“Moon dance”, “Star dance” хамтлагийнхан ДАШТ-д оролцох нь

Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс “Сарны цом 2019” насанд хүрэгчдийн, латин бүжгийн улсын аварга шалгаруулах формейшн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Ес дэх удаагаа болсон уг тэмцээнд 29 хамтлаг, 400 гаруй хос, тамирчин өрсөлдсөн. Насанд хүрэгчдийн УАШТ-д “Moon dance”, “Star dance” хамтлагийнхан шалгарч, Германы Бремен хотод арван хоёрдугаар сарын 9-нд болох ДАШТ-д оролцох боллоо. “Star dance” 2010 онд Монгол Улсаа төлөөлөн, ДАШТ-ий латин америк бүжгийн багийн төрөлд оролцсоноос хойш ийнхүү 10 дахь удаагаа эрхээ авч байна.

Тэмцээний бага насны ангиллын, латин бүжгийн формейшн төрөлд “Moon dance” клубийн “Moon kids” хамтлагийнхан түрүүлж, “UB dance” клубийн “Ариун”, “Moon dance” клубийн “Moon kids-2” хамтлаг хоёр, гуравдугаар байр эзэлсэн байна. Стандарт бүжгийн формейшн төрөлд “UB dance” клубийн “Ариун” хамтлаг тэргүүлсэн бол өсвөр насны, латин бүжгийн формейшн төрөлд Өмнөговь аймгийн “Шидэт бүжиг” клубийн “Шидэт бүжиг”, Төв аймгийн “Magic dance” клубийн “Magic dance” хамтлаг тэргүүлж, удаалав.

Өсвөр насны латин бүжгийн соло формейшн төрөлд тэргүүн байрт “Moon dance” клубийн “Moon girls”, удаах байрт Орхон аймгийн “Өсөх ирээдүй” клубийн “Өсөх ирээдүй”, гуравдугаар байрт “Шинэ Монгол” сургуулийн “Талст” хамтлагийнхан шалгарсан байна.

Тэгвэл байгууллагуудын АШТ-ийг латин бүжгийн формейшн төрлөөр зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр”, ТЦА, ХААН банк, Мобиком, “Голомт” банк зэрэг байгууллагын бүжигчид өрсөлдсөн. Энэ удаа байгууллагуудын стандарт бүжгийн формейшн төрөлд “Голомт” банкны “Хөх давалгаа” хамтлаг тэргүүн байр, ХААН банкны “Аура” хамтлаг дэд байр, “Шинэ Монгол” сургуулийн “Талс” хамтлаг гуравдугаар байр эзлэв.

Сонирхуулахад, “Аав, ээж, би” нэртэй тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. МБСХ-ны хүүхэд, өсвөр насны тамирчин хүүхдүүд аав, ээжтэйгээ хослон бүжиглэж өрсөлдсөн юм. Тэмцээний бага насны, стандарт бүжгийн формейшт төрөлд Г.Цээлээхүү охин Эрхсаран, латин бүжгийн төрөлд Ч.Сувд хүү С.Сайханзаяа, өсвөр насны стандарт формейшн төрөлд “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа охин Энхжингийн хамт тус тус түрүүлжээ.

Бэлтгэсэн: Б.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)