“Costa Concordia” хөлөг онгоц живж, 40 хүн сурагүй болжээ

Италийн Жилиао арлаас холг үй 62 орны 3216 зорчигч тээвэрлэж явсан аялал жуулчлалын “Costa Concordia” хөлөг онгоц өнгөрсөн баасан гаригийн орой усан дор орших хадан цохио мөргөсний улмаас живсэн тухай ВВС дамжууллаа. Осол гарах үед хөлөгт зорчигчдоос гадна багийн 1023 гишүүн байжээ. Одоогийн байдлаар Францын хоёр иргэн, хөлгийн багийн нэг гишүүн нас барж, 40 гаруй хүн сураггүй болсноос гадна 30 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Италийн эргийн хамгаалалтын албаныхан, аврагчид сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа аж. Үүний зэрэгцээ Тоскан мужийн прокурорын газар хөлгийн ахмад Франческо Скеттино, мөн түүний ахлах туслагч Чиро Амбросио нарыг баривчлан эрүү үүсгэжээ. Зорчигчдыг живж буй хөлгөөс буулгахаас өмнө тэд онгоцоо орхисон, хүний амийг санаандгүйгээр хөнөөсөн гэж буруутгаж байна. Усан дор орших хад мөргөсөн онгоцны ёроолд том цоорхой үүссэн, тэр хад газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байсан хэмээн хөлгийн ахмад Франческо Скеттино Италийн телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Онгоцыг эзэмшдэг “Costa Crociere” компанийн ерөнхийлөгч Жанни Онорато хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. “Costa Concordia” онгоцонд Итали, ХБНГУ, Францын иргэдээс гадна орос, солонгос, украинчууд ч байжээ. Хөлөг онгоц Ромоос холгүй орших Чивитавеккья боомтоос хөдөлсөн бөгөөд Савона, Марсель, Барселон, Пальма-де-Майорка, Кальяри, Палермогийн боомтуудаар дайран өнгөр өх ёстой байсан аж. Дашрамд сонирхуулахад, эл хөл өг онгоц 290 метр урт, 31 метр өндөр, 3780 зорчигч тээвэрлэх чадалтай, дотроо дөрвөн усан сан, таван зоогийн газар, 12 уушийн газартай аж. Уг хөлгийг 2006 онд 450 сая еврогоор бүтээсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)