“Coal Mongolia-2018” чуулга уулзалт технологийн дэвшлийг онцолно

Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор маргаашнаас буюу 2018 оны есдүгээр сарын 4-5 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдана.

Уулзалтад Засгийн газрын гишүүд, яам агентлагийн газрын дарга, мэргэжилтэн, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, худалдаа, тээвэр ложистикийн компаниуд, оператор компаниуд, хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, хайгуул төсөл эзэмшигчид, жуниор компаниуд, техник технологийн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн компаниуд, эрдэмтэн судлаачид оролцох юм.

Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)