MRI-гүйн төлөөсөнд иргэд амиа өгч байна


Үүрийн 05.00 цагт цус харвасан өвчтөн үдшийн 22.00 цагт оношоо тодруулж, эмчилгээгээ эхлүүлж буй гажиг тогтолцоог та зөвхөн Монголд л харна. Өглөө сэртэл зүүн хөл, гар нь бага зэрэг саажсан, алхаж гишгэхэд бэрх болсон иргэн С (58 настай) хэрэг бишидсэнийг гадарлаад харьяа эмнэлэгтээ энэ сарын эхээр ханджээ. Даралт нь 240/180-тай, цус харвасан байж болзошгүй шинж ажиглагдсан тул эмч түүнийг III шатлалын эмнэлэгт яаралтай очиж, MRI (соронзон резонанст томограф)-н шинжилгээ хийлгэхийг зөвлөв. Зүрх, судасны өвчнийг цогц оношилж, эмчлэх ганцхан газар Монголд байдаг нь Улсын гуравдугаар төв эмнэлэг. Тиймээс С-ийн эхнэр, хүүхдүүд түүнийг тус эмнэлэгт аваачлаа. Харамсалтай нь тэнд очоод л MRI байдаггүйг нь мэджээ. “Ийм том эмнэлэгт тэр аппарат нь яагаад байдаггүй юм бол, одоо яах вэ” гэж эмч нараас лавлахад, дээрх шинжилгээ хийдэг хувийн 2-3 эмнэлэг зааж өгчээ. Тэд Гуравдугаар эмнэлэгтэй ойр байрлах “Мөнгөн гүүр”-т 11.00 цагт очиход “Өнөөдрийн цаг дууссан. Хүлээнэ гэвэл 00.00-д ирээрэй” гэжээ. Арга барсан тэд ГССҮТ-ийн дэргэдэх “Медтравма” эмнэлэгт 18.30-д цаг авчээ.

“Цус харвасан байж болзошгүй, яаралтай шинжилгээ хийлгэе” гэж эхнэр нь гуйсан боловч “Бүгд л ийм зовиуртай. Хэнийг нь ялгах билээ, хүлээ” гэсэн байна. Зарим хүний шинжилгээ бүтэлгүйтэж, дахисаар 19.30 цагт MRI-д харуулахад “Толгойн баруун талд цус харвасан” гэсэн аман хариу сонсжээ. Учир нь шинжилгээний хариу ажлын найман цагт гардаг. Иргэн С Гуравдугаар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нарт аппаратад харуулсан зургаа үзүүлтэл “Тархины шигдээс болжээ. Ийм тохиолдолд 2-3 цагийн дотор бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг. Хугацаа алдсан учир эмчилгээ байхгүй. Гэхдээ цус хуралтын хэмжээ бага юм байна. Дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүл” гэх нь тэр.

Бодит байдал ийм байна. Цус харвасан өвчтөнийг бүтэн өдөржин ийш, тийш зөөж, эмчлүүлэх боломжгүй болтол нь битгий туйлдуулаач, эрх баригчид аа. Энэ улсын болж бүтэхгүй болгонд иргэд чинь шаналж зовсоор өвчний үүр болчихоод байна. Зүрх, судасны өвчнөөр үй олноороо үхэж байна. Хүн амын дундах цус харвалт, түүнээс улбаатай нас баралт, хөдөлмөрийн чадвараа алдсан үзүүлэлтээр манай улс дэлхийд тэргүүлэхэд төр, засгийнхан та нар буруутай. Ажлаа нэр төртэй хийж, ачааллаа дааж ядах Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилтнуудын буруу энд огт байхгүйг цохон тэмдэглэе. Учир нь зүрх, судасны өвчин, тархины харвалт, шигдээсийг оношилж, эмчилдэг ганц төвд MRI аппарат байхгүйгээс олон өвчтөн цаг алдаж эмнэлгийн тусламж авдаг, ингэх явцад цус харвалтын хэлбэрүүд улам хүндэрч, эмчлэх боломж нь багасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олширч, улмаар амиа алдаж байгаа нь харамсалтай.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн их эмч Э.Соёл-Эрдэнэтэй уулзаж, учир явдлыг тодруулахад “Манай эмнэлэгт компьютерт томограф (СТ) ганц бий. Үүгээр жилд 3000 гаруй шинжилгээ хийж буй. Ихэнх тохиолдолд толгойн хэсгийн буюу тархины шигдээс, цус харвах өвчнийг оношилдог. Үүний дотор шигдээс буюу судас бөглөрсний улмаас тархинд цус хомсрох эмгэг дийлэнх хувийг эзэлж байна. Гэтэл ийм өвчтэй хүмүүсийг СТ-аар оношлох боломж маш бага. Аппаратынхаа хүчин чадлыг нэмэгдүүлээд, өвчтөний судсаар тодруулагч бодис тарьсан ч оношлоход төвөгтэй. Энэ өвчний шинж тэмдэг илэрмэгц яаралтай MRI-д харж, цаг алдалгүй эмчилснээр тухайн хүний тавиланг шийднэ. Шигдээс эхний шатандаа СТ-аар харагддаггүй. Харин 1-3 хоногийн дараа урхаг оношлогддог. Харамсалтай нь тухайн үед өвчтөнийг эмчлэх боломж бараг үгүй. Тиймээс хүн амын дунд түгээмэл тохиолддог эл өвчнийг цогцоор нь оношилж, эмчлэхэд MRI аппарат зайлшгүй шаардлагатай. Төсвөөс нийлүүлэх сураг дуулгасан ч одоохондоо шийдсэн зүйл алга” гэж ярив.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны хуралдаанаар III шатлалын эмнэлгүүдэд MRI, СТ худалдан авахад шаардлагатай зардлыг төсөвт тусгах гэж бөөн асуудал үүсгэснийг санав. Гишүүд “Энэ MRI, СТ гэдэг нь тусдаа оношилдог хоёр өөр аппарат уу, эсвэл нэг зүйл үү. Аль нь хамгийн чухал юм бэ” гэж хэлээд онигоонд орж билээ. Тэд одоо болтол энэ хоёрынхоо учрыг ойлгоогүй л яваа бололтой дог, өдий болтол шаардлагатай газраа аппарат байхгүйг харахад. Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн бүртгэлийг харвал улсын хэмжээнд ГССҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт л MRI буйг мэдэж болно.

Дээрх хоёр аппарат физик чанарынхаа хувьд ялгаатайг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. СТ нь рентген туяа (маш хүчтэй)-ны тусламжтайгаар олон дахин зүслэг хийсний дүнд хар, цагаан хоёрхон дүрсээр оношилдог. Харин MRI нь соронзон орныг ашиглан, хүний биеийн бүх молекулын хөдөлгөөнийг мэдэрч, олон янзын хэлбэр, дүрсээр онош тодруулдаг, орчин үеийн дэвшилт технологи юм. Булчин өөх, завсрын эд, эс бүгдийг маш нарийн шинжилж, дүрсэлдгээрээ СТ-аас хэд дахин илүү. Өдгөө Улсын гуравдугаар төв эмнэлэгт буй ганц СТ-ынх нь хүчин чадал ч учир дутагдалтай аж. Оношилгооны чадавхыг нь дээшлүүлэхэд шаардлагатай программ хангамж байхгүй. Түүнийг нь нэвтрүүлье гэхээр бараг аппарат шинээр худалдаж авах хэмжээний өртөгтэй тул эмнэлгийн нөөц бололцоо хүрэлцэхгүй гэж Э.Соёл-Эрдэнэ эмч хэлэв. Хэдийгээр эмч, инженер техникчдийнх нь ур чадвар сайн ч аппаратын хүрэлцээ, хүчин чадал, ажилтнуудынх нь хангамж муу, хүн хүч дутмаг байгааг тэрбээр давхар тодотгосон. Дүрс оношилгооны тасгийнхан 24 цагаар, ээлжгүй ажилладаг ч заримдаа өвчтөнүүдийнхээ оношилгооны зургийг ч боловсруулах завгүй, дараалал ихтэй байдаг гэнэ.

Цус харвасан хүмүүсийг онош тодруулах, учир шалтгааныг нь тогтоох гэж хувийн эмнэлгүүд рүү явуулахаас өөр арга үгүй нь эндээс харагдана. Гэвч тархины шигдээс, цус харвасан өвчтөн их хавагнадаг, даралт өндөр тул хол замд, удаан хугацаагаар тээвэрлэвэл аминд нь халтайг эмч нар хэлнэ лээ. Хүний биеийг удирддаг чухал эрхтнүүдийн мэдрэлийн судлууд хүзүүнээс толгой шилжих уулзварт байрладаг учир хөдөлгөөн хязгаарлах заалттай. Эс бөгөөс амьсгал, зүрх зогсох эрсдэлтэй гэнэ. Дэлхийн харвалтын байгууллагын зөвлөмжид цус харвасан өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд цаг хугацаа шийдвэрлэх нөлөөтэйг онцолсон байдаг. Гэтэл манайд тоног төхөөрөмжийн хангамж муугаас иргэд амиа өгч байгаа нь харамсмаар боловч үнэн.

МХЕГ-ын цөмийн болон цацраг (эмчилгээ)-ийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Баярмаа “2016 онд III шатлалын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хүрэлцээ, хангамжид хийсэн төлөвлөгөөт шалгалтаар Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд төв эмнэлгүүд орчин үеийн, олон нэр, төрлийн эмчилгээ, оношилгооны техниктэй болжээ. 14 эмнэлгийг шалгахад тоног төхөөрөмжийн хангамж 78 хувьтай байсан. Техник хэрэгсэл дутмагаас иргэд хохирсон талаарх шалгалт хийгээгүй” гэж хэлсэн юм. Үүний дагуу Эрүүл мэндийн салбарын өнгөрсөн оны санхүүжилтийг харвал 2016 оныхос 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байв. Жилд дунджаар нийт төсвийн 20.2-43.1 хувийг тоног төхөөрөмж худалдан авах, засаж, сэлбэхэд зарцуулдаг гэх.

Эрх баригчдын авч чадаагүй MRI, СТ-ыг хувийн эмнэлгүүд оруулж ирэн, иргэдэд үйлчилж буй нь сайн хэрэг. Гэвч өртөг өндөртэй энэ шинжилгээг хийлгэх гэж ард иргэд халаасаа хоосолж байна. “Мөнгөн гүүр”, “Медтравма”, “Улаанбаатар сонгдо” зэрэг хувийн эмнэлэгт MRI, СТ-ын шинжилгээний цаг олдохгүй байгаагаас иргэдийн дараалал, өвчний тархалт ямар түвшинд очсоныг харж болно. “Мөнгөн гүүр” эмнэлэгт өдөрт дунджаар цус харвасан 10-20 хүн нарийн шинжилгээ хийлгэдэг. Хувийн эмнэлгүүдийн MRI аппаратын шинжилгээний тариф нэг их зөрөхгүй. Толгойн зураг хамгийн хямд нь 290 мянга, хүзүү, толгойных 450 орчим мянган төгрөг, нуруу, нугастайгаа түүнээс дээш үнэтэй. Энэ мэт “мөнгөгүй бол үхдэг” гажиг тогтолцоо эрүүл мэндийн салбарт цаашид хэдэн жил үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)