NTV телевиз Н.Төгсцогтын тулааныг шууд дамжуулан үзүүлнэ

Улаанбаатарын цагаар энэ долоо хоногийн ням гарагт буюу 2019 оны нэгдүгээр сарын 27-ны өглөө МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дээрх ээлжит нэгэн тулаанаа хийх гэж байна. Уг тулааныг NTV телевиз ням гарагийн өглөө 08.30 цагаас шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.

ЭНЭ ТУЛААН ТҮҮНИЙ ХУВЬД МАШ ЧУХАЛ. ЯАГААД ГЭЭЧ?

Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт IBO холбооны featherweight буюу хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Клаудио Марреротой тулалдана. Тэгвэл энэхүү тулаан түүний хувьд ямар чухал болохыг цухац сонирхуулъя.

Мэргэжлийн бокст маш олон холбоо байдаг боловч WBA, WBC, IBF болон WBO гэсэн дөрвөн холбоо хамгийн том бөгөөд чухал нь юм. Эдгээр дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмшинэ гэдэг дэлхийн цуутай мэргэжлийн боксчин гэдгийн илрэл. Харин эдгээр холбоодын аваргын бүсийн төлөө хүч үзэх боломжийг энэхүү тулаан олгох юм. 

Тухайлбал, тив, бүс нутгийн холбоодыг оруулбал дэлхий дээр мэргэжлийн боксын 40 орчим холбоо бий. Хэдийгээр Төгсцогтын бүсийн төлөө хүч үзэх IBO гэх холбоо дөрвөн том холбооны эгнээнд ордоггүй ч нэр хүнд, ач холбогдлоороо эдгээр холбооны ард жагсана. Гол нь King Tug өрсөлдөгч Клаудио Маррерог ялж чадвал WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Гари Расселлтай тулалдах эрхтэй болох юм. Жинхэнэ дэлхийн аваргын бүсийн төлөө гэсэн үг. Товчоор хэлбэл, Н.Төгсцогт ялбал IBO-гийн аваргын бүсийг эзэмших ч бөгөөд дөрвөн том холбооны нэг болох WBС-гийн аваргын бүсийн төлөө хүч үзэх эрхтэй болох аж. Цаашлаад эдгээр дөрвөн холбооны бүгдийнх нь аваргын бүсийн төлөө ч хүч үзэх боломжтой болно.

"KING TUG"-Н АМЖИЛТЫН ГАРАА ХААНААС ЭХЛЭВ?

Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, сонирхогчийн бокст 130 орчим тулаан хийсэн King Tug 2014 оны Инчеоны Азийн наадмаас хойш АНУ-г зорьж, дараагийн адал явдлаа эрэлхийлсэн билээ. 2015 оноос эхлэн мэргэжлийн бокс руу шилжсэн King Tug АНУ-д өөрийн дасгалжуулагч, багш Жо Гүүссэнийг олсон нь түүний мэргэжлийн боксын амжилтын эхлэл байлаа. Танилцсан даруйдаа л “Маргаашнаас нэгийн эсрэг нэг бэлтгэл хийе” гэж хэлсэн багшийнхаа үгийг сонсоод Төгсцогт зөв дасгалжуулагчаа олсноо мэдсэн гэдгээ хэлсэн байдаг. Ингээд Флойд Мэйвитэр, Андре Берто, Амир Хан, Роберт Гуерреро нарын менежерээр ажилладаг алдартай промоутер Эль Хэймонтой гэрээ байгуулснаар түүний амжилтын гараа эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)