“Hollywood reporter”, “Variety”-гаас Монголын уран бүтээлчдийн тухай унших боломжтой

Жүжигчин, продюсер M.Оргил “Монголын үндэсний кино хороо” ТББ байгуулжээ. 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус байгууллага олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, дэлхийн кино урлагийн салбараас дотоодын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх, кино урлагаар дамжуулан Монголынхоо өв соёл, ёс заншил, түүхийг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлал, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх, дотоодын кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж, олон улсын жишиг кино үйлдвэр байгуулах зорилготой юм.

“Монголын үндэсний кино хороо” нь өнгөрсөн жил дэлхийн 45 улсын 300 гаруй кино хороог нэгтгэсэн “Association of film commissioners international”-ийн албан ёсны гишүүн болжээ. Тус байгууллагад элссэнээр Холливудын тэргүүлэх кино компаниудтай шууд харилцаж, тэдэнд кино зураг авахад шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, жүжигчид, өвөрмөц байршлын нөөц бололцоо зэргийн талаарх мэдээллийг хүргэх боломжтой болсон аж.

“Netflix”компанийн “Марко Поло” олон ангит кино, “Авьяаслаг азиуд” телевизийн төслийн Монголын талын продюсероор ажиллаж байсан М.Оргил “Монголын үндэсний кино хороо”-гоороо дамжуулан Монголын болон олон улстай хамтарсан уран сайхны, баримтат кино, телевизийн контентыг хамтран хэрэгжүүлэхээр зэхэж буй аж. Түүнчлэн Холливудын тэргүүлэх “Hollywood reporter” болон “Variety” сонин, сэтгүүлд Монголын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломж бүрдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)