“Doing business” жагсаалтад Монгол долоон байр ухарчээ

Дэлхийн банкнаас жил тутам гаргадаг “Doing busi¬ness-2020” жагсаалтад манай улс өнгөрсөн оныхоос долоон шат ухарч, 190 орны 81 дүгээрт жагсжээ. Хойд хөрш өнгөрсөн оныхоос гурван шат ахиж, 28, БНХАУ 15 байр ахиж, 31 дүгээрт орсон байна. Тус банк бизнес эрхлэх орчныг дүгнэхдээ компанийн бүртгэл, барилгын зөвшөөрөл авах, эрчим хүчний хангамжийн системд холбогдох, өмч бүртгэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар, олон улсын худалдаа, гэрээний биелэлтийг хангах, төлбөрийн чадваргүй байдлыг (дампуурал) хүлээн зөвшөөрөх зэрэг 10 үзүүлэлтийг шалгуур болгодог аж. Дэлхийн банкны илтгэлд тэмдэглэснээр, Европ болон Төв Азийн орнууд сүүлийн нэг жилийн хугацаанд бизнесийн орчноо эрс сайжруулжээ. Тэдгээр бүс нутгийн орнууд 56 шинэчлэл хийж, татварын салбарт хийсэн өөрчлөлтийнхөө тоогоор жагсаалтад тэргүүлэх байр эзэлсэн байна.

Өнгөрсөн жилийнхтэй адил энэ удаагийн жагсаалтын эхний хоёр байрт Шинэ Зеланд, Сингапур оржээ. Хоёр жил дараалан гуравдугаарт жагссан Хонконгийн оронд Дани улс бичигдсэн байна. Эдгээрээс гадна жагсаалтын эхний аравт багтсан, бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудаар БНСУ, АНУ, Гүрж, Британи, Норвеги, Шведийг нэрлэжээ. Өнгөрсөн нэг жилд дэлхийн 115 орны Засгийн газар хувийн салбарт бизнес эрхлэх боломжийг хөнгөвчилсөн 294 шинэчлэл хийсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)