H1N1 эмзэг “цэг”-ийг онилж байна

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар айсуй. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд “Яана аа” л гэцгээж байна. Учир нь аав, ээж, ах, дүү, элгэн саднаараа уулздаг ганц баяраар золгохгүй байж болохгүй. Зориод очъё гэхээр олны хөлөөс эмээж байна, үнэндээ. Улс даяар ханиад, томуугаар амьсгалж, А хүрээний айхтар вирус дэгдчихээд буй. Албаныхан “Эмнэлгүүдийн орны ачаалал буурч байна” гэх ч тархалт хэвээр. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн эмнэлгүүдэд 75 775 хүн үзүүлснээс 5634 нь томуугийн халдвар авсан байв. Өвчлөгсдийн 56.5 хувь нь дөрөв хүртэлх насныхан гэхээр “хэргийн эзэн” хүүхдүүдийг аначихаад байгаа нь илт.

АНУ, БНХАУ, Хойд Солонгос, ОХУ, Япон зэрэг оронд томуугийн тархалт эрс нэмэгдэж, гахайн ханиад гэгдэх A хүрээний H1N1 вирус давамгайлж буйг ДЭМБ мэдээлэв. Гахайн ханиад гэдэг нь хэд хэдэн төрлийн вирусээр үүсгэгддэг. 1980- аад онд H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 нь ихэвчлэн гахайд халдварладаг байж. Өвдсөн амьтантай ойр ажилладаг хүмүүс анх эл томууг туссанаар хүнээс хүнд халдах болжээ. Энгийн ханиадтай төстэй. Халуурах, ханиалгах, толгой болон хоолой, цээж өвдөж, бие шархирах, чичрэх, сульдах, амьсгал олшрох, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрч, зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө. “Хүний дархлааны систем, биеийн онцлогоос хамаарч хөнгөн болон хүнд тусдаг, аюулт өвчин” гэж эрдэмтэд тодорхойлсон.

Манай улсад 2009 онд A хүрээний H1N1 вирус дэгдэж, 30 хүний аминд хүрч байсныг мартаж болохгүй. Өдгөө улирлын чанартай, томуугийн нэгэн төрлийн вирус болж хувирсан ч өндөр халуурч, өвчин амархан хүндэрч, уушгины хатгалгаа болсоор байна. Хүний амь ч эрсэдсэн. Тиймээс ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах сэрэмжлүүлгийг хүргэв. 0-5, 65-аас дээш насныхан, жирэмсэн эхчүүд, суурь, хавсарсан эмгэгтэй хүмүүс уг вирусээр түлхүү өвчилж, бие нь муудаж буй тул олон нийтийн газраар явахгүй, сар шинийн баяраар хүүхдүүдийг үнсэхгүй байхыг анхаарууллаа.

Тэгэхгүй л бол H1N1 хүмүүсийн эмзэг “цэг”-ийг онилчихоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)