I сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнийн ялыг хөнгөдсөн гэж үзлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн танхимын өчигдрийн шүүх хуралдаанаар I сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд хэлэлцээд Г.Бум-Эрдэнийг бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан. Мөн бусдыг хахууль авахад хамжигчаар оролцсон гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг нь дээрхтэй адил хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгосон юм. Үүнээс гадна дээрх хүмүүст хахууль өгсөн А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ болон Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг нарыг хамжигчаар оролцсон хэмээн буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг нь тус бүр хоёр жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээсэн билээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүн Г.Бум-Эрдэнэд оноосон ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)