"CONVERSE" Монголд ирлээ

Дэлхийн хамгийн алдартай топ 10 гутлын брэндийн нэгээр нэрлэгддэг “CONVERSE” брэндийн нэрийн дэлгүүр Монголд нээлтээ хийлээ. Тодруулбал, дэлхийд тэргүүлэгч спортын брэндийг Монголд нэвтрүүлдэг "Blue Mon" группийн ээлжит нэгэн бэлэг нь конверс байлаа. 

Maxmall их дэлгүүрийн гуравдугаар давхарт байрлаж, өнөөдөр нээлтээ хийсэн тус дэлгүүрийн арга хэмжээнд “Lemons” хамтлагийн соло гитарчин Тулга 14 жил “чирсэн” "Converse" кеттэйгээ зочлов. Бараг 10 орчим жил угаагаагүй хэмээдэг тэрбээр "Удаан элэгдэх тэр тусмаа халтартаж, шороонд дарагдах тусмаа конверс илүү үнэ цэнэтэй болдог. Учир нь конверсын эдэлгээ, чанарыг илтгэж байгаа болохоор тэр" гэж ярилаа.

Түүнээс гадна нээлтийн арга хэмжээнд даян аварга А.Сүхбат, бодибилдингийн дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгээ, “Камертон” хамтлагийн гишүүд, “Lemons”, “Моханик”-ийн төлөөлөл оролцлоо. Рокеруудын хэдэн арван жил үнэнч явсан ковбой маягийн гутлыг тайлуулж чадсан цор ганц гутал гэдэг утгаараа амьд хөгжмийн төлөөлөл болсон эрхмүүд конверсын нээлтэд соёрхон саатсан нь тэр.

Дашрамд дурдахад, 1908 оноос хойш бүтэн зууны түүх элээсэн конверс кетийг анх санаачлан бүтээсэн эрхмийг Маркус Миллс Конверс гэдэг. Гутлын үйлдвэрт ажиллаж байсан нэр хүнд сайтай менежер 47 насандаа Массачусетс мужийн Малден хотноо "Converse Rubber Shoe" нэртэй компани байгуулжээ. Эхэндээ эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд зориулан өвлийн каучук ултай гутал үйлдвэрлэдэг байсан тэд 1910 оноос өдөр тутмын загварууд гаргах болсон гэдэг. Улмаар 1915 оноос спорт загварын гутал үйлдвэрлэж, 1917 онд Converse-ын алдарт All-star кетийг анх зах зээлд нийлүүлжээ.

1923 он конверсын түүхэнд бас нэгэн чухал цаг үе байв. Нэг удаа сагсан бөмбөгч Чарльз “Чак” Тейлор тус дэлгүүрт орж ирээд, гутлаас болоод хөл нь аймшигтай өвдөж буй тухай гомдолложээ. Харин Конверс түүнд ажил санал болгов. Ингээд худалдагч, дараа нь элчээр ажиллах болж, АНУ даяар конверс кетийг сурталчлах аянд гарсан гэдэг. Нэлээд хожим 1932 онд Тейлорын нэрээр нэрлэгдсэн загвар гарсан нь өдгөө хэрэглэгчдийн хамгийн дуртай загваруудын нэг болсон "Converse Chuck Taylor All-Star" юм. Тейлор 1976 онд нас барах хүртлээ Converse компанид ажиллаж, хувь нэмрээ оруулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)