомын төвийг ажиллуулж буй эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулахад “Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр төвөө нээсэн. Өдөр бүр 22.00 цаг хүртэл ажилладаг. Өнөөдөр хүүхэд цөөн байна. Их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхээр олон хүүхэд ирэх биз.10-аас доош насныхан бараг тоглодоггүй. Оюутнууд цөөнгүй ирдэг. Бага насны зарим хүүхэд ээж, аавынхаа төлбөрийн картыг барьж орж ирэх нь ч бий. Тэднийг тоглуулдаггүй юм. Аав, ээж, асран хамгаалагчид нь “хэл ам” гаргадаг учраас байрныхаа багачуудыг оруулдаггүй. Хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд төрөлжсөн тоглоомтой. Тиймээс бага насны хүүхдүүд тоглож чаддаггүй юм” гэлээ. Тус тоглоомын төв үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 1-нд авсан гэх боловч хэн тийм шийдвэр гаргасныг хэлж мэдэхгүй байв. Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авсан гэхээс өөр тоймтой зүйл хэлсэнгүй. Улс орон даяар хорио цээрийн дэглэм үйлчилсэн хэвээр. Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг ч эхлүүлэх шийдвэр гараагүй. Гэтэл тэд “Энэ бол PC тоглоом биш учраас ажиллуулах боломжтой” гэв. Ялгаагүй л нэг ширээний ард хэсэг, хэсгээрээ суугаад удирдлага барьж, дэлгэц ширтэн цахимаар тоглож байна. “Халдвар тархах эрсдэл үүсгэхгүйн тулд хүүхдүүдийг ширээ алгасаж суулгадаг. Багачуудыг өглөө, өдөр, 20 гаруй насны залуусыг оройн цагаар тоглуулдаг” гэж ажилтнууд нь хэллээ.

Тэндээс гараад өөр нэг тоглоомын газарт очсон ч хаалгаа нээсэнгүй. Гаднаас нь харахад ажиллаагүй мэт боловч, хаалгыг нь цохихоор онгойлгодог газар цөөнгүй гэж зарим тоглогч “зөвлөсний” дагуу үүдийг нь тогшиход нээсэнгүй. Хэнд, хэзээ хаалгаа тайлахаа мэддэг бололтой. PC тоглоомын газруудыг шөнийн цагаар ажиллуулах болсныг цөөнгүй хүн хэлэв. Улаанбаатар хотод 300 гаруй PC тоглоомын газар бий аж. Тэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Анхнаасаа ийм тоглоомын газар ажиллуулахыг зөвшөөрсөн л бол бусад үйлчилгээний төв шиг нээх хэрэгтэй гэх хүн ч цөөнгүй таарав. Ялангуяа энэ үгийг залуус голдуу хэлсэн. Тэд бухимдлаа тайлахын тулд ганц хоёр цаг тоглодгоо нуусангүй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатарт бараг байдаггүй учраас олонх нь цахим тоглоом тоглодог гэлээ. “Цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх газар ховор учраас гар утас, цаашлаад цахим тоглоомд ихэнх цагаа зарцуулж байна” хэмээсэн. Оюутан залуус цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар ховор байдаг нь үнэн. Гэвч энэ нь цахим тоглоомд донтох болсныг өмгөөлөх шалтгаан биш байлтай.

Хорио цээрийн дэглэм зөрчин ажиллаж буй PC тоглоомын газруудад хариуцлага тооцож буй, эсэхийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас өнгөрсөн оноос эхлэн “Эмзэг цэг” арга хэмжээ өрнүүлж, шөнийн цагаар эргүүлд гарч, хяналт, шалгалт явуулж байгаа юм. Үүний хүрээнд цахим тоглоомын хэд хэдэн газрыг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тодруулбал, Баянгол дүүргийн XIX хороо, “2К” тоглоомын газар хорио цээрийн дэглэм зөрчин, хоёр ч удаа ажилласныг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн тус дүүргийн VI хороон дахь “Кибер арена” , Баянзүрх дүүрэг дэх “Game arena”, 4D тоглоомын газар, Сүхбаатар дүүргийн IX хорооны “Юнион” зэрэг 10 гаруй газрын үйл ажиллагааг зогсоож, 400 000-2 000 000 төгрөгөөр торгосон байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг ч буцаад л ажилласан тохиолдол цөөнгүй гарчээ.

Зарим PC тоглоомын төвд хүүхдүүд бус, насанд хүрэгчид мөрийтэй тоглох болсон гэнэ. Өндөр зэрэглэлтэй, хэдхэн хүний гишүүнчлэлтэй VIP үйлчилгээ үзүүлдэг газар ч байдаг аж. Тэд мөн нууцаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хэн хүссэн нь нэвтрэх боломжгүй гэнэ. Мөн МУИС-ийн ойролцоо хаалгыг нь цохихоор үүдээ нээдэг газар ч бий гэх. Тэнд нэг цаг тоглоход 3000 төгрөг аж. “Баар, цэнгээний газруудыг ажиллуулж, архидан согтуурах явдал гарсаар байхад цахим тоглоомын төвийг ариутгал, халдваргүйтгэл хийж, тодорхой дэглэмийн дагуу ажиллуулж болдоггүй юм уу. Олон хүн ажлын байргүй болж, түрээсийн төлбөрөө ч барагдуулж чадахгүй байна” гэж тоглоомын газар ажиллуулдаг нэгэн хэлсэн. Цахим тоглоомд донтож, үр хүүхэд, гэр бүлээ мартан хонож өнждөг хүүхэд, залуус цөөнгүй учраас л үйл ажиллагааг нь нээхгүй байгаа болов уу. Нөгөө талаас жижигхэн талбайд олуулаа бөөгнөрөх нь халдвар тархах эрсдэлтэй гэж үзэж буй. Гэвч цахим тоглоомын төвүүдийн ажиллах арга улам нарийсаж, ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсаар байна. Эдгээр газрыг хэзээ, хэрхэн ажиллуулах нь одоогоор тодорхойгүй ч нэг л өдөр өмнөх шигээ үйл ажиллагаагаа явуулна. Тэр үед цаг хэтрүүлдэг, шөнө ч ажилладаг гэх зөрчил гарсаар л байх болов уу. Тиймээс цахим тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага тулгарчээ. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон л юм бол хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй байлгах тал дээр анхаарал хандуулбал ямар вэ. Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг эхлүүлэхдээ Харилцаа, холбооны зохицуулах хороонд бүртгүүлдэг бөгөөд хорооны Засаг дарга нь тухайн хувь хүн, аж ахуйн нэгжийн хүсэлттэй танилцан, дараагийн шатны байгууллагад илгээдэг аж. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснийх нь дараа эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаж буй, эсэхийг нь хянаж, шалгах нь ховор юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)