NBA-ийн улирлаас юу анхаарал татах вэ

NBA-ийн удирдлага 2019-2020 оны тоглолтын улирлыг наймдугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөөд буй. Улирлын тоглолтын сүүлчийн хэсэгт анхаарал татаж буй дөрвөн асуултад ESPN-ий тоймч Б.Маркс, К.Пелтон, А.Снеллингс, Н.Фриделл, Т.Бонтемпс ийн хариулжээ.

-Плей-оффын эрхийн төлөө хамгийн чухал тоглолт хийх ямар баг байна вэ?

Б.МАРКС: “Маверикс” энэ улиралд 40 ялж, 27 ялагдан олны таамгийг давсан амжилт үзүүллээ. Үлдсэн найман тоглолтод тэд зургаа хожиход л плей-оффт дөрвөөс зургадугаар байраар шалгарах боломжтой болно.

А.СНЕЛЛИНГС: “Рокитс” багт аварга болох боломж бий ч хэрэв Орландод тааруу тоглож, бүстээ долдугаар байр эзэлбэл эхний шатанд “Клипперс”-тэй таарах эрсдэлтэй. Харин сайн тогловол дээд тал нь гуравдугаар байрт орж, цаашаа хавьгүй хялбар замаар финалд хүрэх үүдээ нээнэ.

К.ПЕЛТОН: Мэдээж “Маверикс”. Тэд эхний шатанд “Клипперс”-тэй таарахыг хүсэхгүй учраас энэ найман тоглолтод аль болох ялах ёстой.

Н.ФРИДЕЛЛ: “Майами хит”. Хэрэв тэд “Бостон”-ыг гүйцэж, гуравдугаар байраар плей-оффт шалгарвал бүсийн финал хүртэл “Милуоки”-той таарахгүй. Тэгээд ч тэд эхний хоёр шатанд “Филадельфи”, “Бакс”-тай бус “Индиана”, “Торонто”-той таарахыг илүүд үзнэ.

Т.БОНТЕМПС: “Даллас”. Энэ багт одоогийн байраа ахиулах бүрэн боломж бий. Хэрэв тэд 3-6 дугаар байр эзэлж чадах юм бол 2011 онд аваргалснаас хойш анх удаа плей-оффын цувралд ялалт байгуулах боломжтой болно.

-Ямар хоёр баг хоорондоо нэмэлт тоглолт хийгээсэй гэж хүсэж байна вэ?

А.СНЕЛЛИНГС: “Портлэнд”-“Нью Орлеан”. Хоёулаа эхний шатанд “Лейкерс”-тэй ширүүн тэмцэх авьяас, чадалтай. “Блэзерс”-ийн тоглогчид плей-оффын туршлагатай, төвийн тоглогчид нь эдгээд ирэх учраас ямар ч багтай тулалдах бүрэлдэхүүнтэй болчихно. Мөн үүний зэрэгцээ эхний шатанд Леброн, З.Уильямсоны дуэлийг харахыг бүгд хүсэж байгаа.

Т.БОНТЕМПС: Зөвхөн үзэгчийн, мөн энтертайнмент талаас нь авч үзвэл Ж.Морант-З.Уильямсон хоорондоо тулалдахыг хармаар байна. Багын найзууд, ирээдүйтэй шинэ тоглогчид плей-оффт тоглох шиг үзүүштэй зүйл байхгүй шүү дээ.

Н.ФРИДЕЛЛ: “Блэзерс”-“Пеликанс”. Гэхдээ “Мемфис” доошоо унахгүй гэж таамаглаж байгаа учраас Д.Лиллард болон Ж.Морантын тулааныг нэрлэе дээ.

Б.МАРКС: Ж.Морант, З.Уильмсон гэсэн хоёр шилдэг шинэ тоглогч эхний шатанд “Лейкерс”-тэй таарахын төлөө хоорондоо өрсөлдөх нь асар ач холбогдолтой төдийгүй сонирхолтой шоу байх болно.

К.ПЕЛТОН: “Гриззлис”-“Пеликанс”. Шинэ тоглогчдын тулаан гэдгээс гадна эхний хоёр тулаанд З.Уильямсон тэргүүтэй “Пеликанс” илт давуу ялсан нь үргэлжлэх, эсэхийг хармаар байна.

-Орландод очоогүй багуудаас алийг нь тун сонирхолтой зун хүлээж байна вэ?


Б.МАРКС: Сүүлийн хэдэн жил финалд шалгарсан “Голден стэйт” энэ жилийн драфтаас эхний таван сонголтын аль нэгийг хийх эрхтэй. Тиймээс тэд энэ эрхээ хадгалах уу, эсвэл өөр нэг од тоглогчоор солих уу гэдэг нь анхаарал татаж байна.

К.ПЕЛТОН: “Голден стэйт”. Тэд драфтын эрхээ яах бол гэдгээс гадна А.Игуодалаг явуулснаар 172 сая долларын наймааны эрхтэй болсон. Тэд энэ бүхнийг ашиглаж, олон наймаа хийх, эсэх нь сонирхолтой байна.

А.СНЕЛЛИНГС: Би ч мөн “Уорриорз”-ыг сонгож байна. Энэ зун сайтар амарч, эдгэрсэн С.Көрри, К.Томпсон, Д.Грийн тэргүүтэй эл баг сайн наймаа хийж чадвал ирэх улиралд аварга болох боломжтой багийн тоонд шууд орж ирнэ.

Н.ФРИДЕЛЛ: Энэ зун болон ирэх улиралд “Уорриорз”-ыг анхааралдаа авах нэг шалтгаан бол Э.Уиггинс. Ерөөс энэ баг ирэх улиралд олны анхаарлыг хамгийн их татна.

Т.БОНТЕМПС: “Атланта”. Тоглож буй минутаар багаа тэргүүлсэн таван тоглогч нь 22-оос доош насныхан байсан лигийн түүхэн дэх анхны баг. Мөн наймаа хийх санхүүгийн боломж байгаа учир “Хоукс” ирэх улирал болон түүнээс цааш тун өндөр амжилт гаргах боломжтой.

-Удаан амралт, хөл хорио багуудын аваргалах боломжид хэр нөлөөлсөн гэж үзэж байна вэ?

К.ПЕЛТОН: Хөл хорионы үеэр тоглогчдын бэлтгэл хийх боломж ялгаатай байсан учраас бүх багт л тодорхойгүй байдал үүссэн болов уу. Гэхдээ топ багууд түрүүлэх боломжоо мэдээж хадгалж үлдсэн. “Бакс” харин талбайн давуу талаа алдсан бол хамгийн их хожсон баг нь “Клипперс” боллоо. Миний бодлоор “Клипперс” аваргална.

А.СНЕЛЛИНГС: Олон авьяаслаг тоглогч, ахмад од эсвэл гэмтэлтэй тоглогчтой багуудад сэргэх боломж гарч ирсэн учраас тэдний аваргалах боломж арай их. Өөрөөр хэлбэл, “Лейкерс”, “Клипперс”, “Рокитс”, “76” багуудын аваргалах боломж нэмэгдэж, “Бакс”, “Рэпторс”-ынх буурсан.

Н.ФРИДЕЛЛ: “Клипперс” бол бүрэн бүрэлдэхүүнээрээ, гэмтэлтэй тоглогч үгүй, плей-оффт дундын талбайд тоглох чадвартай баг. Бүсийн финалд тэд “Лейкерс”-тэй таарвал үзэгчдээс нь эмээх шаардлагагүй болж байна. Цар тахлын дараах нөхцөлд гялалзах боломж энэ багт бий, тэд ч боломжоо тултал нь ашиглах биз ээ.

Т.БОНТЕМПС: Плей-офф маш сонирхолтой болно гэж бодож байна. Тоглогчид анх удаагаа плей-оффт эрч хүчтэй, амралттай оролцох боллоо. Тиймээс Орландод тун сонирхолтой, хүмүүсийн таамаглаж байснаас илүү дээд түвшний тоглолтууд болох боломжтой.

Б.МАРКС: Тоглогч, багийн ажилтан, лигийн албаны хүмүүсийн туулж өнгөрүүлэх хамгийн ачаалалтай, хүнд гурван сар байх болно. Тоглогчид гурван сар амарсны эцэст долоо хоногт найман тоглолтод оролцож, дээд тал нь гурван сар зочид буудалд гадаад ертөнцтэй бараг л холбоо тогтоолгүй амьдарна. Ямар ч баг аварга боллоо гэсэн бүрэн эрхтэй, үнэ цэнтэй аварга байх болно.

Бэлтгэсэн: Н.Энх