NBA-ийн одууд шигшээ багтаа тоглохыг хүсэхгүй байна

NBA

Ирэх сарын 31-нд БНХАУ-д сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Гэвч энэ удаад урд хөршид АНУ-ын “Мөрөөдлийн баг” хүрэлцэн ирэхгүй. Яагаад тэр билээ?

2006 оны есдүгээр сарын 1 бол хамгийн сүүлд АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн хожигдсон өдөр. Түүнээс хойш америк чууд олимп, тив, дэлхийн том тэмцээнүүдэд 57 тоглохдоо бүгдэд нь ялаад байна. 2004 оны олимп, 2006 оны ДАШТ-ээс дөнгөж хүрэл медаль хүртэж, “онигоонд орсон”-ы дараа тус улсын сагсан бөмбөгийн холбоо шигшээ баг бүрдүүлэх стратегиа шинэчилж, байнгын дасгалжуулагч, бэлтгэлийн зуслан, илүү өндөр зохион байгуулалттай болсон юм. Тэр цагаас хойш америкууд олимпын наадамд гурван удаа, дэлхийн аварга болон Америкийн цомын тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд алдагдсан нэр төрөө эргүүлэн авах зорилготой “Redeem team” багийг бүрдүүлсэн нь амжилттай болж, алтан медаль хүртсэн. 2012 онд дэлхийн хамгийн том спортын ордонд Леброн, Коби, Дюрант тэргүүтэй, Р.Уэстрбук, Ж.Харден, Э.Дэвис нарын туслахуудтай орчин цагийн “Мөрөөдлийн баг” ирж мөн л аваргалсан. Харин 2016 оны олимпоос эхлээд одууд шигшээ багаас нүүр буруулсан. Нэгэнт олимпын аварга болсон нь ахин медаль хүртэхийн оронд зуны амралтаа илүүд үзсэн бол медальгүй шилдэг тоглогчид нь, тухайлбал, С.Көрри ядарсан, Д.Лиллард гэмтэлтэй, Г.Хэйворд хүүхэдтэй болсон зэрэг шалтгааны улмаас татгалзлаа. Гэхдээ л 2016 оны шигшээ багт NBA-ийн “Бүх оддын тоглолт”-д оролцсон 11 тоглогч багтаж байв. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тал нь хоёрдугаар зэрэглэлийн гэж болохоор тоглогчид байсаар иржээ. Д.Грэйнжер, Р.Гэй, К.Фарид, ах дүү Пламли гэх мэт тоглогчид. 

Харин 2017 оны Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд америкчууд хөгжлийн лигийн шигшээ багаа илгээгээд л аваргалчихсан. Гэвч 2019 оны ДАШТ-ий хувьд АНУ-ын шигшээ багийн байдал бүр ч дордож мэдэ хээр боллоо. Бэлтгэлд хамрагдах тоглогчдын нэрийг өнгөрсөн зургадугаар сарын эхээр зарлахад “Мөрөөдлийн баг” биш гэдэг нь тодор хой болсон юм. Нэг жил хагасын өмнө зарлаж байсан бүрэлдэхүүнээс Л.Жэймс, С.Көрри, К.Леонард, К.Ирвинг, Р.Уэстбрук, А.Драммонд, П.Жорж нар гэмтэл болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас нэрээ татсан байлаа.

Олимп, дэлхийн аваргын алтан медальтнууд шигшээ багаа сонирхохоо больсон нь ийн тодорхой болов. Өнгөрсөн зургадугаар сард зарласан бүрэлдэхүүнд Ж.Харден, Э.Дэвис, Д.Лиллард, К.Уолкер, Б.Бийл гэсэн таван од тоглогч байсан ч К.Уолкероос бусад нь шигшээд тоглохоос татгалзав. Си.Жэй.Маколлум, К.Лав, Э.Гордон болон өргөтгөсөн бүрэлдэхүүнд нэрлэгдээд байсан Д.Дерозан, Т.Харрис нар ч ээлж дараалан нэрээ татжээ. Тэр байтугай залуу тоглогчдын “Select team”-д багтаж, шигшээ багийн бэлтгэлд туслахыг драфтын тэргүүн З.Уильямсон хүссэнгүй. Ийнхүү багт тоглохоос татгалзагсад нь зөвшөөрсөн тоглогчдоосоо олон болов. Мэдээж гэмтэл, амралт гэх мэтолон шалтгаан тоглогчид хэлж буй ч доор дурдах хүчин зүйлүүд тэдэнд нөлөөлсөн нь гарцаагүй билээ.

ШИНЭ ҮЕ

“Redeem team”-ээс эхлээд Риогийн олимпын наадмын бүхий л амжилт М.Крзижевски хэмээх эрхэмтэй салшгүй холбоотой. Дьюикийн их сургуулийн домогт дасгалжуулагч шигшээ багтай олон жилийн гэрээ байгуулан тогтвортой ажиллаж байсан ч 2016 онд шигшээг орхисон. Улмаар Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтуудад дасгалжуулагчийн ажлаас холдоод удсан Ж.ван Ганди шигшээг удирдсан бол эдүгээ Г.Попович албан ёсоор ерөнхий дасгалжуулагч болсон. Дасгалжуулагчаа сольсонтой зэрэгцээд тоглогчдын үе ч өөрчлөгдөж байна. Л.Жэймс, К.Энтони, К.Дюрант, К.Ирвингтэй шигшээ багийг бид ахин хэзээ ч харахгүй гэдгийг АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо, NBA ойлгожээ.

Тэдний оронд Д.Митчелл, Ж.Тэйтум, Ж.Браун, М.Смарт, Ж.Рандл, К.Кузма нарын залуус энэ удаад эх орноо дэлхийн тавцанд төлөөлнө, тэд цаашид ч олон жил шигшээдээ тоглох биз ээ.

ХҮЧНИЙ ТЭНЦВЭР, ШИНЭ СОРИЛТ

NBA-ийн багийн эзэн, менежерүүд тоглогч доо зун амарч, шигшээ багаас чөлөө авахыг байнга зөвлөдөг. Энэ нь гэмтэл бэртлээс хол байх, шинэ улирлын өмнө сайтар амрахтай холбоотой гэдэг нь тодорхой. Гэвч энэ удаад байдал урьд жилүүдийнхээс бүр ч өөр байна. Учир нь сүүлчийн нэг сард лигт явагдсан асар олон дуулиант солилцооны эцэст багуудын хүчний харьцаа тэнцвэржиж, NBA-ийн аваргын цомд хүрэх зам урьд хожид байгаагүйгээр “нээлттэй” болов. Тиймээс ихэнх шилдэг тоглогч ирэх улиралд эртнээс бэлтгэхээр шийдвэрлэж, шигшээ багаа “гаргуунд хаяв”.

ТОГЛОЛТЫН ЦАГ

Зар сурталчилгааны боломж, хөгжөөн дэмжигчдийн армийг нь бодолцож үзвэл Ази тив нь NBA-ийн тамирчдын хувьд асар том зах зээл. Харин тэнд очиж сагс тоглох нь огт өөр асуудал юм. АНУ-ын багийн тоглолтыг тэмцээний хуваарьт хамгийн оройн цагаар оруулдаг. Гэвч энэ нь Нью-Йоркийн цагаар 08.30, Лос-Анжелесынхаар үүрийн 04.30 цагтай таарна. Шигшээ багийн тоглогчид олон цаг ниссэн, цагийн зөрүүг гаргах гэх мэт асуудалтай нүүр тулахаас гадна эх орондоо хариад мөн ижил бэрхшээлтэй тулгарах нь яавч таатай санагддагүй биз ээ.

АМЕРИКЧУУД УЙДЖЭЭ

АНУ-ын нэгдүгээр биш юм гэхэд гурав, дөрөвдүгээр шигшээ баг нь ч ДАШТ-д түрүүлэх боломжтойд тооцогдоно. Олон мундаг сагсан бөмбөгчөөр дүүрэн энэ улс NBA-ийн бэлтгэл багийн тамирчдаа явуулаад л тивийнхээ аварга болчихож байгааг өөрөөр тайлбарлах аргагүй юм. Тиймээс Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) зохион байгуулж буй тэмцээнд америкчуудын анхаарлыг хандуулах, 2008 оных шиг супер баг бүрдүүлэхэд хүргэхийн тулд 1988, эсвэл 2004 оных шиг “гомдмоор ялагдал”, “ухамсрын шанаа” америкчуудад хэрэгтэй байж магадгүй.

ШИНЭ ХУВААРЬ

Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өмнө нь олимпын наадам болдоггүй жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ оноос олимпын өмнөх жил болно. Тиймээс хоёр жил дараалан шигшээ багт тоглож, гэр бүл найз нөхөдтэйгээ амарч өнгөрүүлэх үнэтэй цаг хугацаагаа золиослох тоглогч олон биш байна. Жишээ дурдахад, NBA-ийн энэ жил болон ирэх жилийн плей-оффт, мөн олимпын наадамд оролцох тоглогч нь 32 сарын турш тасралтгүй сагсан бөмбөг тоглож таарах нь. Энэ нь бараг хоёр жил хагасыг амралтгүй өнгөрүүлнэ гэсэн үг юм. 

Түүнээс гадна NBA хуваарьтаа өөрчлөлт оруулан, улирлыг хоёр долоо хоногийн өмнө, бэлт гэлийн зусланг аравдугаар сарын сүүлчээр бус, эхээр эхлүүлдэг болсон. Гэтэл ДАШТ-ий алтан медалийн тоглолт есдүгээр сарын 15-нд болох хуваарьтай билээ. Ийм их ачааллыг даах хүсэлтэй тоглогч олон биш. Гэхдээ энэ жилийн бүрэлдэхүүнийг нь бодолцож үзвэл АНУ-ын шигшээ багийг ДАШТ-ий сүүлчийн өдөр хүртэл тоглоно гэдэгт итгэхэд бэрх юм.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)