NBA-ийг байлдан дагуулах европ залуус

Европчууд 500 жилийн тэртээ зэр зэвсгийн хүчээр Америкийг эзлэн түрэмгийлсэн бол эдүгээ европ сагсан бөмбөгчид авьяас, ухаалаг тоглолтоороо NBA-ийг байлдан дагуулж байна. Тэдний төлөөлөл болсон шилдэг тоглогчдыг товч танилцуулъя.

Юсуф Нуркич (Портлэнд трэйл блэзерс)

“Босни араатан” гэж хочилдог Ю.Нуркич NBA-д тав дахь улиралдаа тоглож буй. Түүнийг “Денвер” багаас ирэхээс өмнө “Портлэнд”-ийн хожлын хувь 50 орчим байсан бол ирснээс нь хойш 59 болж өссөн төдийгүй энэ улиралд баг нь “Өрнөд” бүсийн дөтгөөр байрт явж байна. 

Босни төвийн тоглогч энэ улиралд шинэ түвшинд гарс ныг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн сарын эхээр “Сакраменто”-гийн эсрэг тоглолтод Ю.Нуркич “файв-бай-файв” хэмээх гайхалтай статистик үзүүлэлтийн эзэн болсон. Тэрбээр эл тулаанд 24 оноо, самбраас 23 бөмбөг авч, долоон дамжуулалт өгч, таван блокшот хийсэн юм.

Төвийн тоглогч таван блок хийсэнд гайхах зүйлгүй бол долоон дамжуулалт нь түүнийг ямархуу тоглогч болохыг харуулна. Ю.Нуркич “Денвер”-т тоглож байсантай харьцуулахад хоёр дахин их хугацааг талбайг өнгөрүүлж байгаа бөгөөд “Портлэнд”-ийг плей-оффын бүсэд баттай байр суурь эзлэхэд том тус хүргэж буй.

Никола Йокич (Денвер наггетс)

“Төвийн тоглогчийн биед хувирсан холбон тоглогч”, “Жокер” гэсэн хоч нь түүний тоглолтын арга барилыг илтгэх биз ээ. Серб тоглогч 2015 онд Адриатын лигийн “Үнэ цэнтэй тоглогч” болсныхоо дараа Европыг орхиж, АНУ-д хөл тавьсан. Түүнийг ирэхэд “Денвер” баг амаргүй үеийг туулж байлаа. Николаг ирсэн эхний улиралд тэд бүстээ XI байрт орсон юм. 

Түүнээс хойш Йокичийн тоглолт улирал бүр улам сайжрах болсон нь багийн амжилтад үлэмж нөлөөлөв. Өнгөрсөн улиралд плей-оффт ороход тэдэнд ганц алхам дутсан бол энэ улиралд бүсийн тэргүүн байрын төлөө хүчирхэг “Уорриорз”-той ширүүн өрсөлдөж байна. Үүнд Н.Йокич багийнхаа лидер болсон нь ихээхэн нөлөөлснийг дурдах ёстой. 

Ухаалаг тоглолт, талбайг харах чадвар, олон талт тоглолт, авьяас нь түүнийг багаа тэргүүлэх түвшинд хүргэжээ. Тоон баримтаас дурдахад “Жокер” бол лигийн түүхэнд хамгийн хурдан трипл-дабл хийсэн тоглогч. Тэрбээр NBA-д 20-иос олон трипл-дабл хийсэн гурав дахь төвийн тоглогч (У.Чэмберлэн, К.Абдул-Жаббарын дараа) болоод буй. Энэ улиралд “Финикс”-ийн эсрэг тоглолтод бүх довтолгооноо оновчтой болгож, ээлжит трипл-даблаа хийсэн бол “Портлэнд”-той тоглохдоо 40 оноо аваад байна.

Яннис Антетокунпо (Милуоки бакс)

Тэрбээр NBA-д зургаан улирал тоглохдоо “грек зэрлэг”-ээс улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналд нэр дэвшигч болтлоо өсжээ. Түүнийг лигийн супер од болсонтой эдүгээ хэн ч маргахгүй. Яннис тоглолт бүрт олныг алмайруулсан тохолт, довтолгоо, хамгаалалт хийж, 35-аас бага оноо авбал хүн бүхэн гайхахаар тоглож байна. 

Тэрбээр хурд, олон талт тоглолт, биширмээр бие бялдрынхаа ачаар NBA-ийг байлдан дагуулах европчуудын лидер, “Бакс” багийн нүүр царай болсон. Яннис 2017 онд “Амжилт нь ахисан тоглогч”-ийн шагнал авсан ч түүнээс хойш улирал бүр амжилтаа ахиулсаар байгаа.

Грек залуу эхний улиралдаа дунджаар 6.8 оноо авч байсан бол энэ улиралд 26.9 болж өсжээ. Зургаан жилийн өмнө бүстээ XV байрт орсон баг нь ч түүний тэргүүлэл доор “Дорнод”-ын топ баг болоод байна. Цагаач гэр бүлийн хүнд бэрх амьдрал дунд таван хүүгээ өсгөсөн аавыгаа өөрийнх нь амжилтад хамгийн их нөлөөлсөн ачтан гэж Яннис үздэг юм.

Лука Дончич (Даллас маверикс)

Лигт ердөө эхний улиралдаа тоглож буй словен “жаал” “Бүх оддын тоглолт”-ын санал асуулгад С.Көрригөөс олон санал авсныг юу гэж тайлбарлах билээ. Түүнд санал өгөгчдийн тоо Словени улсын иргэдээс ч илүү гарсан. Энэ бүхэн түүний гайхалтай тоглолттой холбоотой. Европын аварга шалгаруулах тэмцээн, Евролиг зэрэг тэмцээний алтан медалийг хамсан Лука өнгөрсөн намар NBA-д хөл тавьсан. 

Тэр дөнгөж 19 настай ч туршлага, олон талт тоглолт, талбайг харах чадвар нь лавтайяа 10 насаар ах тоглогчийнх шиг гэж үнэлэгдэж байна. Статистик үзүүлэлтээр түүний эхний улирал Леброн Жэймсийн эхний улиралтай дүйнэ. Иймэрхүү харьцуулалт өөрт нь маш сайхан санагддаг тухай Лука нэгэн ярилцлагадаа дурдсан юм. Учир нь Леброн түүний шүтээн. 

“Лейкерс”-ийн эсрэг тоглолтын дараа Л.Дончич Леброны өмсгөлийг аваад хүүхэд шиг баярлаж байсан нь гэрэл зурагчдын дуранд өртжээ. Харин тоглолтын явцад тэрбээр Л.Жэймсийн хоёр ч шидэлт дээр блок хийсэн юм. Л.Дончич энэ улиралд ихэнх үзүүлэлтээр шинэ тоглогчдийг тэргүүлж, тогтмол дабл-дабл хийж, хамгийн цөөн тоглолтод гурван онооны 100 шидэлтээ оруулсан хоёр дахь тоглогч болж, гурван тоглолтын турш 25 оноо, таван оновчтой дамжуулалт өгсөн анхны шинэ тоглогч болоод байна. 

Энэ бол түүний эхний улирал гэдгийг ахин сануулья. Тэднээс гадна латви төвийн тоглогч Кристапс Порзингис, украин шинэ тамирчин Святослав Михайлюк, өнгөрсөн жил лигийн “шинэ тоглогчдийн бэлгэдлийн шигшээ”-д нэрлэгдсэн, финланд Лаури Маркканен нар NBA-д хүчин зүтгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)