“IPDCtalks” чуулган Монголд анх удаа зохион байгуулж байна

“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран “IPDCtalks: Mongolia” чуулганыг өнөөдөр анх удаа эх орондоо зохион байгуулж байна.

Тухайлбал, ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ хоёр дахь удаагаа тэмдэглэж байна. Тус өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.  Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм.

“IPDCtalks: Mongolia” чуулганаар сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэх 30 эрхэм “Тогтвортой хөгжлийн зорилт” тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавина. 

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “IPDCtalks” чуулганыг анх 2016 онд Парис хотод зохион байгуулж байжээ. Тус чуулган нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Олон улсад аль хэдийнэ танигдсан “TED-X” уулзалтын загвараар зохион байгуулагддаг энэ чуулган нь мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо түүний ач холбогдлыг ойлгуулах бөгөөд энэ нь эргээд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын биелэлтэд шууд нөлөөлөх шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эргэн сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы салбар хуралдаанаар "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг баталсан юм. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох 17 үндсэн зорилго, 169 зорилтууд бүхий түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)