Жуулчдын “луужин” ажиллахаа больжээ

Нэгэн европ эр Улаанбаатарт Төмөрчний гудамж хайгаад нэлээд юм болжээ. Газрын зурагт тодоос тод ийм гудамж бий гээд яах аргагүй тэмдэглэчихсэн байтал дайралдсан хүмүүс мэдэхгүй гээд толгой сэгсрээд буйд тэрбээр ихээхэн гайхаж. Өнөөх зургаа барин, энүүгээр, тэрүүгээр явж явж, аялал жуулчлалын нэгэн компанийн менежертэй азаар таараад, зорьсон газраа хүрсэн байна.

Менежер залуу энэ тухай ярихдаа “Автобусны буудал, гудамжны нэршлийг цэгцэлж, газрын зураг, аяллын чиглэлд тодорхой, ойлгомжтой тэмдэглэх хэрэгтэй. Жуулчид байтугай монголчууд ч төөрөлддөг. Жишээлбэл, Асашёорюүгийн цэцэрлэгийн тэр хавийг Гутлын хоринхоёр, Урт цагааныг Төмөрчний, Жуулчны гудамж гэж нэрлэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Үүнээс болоод гадаадынханд зааж чадахгүй ичгэвтэр байдалд орох нь бий” хэмээн ярьсан юм.

Сайх эр шиг газрын зурагт “дөнгүүлсэн” үү, үгүй юү, мэдэхгүй, ямартай ч энд тэнд явж байхад гадаадынхан зураг, ном үзүүлэн юм асуухад түүнд нь хариулж чадахгүй нүүрээ улалзуулсан тохиолдол өчнөөн гардаг юм. Газрын нэр, хаяг, байршил тодорхойлж, олохоос эхлээд жуулчдад бэрхшээл мундахгүй. Ялангуяа хотын аялагчдад ийм зовлон байнга тулгардаг. Дээрх явдал бол зөвхөн ганц л жишээ.

Бид нэг сая жуулчин хүлээж авна гэж сүүлийн жилүүдэд тууштай ярьж, мөрөөдөж буй. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ийм л зүйлээс ажлаа эхлүүлэх хэрэгтэй санагдана. Ирсэн жуулчдыг үргээчихэлгүй, тав тухтай, сэтгэл ханамжтай аялуулахад юу юунаас ч чухал зүйл бол мэдээлэл. “Интернэт байхад юунд санаа зовдог юм” гэж үү. Үгүй дээ. Компьютерын дэлгэцээс мэдээлэл авах, биеэрээ явж үзэх тэс ондоо шүү дээ. Тэгээд ч аяллын үед төлөвлөөгүй зүйлс тохиолдохыг алийг тэр гэх вэ.

Мэдээлэл бол жуулчдад нэг ёсны хөтөч нь юм. Харин жуулчдыг хөтчөөр хангах энэ хариуцлагатай үүргийг Жуулчны мэдээллийн төвийнхөн хариуцдаг. Хаана тухалж, хооллох, ямар үзвэр, үйлчилгээ сонирхох, аль замаар явбал зорьсон газраа хүрэх гээд хэрэгтэй бүх мэдээллээр аялагчдыг хангах нь энэ төвийн гол зорилго учраас жуулчдын луужин гэж ч тодотгодог. Гадаадынхан төдийгүй дотоодын аялагчдад ч тэд луужин болох учиртай. Харин тэд үүргээ биелүүлдэг болов уу. Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор энэ төвийнхний ажлыг “шалгалаа”.

ТЭДЭНД ХИЧЭЭЛ ЗААЯ

Төв шууданд саяхан нээгдсэн Жуулчны мэдээллийн төвд хэд хоногийн өмнө очлоо. 25-30 насных болов уу гэмээр бүсгүй утсаа “маажин” намайг орж ирснийг огт тоосон шинжгүй сууна. Түүнийг ам нээхийг удтал хүлээсний эцэст түрүүлж яриа өдлөө. Эл төвийг өнгөрсөн сарын сүүлчээр “Блью скай”-д үүдээ нээсэн Бусаны аялал жуулчлалын төлөөлөгчийн газар гэж эндүүрсэн би “Танайх БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршлага нэвтрүүлж, мэдээлэл өгнө гэсэн. Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог юм бэ” гэхэд “Ёстой мэдэхгүй. Тэгж дуулаагүй юм байна. Та ямар зорилгоор ирсэн бэ” хэмээн сониучирхан асууж, намайг шалгаалаа. Өөрийгөө танилцуулж, зорилгоо тодорхой хэлэхэд ч тэр “Аан тийм үү” гээд үл ажрах. Төвийн доторхыг шинжин харж нэлээд зогссон ч тэр намайг үл тоосоор.

Тус төвд өчигдөр очиход өөр залуу, бүсгүй хоёр байв. Залуу нь биднийг тосон мэндчилж, “Та ямар тусламж авах вэ. Юу сонирхож байна” гэхчилэн найрсгаар асууж, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулав. Харин хамтрагч нь “Youtube”-ээс дуу сонсон, өнөөх залууг уруу татах. Зэрэгцэн суугаа тэднээс нэлээд хэдэн зүйл асуусан ч бүсгүй нь ганц үг ганхийлгүй, компьютертойгоо нөхөрлөсөн хэвээр.

Тэднийг муухай харагдуулах гэж хичээж, эсвэл мууг нь эрсэнгүй. Энэ бол манай жуулчны төвүүдэд нийтлэг байдаг том дутагдал. Сөүлийн гудамж дахь Жуулчны мэдээллийн төвд өмнө нь хэдэнтээ очиход ч ийм байдал анзаарагдсан юм. Мөн зориод очиход байхаасаа байхгүй нь олон. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, нийслэлийн Засаг захиргааны IV байран дахь төвийнхөн бусдаасаа арай дориун юм билээ.

Мэдээллийн ажилтнуудад бас нэг том дутагдал буй нь ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож буйг нь асуухаасаа урьтаад хүнээ шинждэг. “Та хаанаас явж байна. Ямар хүн бэ” гэхчилэн байцаана. Бараг л “Та энд яах гэж ирсэн бэ. Үнэхээр аялах уу” гэж асуух нь холгүй. Тэнд хүмүүс хооллож, эсвэл унтаж амрахаар очихгүй нь тодорхой шүү дээ.

Гадаадынханд эх орноо, нийслэлээ танилцуулах, сурталчлах, мэдээлэл түгээх гол гүүр, хөтөч нь болдог тэд ийм байж болох уу. Аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн, жилдээ сая сая жуулчин хүлээж авдаг орныхон мэдээлэл, сурталгааны төвүүдэд гойд ач холбогдол өгдөг бөгөөд тэнд ажиллах мэргэжилтнүүдэд ч чамгүй шалгуур тавьдаг гэнэ. Аргагүй шүү дээ. Аялал жуулчлалаас төвлөрүүлөх орлого мэдээлэл, сурталчилгаанаас ихээхэн хамааралтай. Харин манайд үүнийг чухалчилдаггүйгээс үү, эсвэл ойлгодоггүй юү, ийм төвүүдээ ёс төдий л ажиллуулж байна. Мэдээллийн ажилтнууд нь ч харилцааны наад захын соёлгүй. Эсвэл жуулчин гэхээр л гадаад хүнд үйлчлэх ёстой гэж эндүүрдэг юм болов уу.

Гадаадын зарим оронд ийм төвүүд нь жуулчдад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлдэг талаар “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах өмнө нь ярьж байв. Бид мэдээллийн төвүүдээ ийм болгодоггүй юм гэхэд орж ирсэн хүнийг гадаад, дотоодынх аль нь ч байсан найрсаг харилцаж, хэрэгтэй мэдээллээр нь хангадаг болгох хэрэгтэй. Үйлчилгээний байгууллага, тэр дундаа мэдээллийн төвийн ажилтнуудад тавих хамгийн наад захын шалгуур нь энэ билээ. Мэдээлэл, зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг, гарын авлага, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга баялаг, цахим үйлчилгээ нэвтрүүлсэн гээд давуу тал энэ төвүүдэд бий ч дутагдал нь үүнийг “баллуурдсаар” байна.

ЯДАЖ НҮДЭНД ӨРТӨХ ХАЯГТАЙ БОЛ...

Нийслэлийн Аялал жуулчлалын газар таван жилийн өмнө энэ чиглэлээр ажиллах, төрийн хэвшлийн анхны Жуулчны мэдээллийн төв нээсэн. Харин өдгөө энэ нь тавуулаа болсон ч хоёр нь “ажилгүйдэл” зарлаад буйг мэргэжилтнүүд хэлэв. Нийт хүн амын тал хувь нь амьдардаг, манай улсад аялагчдын 90 хувь нь дамжин өнгөрдөг нийслэлд жуулчдыг мэдээллээр хангадаг төв дөрөвхөн байна гэдэг дэндүү чамлалттай. Байгаа хэд нь сэтгэлд хүрэхгүй үйлчилгээтэй гэхээр бүр гонсоймоор.

Манайхан жуулчин авахаа л яриад байдгаас биш, тэднийг татахад ер анхаардаггүй, бодлого, зохион байгуулалттайгаар ажилладаггүйн тод жишээг Жуулчны мэдээллийн төвүүдийн байршлаас харж болох. Бүгд нуугдмал, нүдэнд тэр бүр өртөхгүй хаягтай. Ийм төвүүд хаана байдгийг мэдэх, нэгд нэгэнгүй нэрлэх хүн олдохгүй л болов уу. Байршлыг нь дөхүүлээд “Сөүлийн гудамж, “Улаанбаатар банк”-ны шилэн барилга, Төв талбайн хаана нь Жуулчны мэдээллийн төв бий вэ” гээд ч нэмэргүй. Ийм байхад аялагчид яаж олох вэ дээ.

Гадаадын орнууд жуулчин олноор очдог метро, онгоцны буудал, худалдааны төв зэрэг газарт мэдээллийн төв байгуулдаг жишиг тогтжээ. Бид уг төвүүдээ нүүлгэж, эсвэл тоог нь нэмэгдүүлдэггүй юм гэхэд ядаж нүдэнд өртөх хаягтай болгочихвол...

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ИЛҮҮ СҮЙХЭЭТЭЙ

Аялагчдад луужин болж, мэдээллээр хангах үүрэгтэй ийм төв дэргэдээ байгуулсан жуулчлалын компаниуд цөөнгүй бий. Манай ажлын ойролцоо гэхэд л тав, зургаа байна. Тэд төрийн харьяа мэдээллийн төвүүдээс харьцангуй сүйхээтэй, бодлоготой ажилладаг бололтой.

Байршил, үйлчилгээний соёл, санал болгож буй бүтээгдэхүүн нь ч хавь илүү санагдсаныг нуух юун. Улсын их дэлгүүрт байрлах, нэгэн компанийн харьяа жуулчны мэдээллийн төв олны хөлд байнга дарагдсан харагддаг. Өчигдөр очиход ч тийм л байсан. Хаалгаар хөл тавив уу, үгүй юу, ажилтнууд нь инээмсэглэн угтаж, ямар үйлчилгээ хэрэгтэйг шалгаав. Эднийх байнгын үйлчлүүлэгч олонтой аж.

Төв шууданд ч хувийн хэвшлийн ийм төв байна. Адал явдалт, экстрим аялагчдад хөтөч болдог тус төвийн ажилтан залуу “Бид 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог. Жуулчид ихэвчлэн говийн аялал сонирхож байна. Манайх төв зам дагуу байрладаг нь давуу тал болдог юм” хэмээн ярьсан.

Бүгдэд нь биш ч цөөн төвд очлоо. Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны талбарт хувийнхан илүү сүйхээтэй, санаачилгатай ажиллаж байгаа нь илэрхий байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын харьяа Жуулчны мэдээллийг төвийнхөнд тэднээр хичээл заалгавал гэмгүй санагдав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай