NBA хэрхэн эхлэх вэ

Цар тахлын улмаас гуравдугаар сард завсарлахаас өөр аргагүй байдалд орсон NBA-гийн 2019-2020 оны улирал дөрвөн сарын дараа буюу долдугаар сарын 30-нд ахин эхлэх боллоо. Улирлыг хэрхэн эхлүүлэх талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан бөгөөд тэдгээрээс онцлох үйл явдал, огноог танилцуулъя. Бэлтгэл ажил нийт зургаан шатнаас бүрдэх юм.

Нэгдүгээр шат (зургадугаар сарын 12-22)

Бүх тоглогч багтаа эргэж ирнэ. Харин “Рэпторс” баг Торонтод бус, Флоридагийн Неапол дахь их сургуулийн зааланд цугларна.

Зөвхөн ганцаарчилсан бэлтгэл хийхийг зөвшөөрнө

Тоглогчид чөлөөт цагаараа гэрээсээ гарч болохгүй. Зөвхөн хоол хүнсээ худалдаж авахаар дэлгүүр орж болно.

Хоёрдугаар шат (зургадугаар сарын 23-30)

Багууд коронавирусийн шинжилгээ хийх ёстой.

Гуравдугаар шат (долдугаар сарын 1-11)

Ганцаарчилсан бэлтгэл хийнэ. Гэхдээ багийн дасгалжуулагчид оролцож болно.

Багийн бэлтгэл хийж болохгүй. Зааланд нэг дор наймаас олон тоглогч байхыг хориглоно.

Дөрөвдүгээр шат (долдугаар сарын 7-11)

Багууд “Дисней ворлд” төвд хүрэлцэн ирнэ. Баг бүр 35 хүртэлх тооны гишүүнээс бүрдэх ёстой.

Багууд гурван зочид буудалд хуваагдаж байрлана

Бэлтгэл, биеийн хүчний бэлтгэл, хоол идэхээс бусад тохиолдолд байнга маск зүүнэ

Долдугаар сараас 7-ноос эхлэн бүх тоглогчоос марихуанаас бусад хориотой бэлдмэлийн шинжилгээ авч эхэлнэ. Флорида муж улсад марихуан хэрэглэхийг зөвшөөрдөг юм.

Дөрвийн В шат (долдугаар сарын 11-21)

Багийн бэлтгэл эхэлнэ.

Тоглогчид талбайд шүлсээ хаях, хамраа цэвэрлэх, бөмбөгийг хувцсандаа арчих, гар барих зэргийг хориглоно

Тоглогчдыг зөвхөн зочид буудалд хамт байгаа хүмүүстэй цуг ширээний теннис, гольф, видео тоглоом, хөзөр тоглохыг зөвшөөрнө.

Багийн тоглогчид хамтдаа хооллож болно

Тоглогчид бие биенийхээ өрөөг хэсэхийг хориглоно

Өдөр бүр зочид буудал руу хоол хийж явуулах хувийн тогооч хөлслөхийг тоглогчдод зөвшөөрнө.

Тоглогчдыг “Дисней ворлд”-оос гарч явахыг хориглохгүй. Гэхдээ гарсан тохиолдолд илүү нарийн шинжилгээ өгч, 14 хоног хөл хорионд орно. Үүний улмаас өнжсөн тоглолтуудын цалинг нөхөж олгохгүй.

Тавдугаар шат (долдугаар сарын 22-29)

Нэг зочид буудалд буусан багийн эсрэг гурван хяналтын тоглолтыг нэг баг хийх эрхтэй.

Өөр зочид буудалд байрласан багийн тоглогчидтой уулзахыг 22-ноос эхэлж зөвшөөрнө.

Зургадугаар шат (долдугаар сарын 30-аравдугаар сарын 13)

Плей-оффт тоглох багийг сонгохын тулд баг тус бүр найман удаа тоглоно. Шаардлагатай тохиолдолд буюу амжилт ижил бол тухайн багуудын хооронд нэмэлт тэмцээн явуулна.

Плей-оффоос хасагдсан баг “Дисней ворлд”-ыг яаралтай орхиж явах ёстой.

Үлдсэн багууд зочдод зориулж 17 хүртэлх өрөөг захиалах боломжтой. Ийм тохиолдолд өрөөний төлбөрийг тухайн тоглогч хариуцна.

Зочин тус бүр 21 хоногийн хөл хорионд орсны дараа тоглогчидтой уулзах, тоглолт үзэх эрхтэй болно.

Эцэст нь өгүүлэхэд, Флорида муж улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж буйг лигийн удирдлага анхааралтай ажиглаж байгаа гэнэ.

Бямба гарагт халдварын 4049 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь баасан гаргийнхаас (3822) илүү үзүүлэлт юм. Сүүлийн 10 өдрийн долоод нь халдварын тоо өмнөх өдрийнхөөс илүү гарсан бөгөөд тус муж улсад нийт 94 мянган хүн халдвар аваад байна.

Гэхдээ “Дисней ворлд” төв байрладаг Төв Флоридад халдварын тоо муж улсын бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй бага гэнэ. Тодруулбал, Оранж Каунти, Оскеола каунтид 4500 болон 1000 тохиолдол бүртгэгджээ.

Бэлтгэсэн: Н.Энх