CNN-ийн хөтлөгч бүсгүй үнэхээр монгол уу?

"CNN-ийн мэдээний хөтлөгчөөр монгол бүсгүй ажиллаж байна. Бахархаж байна" гэх мэдээ нилээдгүй тарах болсон. Түүнд Ш.Амаржаргал гэх нэрийг "хайрлаад"  буй. Тэгвэл Амара үнэхээр Монгол уу? 

Америкийн сэтгүүлч Амара Уокер (Amara Walker) 2003 онд Өмнөд Калифорнийн их сургуулийг нэвтрүүлгийн сэтгүүл зүй, улс төрийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр төгссөн. Тэрбээр сургуулиа төгсмөгцөө 2003 онд KMIR 6 News-ийн мэдээний хэлтэст ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн Флорида мужийн Майами хотод байрладаг NBC-ийн харьяа WTVJ-т мэдээний хэлтэст болон MSNBC-д дараа нь Чикаго дахь Fox News-т шилжин сурвалжлагчаар ажиллаж байжээ. 2013 онд CNN International-д орж одоо Майкл Холместай хамтран CNN Today-ийн хөтлөгчөөр ажиллаж байгаа аж.

CNN-ийн авьяаслаг бүсгүй 1981 оны 11-р сарын 30-нд Калифорнид төрж бага насаа эцэг эхтэйгээ Лос Анжелесын захын дүүрэгт өнгөрөөжээ. Түүний жинхэнэ нэрийг Сүнь Амара гэдэг. Англи, Солонгос гаралтай. Тэр 1.70 метр өндөртэй. Англи, солонгос, испани хэлээр чөлөөтэй ярьдаг.

Тэрээр жилд дунджаар 87 000 долларын цалинтай. Түүний нөхөр мэс заслын эмч Томас Уокер. Хосууд 2012 оны 4-р сарын 22-ны өдөр Австрийн Зальцбург хотод хуримаа хийж байжээ. Томас Жоржиа муж дахь нэгэн эмнэлэгт гоо сайхны мэс засалчаар ажилладаг. Амара жирэмсэн гэдгээ 2018 оны 1-р сард Твиттер хуудсаараа дамжуулан зарласан боловч одоог хүртэл тэдний хүүхдийн талаар мэдээлэл байдаггүй ажээ.

Тэрбээр 2013 онд хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор "Чикагогийн алдартнуудтай бүжиглэх" -д Ча Ча бүжгийн төсөлд оролцож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)