Covid-19-ийн эсрэг вакцины өрсөлдөөн


Коронавирусийн эсрэг гурван ч вакцин эмнэлзүйн туршилтын эцсийн шатандаа гайхамшигтай үр дүн үзүүлж буй талаар хөгжүүлэгч байгууллагууд нь мэдэгдээд байна. Долоо хоногийн дотор шил шилээ даран гарсан дээрх мэдэгдлүүд нь өрсөлдөөн мэт байлаа. Хөгжүүлэгчдийн мэдээлж буй вакцины үр дүн нь хүлээснээс ч давжээ. ДЭМБ-ын шинжээчид 70% -иас дээш үр дүн үзүүлсэн вакциныг амжилттай болсон хэмээн үзнэ гэж байгаа. АНУ-ын эрх баригчид вирусээс дор хаяж 50% хамгаалах вакциныг худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Европын анагаах ухааны агентлаг түүнээс ч бага үр дүн багатай эмийг авч үзэхэд бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн юм.

Дэлхий даяар 1.3 сая гаруй хүний ​​амийг авч одсон цар тахлыг дарахаа амласан гурван вакцины нэгийг АНУ-ын 150 жилийн түүхтэй Pfizer эм зүйн компани гарган авсан BNT162b2 вакцин нь 95% үр дүн үзүүлжээ. Энэ нь маш сайн үзүүлэлт бөгөөд вакцинжуулагдсан 100 хүн тутмын 95-д нь эсрэг биет сууна   гэсэн үг.  Харин “Moderna” компанийн хөгжүүлсэн вакцин 94,5%-иар удаалж байна. Биотехнологийн зах зээл дээр  дөнгөж 10 жил болж байгаа уг компани  ганц ч эм бүртгүүлээгүй аж. Нэг талаас энэ нь гайхаад байх зүйл биш гэнэ. Эл компанийн  бүтээгдэхүүн  зөвхөн матрицан РНХ (рибонуклеинэн хүчил)дээр суурилан боловсруулагдаг бөгөөд энэ технологиор  хийгдсэн эм тариаг  вакцинжуулахад ашиглахыг   одоогоор ДЭМБ дэмжээгүй  байна. Дээрх хоёр бүтээгдэхүүнээс гадна Оросын эрдэмтэд өөрсдийн боловсруулсан “Спутник V” вакцины өндөр үр дүнгийн талаар мэдэгдсэн. Н.Гамалеигийн нэрэмжит халдвар, микробиологийн үндэсний судалгааны төвийн хөгжүүлсэн уг вакцин шинэ төрлийн коронавирусээс 92% хамгаалах аж. “Спутник V” вакциныг хөгжүүлэгч байгууллага нь Америкийн “Pfizer” компанитай адил зуу гаруй жилийн түүхтэй. Харин ялгаа нь тус вакцин улсын төсвөөр бүтсэн ба судалгааны төв нь ч ОХУ-ын ЭМЯ-ны мэдэлд байдаг төрийн байгууллага юм. Харин “Спутник V”-ны хөгжүүлэгчид эмнэлзүйн туршилтын талаарх мэдээллийг дэлгэх хүсэлгүй байгаа нь шинжээчдийг тус вакцины үр нөлөөнд эргэлзэхэд хүргэж байгаа. Хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг “Moderna” компани өгсөн. Туршилтад орсон 30 мянган сайн дурынхнаас 95 хүн өвчилсөн байна. Гэхдээ тэдгээр 95 хүний 90-д нь плацебо буюу хуурамч вакцин хийсэн аж. Харин үлдсэн 5 хүн нь  маш хөнгөн хэлбэрээр өвдсөн байна. Плацебо буюу хуурамч вакцин гэдэг нь ямар ч нөлөө үзүүлдэггүй тариа. Хүний сэтгэл зүй вирусийг хэрхэн эсэргүүцдэгийг үзэх зорилгоор энэхүү тариаг хийдэг аж. “Pfizer” компанийн туршилтад 40 мянган хүн ороцлсоноос 170 хүн өвдсөн. Тэдгээр 170 хүний  8 нь л  жинхэн вакциныг хийлгэжээ. Харин Оросын вакцины тухайд гэвэл зөвхөн 20 халдварын үр дүнд үндэслэсэн аж. Тэдний хэд нь жинхэнэ вакцин хийлгэсэн нь тодорхойгүй. 92 хувийн үр дүнтэй гэж дүгнэхэд хүргэсэн нарийн ширийн мэдээллийг дэлгээгүй байна. Үүнээс гадна төлөвлөгдсөн  40 мянган сайн дурын ажилтнуудаас зөвхөн 20 мянга нь л “Спутник”-ийн туршилтад  хамрагдсан бөгөөд  мэдэгдэлээ 16 мянган хүний  үр дүн дээр үндэслэн хийсэн нь  туршилтынхаа төгсгөлд уг вакцины үзүүлэлтүүд нилээд өөрчлөгдөж магадгүй гэсэн үг юм.

Эдгээр  гурван вакцины клиникийн томоохон туршилтууд хийгдсээр байгаа бөгөөд ирэх жилийн тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Гэсэн ч  “Pfizer” шинэ жил гэхэд 50 сая тун нийлүүлэхэд  бэлэн гэдгээ мэдэгдсэн. Энэ нь 25 сая хүнд хангалттай аж. Учир нь гурван долоо хоногийн зайтай хоёр тарилгаар вакцинжуулах шаардлагатай юм байна. Уг вакциныг  зургаан оронд (Аргентин, Бразил, Герман, АНУ, Турк, Өмнөд Африк) туршиж байгааг харгалзан үзэхэд тус бүрт ойролцоогоор 4 сая хүнийг вакцинжуулах боломжтой. Гэхдээ энд тээвэрлэлтийн асуудал саад учруулаад байгаа аж.Учир нь “Pfizer”-ын вакциныг маш бага хэмд, тодруулбал - 80 хэмийн хүйтэн орчинд хадгалах ёстой аж. Тус компани вакциныг тээвэрлэхээр хэд хэдэн тээврийн компанийн нисэх онгоц хөлслөхөөр тохирсон гэнэ. Гэвч  одоогоор вакциныг хайрцагандаа 4000 тунгаар савлаж байгаа бөгөөд хайрцагийг өдөрт хоёр удаа л онгойлгож болдог гэнэ. Үүнээс үзэхэд эхний багцыг Нью Йорк, Рио-де-Жанейро гэх мэт зөвхөн мэга хотын томоохон эмнэлгүүдэд илгээх боломжтой юм. Эмнэлгийн жижиг үйл ажиллагаатай газар (хөдөө орон нутагт гэх мэт) хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.Эндээс харахад Оросын вакцин давуу талтай аж. “Спутник” вакциныг хуурай хэлбэрээр үйлдвэрлэдэг тул хойд зүгийн алслагдсан бүс нутаг ч, халуун орнуудад хүргэхэд хялбар аж. Уг шинж чанарыг нь үзвээс Ази, Африк, Латин Америкийн орнууд борлуулалтын гол зах зээл болно гэж таамаглаж болох. Мэдээжийн хэрэг, эрдэмтэд “Спутник”-ийн үр дүнг баталгаажуулсан тохиолдолд шүү дээ. RDIF (Оросын хөрөнгө оруулалтын сан) мэдэгдэж байгаагаар бол “Спутник” вакциныг 50 улс орноос нийт 1.2 тэрбум тун худалдаж авах санал иржээ. Вакцин хоёр тарилгатай учир 600 сая хүн вакцинжуулалтад хамрагдана гэсэн үг. Үүнээс гадна “Спутник V”-ийг Өмнөд Солонгост бас үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа хийгээд жилд 150 сая тунг нийлүүлэхээ амлаад байгаа. “Moderna” компани мөн л вакцинаа ирэх 12-р сарын дунд үеэс эхлэн бөөнөөр үйлдвэрлэнэ хэмээн амлаж байгаа бөгөөд 20 сая тун нийлүүлэх аж. Тус бүрд нь хоёр тарилга хийх тул 10 сая хүнд хангалттай юм байна. Вакциныг хадгалах тусгай нөхцөл үгүй бөгөөд ердийн хөргөгчид нэг сар, хөлдөөгчид зургаан сар хүртэл хадгалах боломжтой аж. 2021 оны эцэс гэхэд тус компани 500 сая тунг гаргахаар төлөвлөөд зогсохгүй үндсэн материал хүрэлцээтэй тохиолдолд жилд бүр 1 тэрбум тун үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.Одоогоор тус вакциныг гадаадын орнууд худалдаж авах талаар яриагүй байна. Вакциныг өөрийн мөнгөөр ​​туршиж үзсэн “Pfizer”-ээс ялгаатай нь “Moderna” компани Америкийн засаг захиргааны  захиалгыг гүйцэтгэж байгаа бөгөөд эмийн судалгааг төсвөөс санхүүжүүлсэн байна. Тэгэхээр вакцин хамгийн түрүүнд АНУ-ын иргэдэд хүрэх бизээ.

Эдгээр  вакцинууд хөгжүүлэгчдийнх нь мэдэгдсэнээр гуравдугаар шатныхаа туршилтаар 90 дээш хувийн  үр дүн  үзүүлэд байгаа анхны гурван бүтээгдэхүүн. Цаашид олон компанийн  вакцинууд гарах нь ойлгомжтой. Цаг хугацааны л асуудал.

Эх сурвалж:BBC


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)