Google “Street View” нээлтээ хийв

Google компани нь “Street View” зураглал болон Google соёлын хүрээлэн, Монголчууд ба дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдын Монгол Улсыг үзэх, судлах аргыг өөрчлөх шинэ санааг Монголд нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна.

Өнөөдрөөс НЗДТГ-ын лац болон тусгай камераар тоноглогдсон Google-ийн машинууд Улаанбаатар хот, хөдөө орон нутаг гээд орон даяар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн түвшний гэрэл зургийг авахаар явж эхлэх гэж байна. Мөн өнгөрсөн зургаадугаар сард авсан зураглалуудыг өнөөдөр дэлхий нийтэд цацаж эхэлсэн юм. Түүнчлэн Google нь Монгол Улсын хамгийн их ач холбогдолтой гурван музейн болон соёлын хүрээлэн хоорондын түншлэлийг зарласан байна. Үүнд, Монгол Улсын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богдхааны ордон музей зэрэг багтжээ.

 Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболдоос, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан олон нийтийн бодлогын Ерөнхий захирал Сузан Пойнтер нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Орчин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс газар зүйн байршил, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран чөлөөтэй хамтран ажиллаж, сурч боловсорч, ажил хэрэг бизнесээ эрхлэх бүрэн боломжтой болж байна.  Дэлхий ертөнцийг бүрхэж буй энэхүү хувьсгалын цаана асар том мэдээллийн дэд бүтэц ажиллаж байдгийн нэг нь Google-ийн платформ юм. Монголчуудтай хамтран ажиллаж Google translate, Google Education, Google Developer чиглэлээр эхэлсэн ажлуудаа Google Street View, Google Culture Institute, Google Art Project, Google World Wonders төслүүдээр үргэлжлүүлж өөрийн мэдээллийн дэд бүтцэд Улаанбаатар хотын мэдээллийг оруулах төслүүдийг эхлүүлж байгаа Google компанид талархал илэрхийлье”  хэмээн онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)