I сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэ нарын ялыг хэвээр үлдээв

ШҮҮХИЙН ТАНХИМААС

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Шүүх хуралд Г.Бум-Эрдэнэ тэргүүтэй долоон шүүгдэгч оролцсон бөгөөд дээрх сургуулийн захирал “Би хахууль аваагүй, хандив л авсан” хэмээн мэдүүлсэн аж.

Тус сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутган АТГ-ынхан өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр баривчлан, шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Бум-Эрдэнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэсэн гэж үзээд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох ялыг нь хэвээр үлдээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)